-Бид яагаад үнээ нэмснийг байцаагч нь ойлгож байгаа шүү дээ. Зохицоод л явж байна-

“Нийтийн тээврийн жолооч, кондукторууд хөлжиж, харин зор- чигчид хоосорсоор байна” гэж хүмүүс ярьдаг нь оргүй зүйл биш юм. Валютын ханшаас үүдэж шатахууны болон бусад техник тоног төхөөрөмжийнх нь үнэ өслөө гэхэд том оврын автобусанд төрөөс алдагдал нөхөх нэрээр олон арван саяар тоологдох мөнгө олгож, харин микронууд зорчигчдод амандаа багтсан үнэ хэлж ашгаа олно. Харин ч бүр тэдэнд зам засвараас үүдсэн түгжрэл, шатахууны үнийн өсөлт дарамт болох биш аз болдог гэхэд хилсдэхгүй байх. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдэнд үнээ дураараа өсгөж илүү ашиг олох дөрөө болдог ажээ. Үүнийг зохицуулах үүрэг бүхий нийслэлийн Нийтийн тээврийн газар /ННТГ/-ынхан нүдэн балай, чихэн дүлий, харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй мэт таг дуугүй суудаг нь нууц биш. Сүүлийн үед валютын үнэ өссөнөөр иргэдэд дарамт, нийтийн тээврийнхэнд ололт болоод буй талаар иргэдийн гомдол тасрахгүй байгаа юм. Тухайлбал, “Нарантуул” захаас хүн тээвэрлэдэг микронууд ердийн үед мянга, оройхон болохоор 2000-2500 төгрөг болгон нэмдэг гэнэ. Уг мэдээллийн дагуу “Нарантуул” зах орлоо. Үнэхээр тэд ёстой л даварна гэдэг болж байв. Баянхошуу, Хархорин, Яармаг, Нисэх гэх мэт холын шугамын бүх микро автобус мянган төгрөгөөр хүн ачиж байлаа. “Нийтийн тээврээс үнээ нэмээгүй байхад ингэж болохгүй биз дээ”, “Мянган төгрөг төлөхгүй шүү, авах ёстой мөнгөө л ав”, “Та нар битгий давраад бай, зам түгжрэлтэй гээд үнээ бараг нугалж байгаа нь юу гэсэн үг вэ” хэмээн иргэд бухимдах аж. Энэ үеэр Яармаг чиглэлийн нэг микроны жолооч, кондуктор хоёр “Тэгвэл та нар алхаад яв л даа. Үгүй бол таксиндаа суу. Манайх явахаа болилоо, бууцгаа” хэмээн зорчигчдыг хөөж буулгав. Гэтэл арынх нь микро ч “Манайх бас мянгаар ачна, ер нь бүх унаа мянган төгрөг болсныг мэдээгүй байгаа юм уу” хэмээн омогдож гарлаа. Улмаар тэднийг ойр хавийн микроныхон “Явбал яв, үгүй бол зай тавьж замаас зайл” гээд золбин нохой хөөж буй мэт зандарч гарав. Тиймээс зарим зорчигч аргагүйн эрхэнд микронд нь сууж буй харагдав. Эл байдлыг бид алсаас хэсэг ажигласны эцэст жолооч нартай очиж уулзсан юм. 

ТЭГВЭЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУЛГААД ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ АРИЛГАЧИХ 
Сониноос явж буйгаа жолооч нарт хэлж, баримт бичгээ үзүүлэн, яагаад үнээ мянган төгрөг болгосон учрыг тодрууллаа. Гэтэл тал бүрээс “Та нар тэгвэл шатахууны үнийг буулгаад замын түгжрэлийг арилгачих. Чадахгүй бол бидэнтэй юм яриад яах вэ” гэв. Зарим нь бүр “Бид хэдэн төгрөгөөр хүн тээвэрлэх нь чамд хамаагүй” гээд бараг л зодох шахав. Энэ үеэр зорчигчид бидэнд хандаж дараах гомдлыг мэдүүллээ. Микроныхон өдрийн цагаар мянган төгрөгөөр хүн тээвэрлээд бараг сар болж байгаа аж. Харин зах тарахын үед тэд ирэхгүй уддаг бөгөөд хүмүүс бөөгнөрч хүлээдэг гэнэ. Ингэсээр бараг 2-3 машин дүүрэх хүн цугласны эцэст нэг микро автобус ирж “2000 төгрөгөөр явна шүү” гэдэг байна. Шөнө болж байхад нийслэлийн захын хорооллын иргэд “Нарантуул” захаас алхаж харилтай нь биш хэчнээн эсэргүүцэв ч аманд нь унахаас өөр аргагүй байдаг аж. Зарим нь бүр 2500 төгрөгөөр ч тээвэрлэдэг гэнэ. Хэрэв суухгүй бол таксинд суу гэдэг ч такси нь 3-4 мянган төгрөгөөр явдаг байна. Уг нь тус захад нийтийн тээврийн байцаагч ажилладаг ч ойр хавьд харагдсангүй, сураглаад ч олдсонгүй. Ийнхүү биднийг ярилцаж байхад бухимдсан иргэд микроны гадна талд бичээстэй нийтийн тээврийн утсаар холбогдон гомдол мэдүүлж байв. Тэдэнд “За ойлголоо, холбогдох байцаагчид нь мэдэгдье” гэж хэлээд утсаа салгах аж. Эхний иргэн гомдол мэдүүлээд цаг орчим болоход нэг ч байцаагч ирсэнгүй. Зөвхөн энэ удаад ч тэд гомдол гаргаж буй биш гэнэ. Бараг өдөр бүр үнийн маргаан гарч ННТГ уруу ярьдаг ч энэ асуудал шийдэгдэхгүй байгаа ажээ. Нэгэн жолоочоос “Ер нь эндхийн байцаагч та нарыг үнээ дураараа нэмлээ нэж торгодог уу” гэж асуухад “Замын түгжрэл газар авч, шатахуун, тос, тосол, дугуйны үнэ нэмэгдсэн. Тиймээс бид яагаад үнээ нэмснийг байцаагч нь ойлгож байгаа шүү дээ. Зохицоод л явж байна” гэж байх юм. Энэ юу гэсэн үг вэ. Зам засвараас, мөн шатахууны үнэ өссөнөөс болж энгийн иргэд хохирох ёстой гэж үү. Уг нь тушаал, шийдвэр гарсан цагт тэд үнээ нэмэх ёстой биз дээ. Хэрэв өөрийн дураар үнээ нэмсэн байвал ННТГ-ын байцаагч тухайн жолооч, кондукторт хариуцлага тооцдог санагдах юм. Гэтэл “Нарантуул” захад хотын дарга болон ННТГ-ын даргаас ч илүү том эрх мэдэлтэй байцаагч ажилладаг бололтой. Хэрэв тийм биш бол “Биднийг үнээ нэмсэн байна гээд хэл л дээ. Тэгээд яахыг нь харъя. Ер нь чамд ямар хамаа байна аа” гээд цээжээ дэлдэх жолооч баймааргүй сэн. Үүнээс харахад тус зах дээр ажилладаг нийтийн тээврийн байцаагчид тэднийг хүлээн зөвшөөрдөг нь илт байлаа. Уг нь тогтсон үнэ нь хаашаа ч явсан 500-600 төгрөг байх ёстой. Нөгөө талаар үнээ нэмж иргэдийг хэл амаар доромжилсон жолооч, кондукторыг үйлчилгээнд явах эрхийг нь хүртэл хасах хуультай. Иргэд “Нийтийн тээврийн байцаагч нь өөрөө эд нараас хувь авдаг байх” хэмээн хардан хэлсэн нь оргүй үг ч биш мэт. Өөрөөр хэлбэл, “Нарантуул” захын микро автобусаас байцаагчид нь татаас авч, үнээ нэмэхийг нь хүлээн зөвшөөрдөг бололтой. Уг нь хэний ч нүдэнд илхэн “Мянган төгрөгөөр явна” гэхийг тэндхийн байцаагч нь бүү хэл ННТГ- ын удирдлагууд ч мэдмээр л юм даа. 

З.ГАЛСАНДОРЖ: МИКРОНУУД ЯВАХ ЁСТОЙ ҮНЭЭРЭЭ Л ЯВЖ БАЙГАА 
Энэ талаар ННТГ-ын Хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга З.Галсандоржоос асуулаа. Тэрбээр “Захын микронууд үнээ нэмээгүй байгаа. Иргэдээс энэ төрлийн гомдол хаа нэг ирдэг ч холбогдох хүнд нь хариуцлага тооцдог учраас зөрчил гардаггүй. Харин мянган төгрөгөөр ачиж байгааг танаас л сонсч байна. Энэ талаар судалж үзье” гэв. Хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга гэгч энэ эрхэм мэдээлэл сонсоогүй, өөрөө ч тус зах уруу очиж үзээгүй ажээ. Санал, гомдол хүлээн авах мэргэжилтэн нь ч энэ тухай даргадаа дуулгадаггүй юм байна. Ядахад “Нарантуул”-аар явж, микрогоор үйлчлүүлдэг ах дүү, хамаатан садан ч үгүй бололтой. Хэрэв байдаг сан бол 1000-2500 төгрөгөөр хүн тээвэрлэж буй даварсан микронуудын тухай дуулгах л байсан биз. Даанч түүнд энэ мэдээллийг өгөх надаас өөр хүн өнөөдрийг хүртэл байгаагүй нь харамсалтай. Тэгэхээр З.Галсандорж даргад “Байцаагч нар чинь захын микроныхонтой үгсэн тохирч, үнийг нь нэмээд ашиг олж байгаа юм биш үү. Та шалгавал ядарсан иргэдийн өмнөөс үнэнчээр шалгаж, үгүй бол тэднээс өөрийн хүртэх хувиа даруйхан олж ав. Таныг мэдээгүй суухад цаадуулын чинь хэтэвч зузаарч гүйцлээ” гэж зөвлөх байна. Үнээ нэмээд сар гаруй болж байхад “Нэмээгүй шүү дээ” гээд сууж буй хүнд өөр юу ч гэж хэлэх билээ. Тэгээд ч “Хэлдэг газар нь хэл л дээ. Чамайг харъя” гээд занхайж буй жолооч байхад иргэн хүний хувьд би хардах эрхтэй.
 
М.НАРАНБОЛД