Шинэ жилийн баярын “настер” ид орж байх үед манай парламент Сонгуулийн хуулиа шинэчилж баталсан. Энэ хуулийг нэг орой баталсан ч нэлээд хэдэн сар гар дамжуулан хэлэлцэхдээ өөр юм гэнэт ороод ирэх сиймхий ч үлдээхгүй байхаар нягталж гараас гаргасан нь дараа ил болсон.

Шинэ хүмүүс, бие даагчид болон жижиг намууд гарч ирэх босго энэ хуулиар улам өндөр болсон байдаг. Нэгэнт хууль батлагдсан, засвар хийх боломжгүй тул гээд гомдогсод эвлэрч шинэ хуулинд зохицож үзэлцэхээр шулуудсан. Үүний нэг дүр зураг бол бие даагч С.Ганбаатар ХҮН-д элссэн явдал байлаа.

 

Харин саяхнаас хууль батлагчид хүсвэл шинэ хуулинд гар хүрээд алдааг нь засчих боломжтой гэсэн яриа гаргах боллоо. Энэ боломж нь ёстой санаандгүй алдаанаас бий болсон гэнэ. Сонгуулийн хуульд уяастай байдаг нэг заалтыг шинэ хуулиа батлахдаа гишүүд гээчихэж.

 

“Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалтыг шинэ хуулинд оруулаагүй. Хууль хэлэлцэж байхдаа гишүүд анзаараагүй өнгөрсөн юмдаг уу даа.

 

Үнэн хэрэгтээ бүгд мэдэж байсан ч нэг их сенсаац болголгүй танхим дотроо дараад үлдсэн бололтой. Шинэ хуулинд жижиг намуудыг хааж боосон, хэвлэл мэдээллийг чангалсан зэрэг хурц шүүмжлэл өрнүүлж эхлэхэд нэг чухал заалтыг оруулахгүй гээснийг олон нийт анзаарсангүй.

 

Ийм нөөц маневр хийж алсын тусгалтай хуулийн цоорхой үлдээх ямар шаардлага байсан нь бараг тодорхой. Энэ нь ирэх өдрүүдэд сонгуулийн хуулинд ямар өөрчлөлт оруулахаас шууд харагдах тул урьдчилан тааж бөөлөх дэмий. Зүгээр л бодит байдлыг харцгаая.

 

Монгол Улс маань 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Энэ их газар нутгаас нийслэл хотод хамаарах нь тун бага. Ердөө 4.7 мянган кв.км нутаг дэвсгэр. Энэ бага зайд нийт хүн амын бараг тал нь буюу 1.3 сая илүү нь чихцэлдэн амьдарч буй. Үлдэх газар нутаг буюу 99.7 хувь нь хөдөө орон нутагт ноогдоно. Энэ уудам зайд 21 аймаг 365 сум гэсэн засаг захиргааны нэгжид хуваагдсан 1.7 сая орчим хүн ам оршин сууж буй. Маш таруу буюу аймаг орон нутгийн нэгж бүрт хүн амын сууршил харилцан адилгүй.

 

Энэ байдлыг харгалзан сонгуулийн тойрог мандатын асуудал яригддаг. Зарчим нь бол энгийн зүйл. Хүн ам ихтэй тойрог олон мандат буюу төрд төлөөлөх элчийн тоо олон байна. Бага талд нь мөн харгалзах мандаттай байна. Гэхдээ хуулиндаа ганц хүн амын тоог бус засаг захиргааны нэгж, газар нутаг зэргийг харгалзан үзнэ гээд олон хамааралтай хийчихсэн. Яг энэ өдрүүдэд бол энэ хуваарилалт зөв буруу гэхээсээ сонгуулийн ялалтад цэг тавьчихаж мэдэх тулсан өөрчлөлтийн тухай яригдаж байна.

 

Ш.Түвдэндорж гишүүн Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн гэх Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт, тойрог, мандатын хуваарилалтыг хэвээр үлдээсэн УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ямар агуулга байгаа талаарх гол хардлага хотын хэдэн мандат дээр төвлөрөөд байна.

 

Одоогийн ил яригдаж байгаа төслөөр бол хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь тойргоос сонгогдох мандатад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр жагсаалтаар сонгогдох мандатыг 28-аас 22 болгон цөөрүүлж, харин тойргийн мандатыг 54 болгон нэмэгдүүлэх тухай тусгасан гэж байгаа. Гэвч үүний цаана нийсэлийн мандатыг нэмэх нүүдэл байгаа гэдэг хардлага сөрөг хүчинд байгаа юм.

 

Нийслэлийн мандатыг нэмэх нь АН-ын нэг том эрмэлзэл болох нь НИТХ-ын дарга Д.Баттулгын гаргасан санаачилгаар илэрсэн. 2008, 2012 оны сонгуулийн жишгээр бол 48 мандатын 14 нь хотоос, 34 нь орон нутгаас байх харьцаагаар хуваарилсан байдаг. Одоо АН-аар овоглосон хувилбараар бол хөдөөнөөс 26, хотоос 50 гишүүн сонгогдохоор байна. Энэ харьцааг МАН яагаад ч дэмжихгүй гэдэг. Энэ өөрчлөлтийг явцуу байдлаар буюу АН, МАН гэсэн хоёр талын сонгуулийн тулааны зураг дээр буулгаж харвал нэг талд нь эргэлт хийж болохоор галын шугам бий болно.

 

2012 оны сонгуулийн тулаанд АН-ыхан нийслэлд илүүрхсэн. Одоо ч давуу байдал хэвээр гэж үзэж буй. Энэ найдлагаа барих юм бол нийслэлээс гарах гишүүдийнхээ боломжийг нэмэгдүүлэх нь АН-ын хувьд амин чухал алхам болно. Өөдрөгөөр төсөөлбөл нийслэлд 100 хувь ялахад хотоос соногдох 22 гишүүн нь жагсаалтын хэдтэйгээ нийлээд бараг 50 болтлоо нэмэгдэнэ. Сонгогчдын шийдвэрт эргэлтийн шинжтэй өөрчлөлт орчихгүй л бол бараг ялчихаж байгаа юм биш үү.

 

Үнэхээр АН дэмжигчдээрээ хотын дошин дээр илүүрхдэг бол одоо зүтгүүлж буй мандатын өөрчлөлтөөр ирэх сонгуулиар ялах боломж нь бараг 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ийм давуу байдлын төлөө олонхоороо дахиад нэг хүч түрээд Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах замаар нийслэлийн 14 мандатыг 22 болгож нэмэгдүүлэх алхмаа эхлүүлж байж болох.

 

Энэ нь болзошгүй болоод байгаа цус нэгт МАН, МАХН хоёрын нэгдлээр бий болох хүчний давуу байдлыг тэнцвэржүүлэх тун чухал нөөц хувилбар.

 

Нийслэлд АН ярих харуулах юмтай нь үнэн. Буянт-Ухаа хорооллоо зурагтаар байнга гаргаад. Сонгууль дөхүүлж үнэ хүргэх гэж зориуд уяад байгаа Түрээсийн байрны болон Ипотекийн зээлийн гэрээг ёслол төгөлдөр батлаад тавдугаар сард нийслэлийн иргэдийн гарт нь өөрсдийн биеэр атгуулчихна. Уулзвар, гудамж төслөө сайн ярьж, зуслангийн шинэ зам дагуу намын фоноо сайн хөшиглүүлж өгнө. Ингээд Үүл баатрынхаа зурагтай плакатыг өмнөө бариад үзээд байхад Нийслэлд төдийгүй Их хуралд сонгогчдын сэтгэл наашаа эргэнэ гэж бүлэг дээрээ санал нэгдсэн бололтой.

 

АН-ын зүгээс малчдад хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, хашаа саравчийг нь барьцаалаад зээл өгөх зэрэг тал засалт хийж байгаа ч хөдөө талд МАН-ын тогтоосон эерэг имидж, засаг захиргаа дамнасан сүлжээ, боловсон хүчний давамгайллыг барахгүй гэдэг үндэслэлийг сонгуулийн түр штабаас нь ч хэлж байгаа болов уу. Үүн дээр Н.Энхбаяр нарыг дэмжигчид МАН-тай хавсрах юм бол хөдөөд бүр хэцүүднэ гэдгийг ч хатуу сануулсан байх.

 

Цаана нь босоо гэх С.Ганбаатар өөр ХҮН болсон. Бие даагч гээд ганц Дарханд бужигнуулаад зогсохгүй тойрог бүрт элч зоогоод хөдөөгөөс чамлахгүй саналыг тасдаад авчихаж мэдэхээр байгаа. Энэ хувилбараар сонгуульд орвол АН эвгүй ойчиж магадгүй гэдгийг улс төр гадарлах хүн бүр хэлнэ.

 

Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 22.4.т “Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно" хэмээн заасан байгаа. Энд заалт дээр намуудын галын шинэ цэг бий болох гээд байна.

 

Оны өмнөхөн санаатай мартсан сонгуулийн хуулийг өөрчилж болох гарцаа ашиглаж дээрх заалтыг АН-д “ашигтай” засварлах буюу жишээлэхэд “...зөвхөн хүн амын тоог харгалзан тогтооно” гэсэн өөрчлөлтийг оруулах зорилготой ээлжит бус чуулган зарлагдаж “нээлээ халаа” гэдгээ давтаж магадгүй боллоо. Энэ нь амжилттай хэрэгжвэл АН-д ялалтын туг арай бодитой харагдаад эхэлнэ.

 

Тойрог мандатын дахин хуваарилалт буюу Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр АН амархан биш гэхэд бараг ялчихаж магадгүй гэсэн сөрөг хүчний түгшүүрийг хуваалцахад ийм байна.

 

Үндсэн асуудлыг том эрх ашгаар яривал хүн амын сууршил шилжилт хөдөлгөөн, түүнд оногдох төлөөллийн байдлыг харьцуулахад Нийслэлийн мандатыг эргэж харах шаардлага бий. Хотын захын хамгийн хүнд орчинтой дүүргийн 100 мянган сонгогчийг супер бензтэй нэг хүн төлөөлөөд байхад 94 мянган сонгогчтой хөдөөний тойргийг 2 гишүүн даагаад байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь хэтэрхий оройтсон ухаарал буюу зөвхөн нэг намын эрх ашгаар тавигдаж, шахуу хугацаанд хийгдвэл суурь өөрчлөлт болж чадахгүй болов уу. Үндсэн хууль болоод засаг захиргааны нэгжийн тухай заалт бусад хуулийн нягт уялдаатай өөрчлөлтөөр яригдах ёстой болно.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/