Саяхан нээлтээ хийсэн “Монголчууд III” цувралыг хэвлэн гаргасан “Адмон” компанийн захирал Р.Энхбаттай ярилцлаа.

-“Монголчууд” номын гурав дахь цувралын онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Энэ ном олон онцлогтой. Тэдгээрээс хамгийн гол нь монголчууд гэж хэн бэ, тэд үүсч бий болсон цагаасаа хойш ямар хүмүүс байж, бусдаас юугаараа ялгарч, ямар итгэл үнэмшил, аж төрөх хэлбэртэй байв гэдгийг тодруулах, бүр цаашлаад тухайн үед юуны тухай хэрхэн боддог байсныг ч гаргах юмсан гэсэн эрмэлзэл байлаа. Мөн бичлэгийн хувьд он дараалал эсвэл үйл явдпыг барьж бичээгүй. Хамгийн сонирхолтой нь, маш их зурагжуулж, дүрсжүүлсэн явдал юм. Ийм төрлийн дорвитой бүтээл урд өмнө гарч байгаагүй, маш эх оронч хамтын бүтээл болсон гэж итгэлтэй хэлмээр байна.

-Та нээлтийн үеэр хэлсэн үгэндээ одоогийн түүх бичлэгт шүүмжлэлтэй хандсан. Түүнийгээ энд тодруулахгүй юү? -“Монголчууд” цувралын эдгээр гурван ботийг хийх явцад манай түүхчид юу хийж байсан юм бол оо гэсэн бодол төрсөн. Яагаад гэвэл хүмүүсийн түүхийн боловсролыг дээшлүүлэхийн тулд бидэнд хийх зүйл маш их хуримтлагдсан байна. Өнөөдрийн түүхчид өөр өөрсдийнхөө сонгож авсан чиглэлүүдээр ажиллаж, өөр хоорондоо ямар ч холбоогүй, салангид, ихэнх нь өдөр тутмын амьдралаа залгуулахын төлөө тодорхой нэг чиглэлийг хувьчилж авсан мэт болжээ.

-Ийм байдлаас болоод өөр хоорондоо түнжингүй, эсвэл мөнгөтэй намд үйлчлэх, энэ нь түүхийг нам хүчний ашиг сонирхолд тааруулан олон янзаар тайлбарлахад хүргэж байна. Ийм байж болохгүй байх аа. Энэ гамшгийн талаар арай тодруулбал...?

-Иймэрхүү байдал бүр гамшгийн хэмжээнд хүрсэн гэж ойлгох хэрэгтэй. Миний болон чиний хүүхдэд хоёр өөр янзаар түүх зааж болох уу. Бид чинь нэг л түүхтэй, гэтэл хүн бүрийн үзэмжээр ярьж дамжуулах асуудал мөн үү гэдэгт бид саналаа нэгтгэх ёстой. Магадгүй олон хүн ардчилал бол хэн юу дуртайгаа ярьж болох, тухайн хүний хувийн үзлийг хүндэтгэх ёстой гэсэн байр суурь илэрхийлнэ. Гамшгийн хэмжээнд гэх наад захын жишээ бол жилийн жилд ихэсч буй есөн шидийн ой тэмдэглэх явдлыг нэрлэж болно. Гэв гэнэтхэн олон ой бөөндөж зарлаад зунжин найр наадам болж бөх барилдуулж, морь уралдуулдаг. Энэ нь төрийн маш чухал ажил болохын хувьд зарлиг тогтоол гарч, зардал чирэгдэл багагүй урсана. Тэгээд олон мянган хүний ажил үрэгдэж, тэд олон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцох хэрэгтэй болдог шүү дээ.

-Түүх бичлэгийн талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Монголд төр байгаа бол Монголын түүхчдэд манай төрд ямар түүх шаардлагатай байгаагаа хэлэх хэрэгтэй. Бид түүхийг ихэнхдээ буруу “огшоосон" бахархал болгож буй нь тун инээдтэй хэрэг. Тиймээс өнөөдөр бидэнд түүхээс чухам юуг илүү ойлгож авах, биднийг бүтээлч үйлсэд хөтлөх түүхийн ямар бахархал хэрэгтэй вэ гэдгийг төрийн жолоо барьж буй хүмүүс түүхчдээр бичүүлэх, улмаар тэдэнд үүрэг болгомоор байна. Гэхдээ үүнийг эсэргүүцэх хүн байж болох юм. Тэгвэл нээлттэй ярилцлагад урья.

-Сая гарсан номын цувралд “Нийгэм журамд давшин орсон нь“ гэсэн дэд гарчиг байсан. Үүний агуулгыг товчхон хэлж өгнө үү?

-1921 оноос өмнө Монголын газар нутаг дээр амьдарч байсан хүмүүс нэг хэлтэй, амьдралын адилхан арга хэлбэртэй гэдгээрээ монголчууд бид нэг ард түмэн гэсэн ойлголт байсан болохоос нэг хамт олон болж чадаагүй байж. Өөрөөр хэлбэл 1921 оноос 1959 он хүртэл монголын түүх юү өгүүлж байна вэ гэвэл, асар богино хугацаанд монголчууд нийгмийн маш их ажил хийж бүтээсэн байна. Эрүүл мэнд, боловсролоос эхлүүлээд нийгмийн бүх салбарууд хүний төлөө, иргэдийнхээ төлөө хийсэн маш олон ажил байна. Өөрөөр хэлбэл бүх хүнийхээ эрүүл мэнд, боловсролд анхаарч, нийгмээрээ урагшлах зорилт тавьсан. Урд нь ийм байсангүй, тархай бутархай малчид өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөгөөд л явдаг байж. Маш их дэвшил гарсан. Энэ бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүмүүс өнөөдөр өөрсдөөрөө бахархах ёстой.

-Аливаа хүний амьдрал улс орны хөгжилд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй. Бид өмнөх үеэсээ суралцах учиртай. Та үүнтэй санал нэг байна уу?

-Өнөөгийн төрийн эрх баригчдад хандаж хэлэхэд нийгмийн бүтээн байгуулалтыг цогцлоож чадсан хүмүүсээс ихийг сурах хэрэгтэй гэж хэлмээр байна. Өнөөдөр үгүйлэгдэж буй нийгмийн чанартай олон ажлыг мөнгөөр биш дэг журмаар хийдэг гэдгээс эхлээд ярих сэдэв зөндөө хөвөрч болмоор байна. Энэ ном бол монголчууд хувиа бодохоо зогсоож, олон нийтийг нийгмийг босгож ирэх ажилд уриалсан ном болсон гэж итгэж байна. Бид зөвхөн гэр орондоо биш хүнлэг сайхан нийгэмд амьдрах ёстой. Бас залуучуудад хандаж хэлэхэд өнгөрсөн үеэ хардаг хэвшсэн ойлголтоосоо салаасай гэж хүсч байна. Улс орныг бүтээн босголцож байсан ахмад үеийнхнээ нэгэнт нуран унасан социализмын үлдэгдэл хэмээн харж, нүүрэн дээрээ худлаа ардчилал ярьсан, эх орончдоор бамбай хийсэн хүмүүсийн үгэнд үнэмшихээ болих хэрэгтэй. Үүнд уриалан дуудсан, сэдэл өгсөн олон зүйл зөвхөн энэ номд л гэхэд хангалттай байгаа. Үүгээрээ би социализмыг магтан дуулж байгаа гэсэн үг огт биш шүү. Ямар ч байсан тэр бодит байдлыг л хэлж байна.

Д.Мөнх