Өмнөх засгийн сайд нараас шуугиулж буй нэг эрхэм бол БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр юм. Тэр сайд болохдоо Монголын боловсролыг ёстой нэг үсрэнгүй хөгжүүлнэ гэж ам бардам зарлаж байлаа.

Гэвч одоо тэр авилгын муухай хэрэгт холбогдож, түүний сайхан нэртэй төсөл, хөтөлбөрүүд нэг бүрчлэн шалгагдах болжээ. Тэдний дотор алдарт “Кэмбриджийн хөтөлбөр” нь ч бий.

Сүүлийн хэдхэн сарын дотор түүнтэй холбоотой гэх санаанд багтамгүй тоо бүхий санхүүгийн хэргүүд хөвөрсний дотор цахим боловсрол нэрийн дор “Багш нарыг зөөврийн компьютерээр хангах төсөл” олонд их танил болов. Хэд хоногийн өмнө гэхэд л тэр дээрх төсөлтэй холбоотойгоор Хятадын нэг компаниас дугтуйтай доллар авсан гэх шинэ хэрэг гарч ирлээ (http://www.wikimon.mn/content/49722.shtml).

Багшийг компьютержүүлэх төсөл нь нөгөөх олон хөтөлбөр, төслүүдийн нэг юм. Зөвхөн энэ төслөөр 30.000 багшид шинэ компьютер худалдан авахын тулд 46 сая ам.доллар зарцуулах байв. Багшаас гадна түүний үед сурагч бүрийг компьютерээр хангах нүсэр ажил мөн эхэлжээ. Хэрэв сурагч бүрт компьютер өгнө гэвэл 550.000 компьютер худалдаж авах хөрөнгө хэрэгтэй ажээ.

Гэвч цахим боловсрол гэгч нь үнэхээр хэрэгтэй юу? Олон сая ам.доллараар багш, сурагч бүрт компьютер авч өгснөөр Монголын боловсрол сайжрах уу? Ялангуяа монгол хүүхдүүдийн хүмүүжил, ухамсар нь дээшлэх үү? Үүнд бэлэн ам тайлбар өгөвч үнэндээ энэ талаар хийсэн нарийн судалгаа тооцоог нь хэн ч олж үзээгүй байна. Харин сүүлийн үед тэдгээр чанаргүй хэрэгсэл дэлбэрч хүүхдийг хүнд гэмтээсэн гэх сөрөг үр дагавар л дуулдах болжээ.

Дээрх хэргээс үүдэн “боловсролын шинэчлэл” гэгч нь үнэндээ ариун нэрээр халхалсан мөнгөний асуудал уу гэх таагүй сэтгэгдэл олны дунд нэгэнт бий болжээ. Гэтэл хамгийн ноцтой нь, үүний хохирол мөнгө бус, харин “боловсрол” өөрөө юм. Өөрөөр хэлбэл улс орны ирээдүй тэр хэмжээгээр хохирлоо гэсэн үг. Ингэж харвал Ё.Отгонбаярын балгаар боловсролын хөгжлийн 4 жил хий дэмий үрэгджээ.

Тэгвэл дараагийн БШУ-ны сайд Лу.Гантөмөр мөн л бардам амлалтаар ажлаа эхлүүллээ. Гэтэл тэрээр өмнөх сайд Ё.Отгонбаярын “Кэмбриджийн хөтөлбөр”-ийн ажлыг зогсоолгүй үргэлжлүүлсэн төдийгүй “Ном”, “Зөв монгол хүүхэд”, “Авьяас” гэх сүртэй нэртэй хөтөлбөрүүд эхлүүлж хүч хаяж эхэлжээ.

Гэвч шинэчлэл гэж буй дээрх хөтөлбөрүүд нь мэргэжилтнүүдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан бололтой. Тэдний бичсэнээр “Кэмбридж”, “Ном”, “Зөв монгол хүүхэд”, “Авьяас” гэх мэт хөтөлбөрүүд нь өнөөгийн боловсролын хямралыг шийдэх эргэлтийн чанартай шинэчлэлийн арга хэмжээ ерөөс биш гэнэ (http://tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2151-article_20130908_001).

Түүгээр зогсохгүй сүүлийн үед багш нар нэг ангид 50 хүүхэд арай ядан чихдэг сургуулийн ачааллаа шийдэхгүй байж хүүхэд нэг бүртэй ажилла, хөгжүүл гэж үүрэгдэн янз бүрийн хөтөлбөрөөр шахаж байгаад дургүйцэж байгаа ажээ.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө БШУ-ны сайд Лу.Гантөмөр бидэнд танил болсон мөнөөх цахим боловсрол нэрийн дор бас нэг нүсэр хөтөлбөр эхлүүлжээ (http://news.gogo.mn/r/128522). Энэ төслийн нэр “Цахим оюутан”. БШУ-ны сайд Лу.Гантөмөр, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа болон бусад талууд албан ёсоор гарын үсэг зурснаар тус хөтөлбөрийн үйл ажиллагаа энэ долоо хоногт эхэлж байна.

“Цахим оюутан” хөтөлбөр нь хөнгөлөлттэй зээл гэгчээр дамжуулан 2013-2014 онд их, дээд сургуулийн оюутан бүрийг шинэ таблетаар хангах ажээ. Энэ бол маш том тоо гэдэг нь тодорхой байна. Учир нь Монголын их дээд сургуулиудад 170.000 оюутан суралцдаг юм. Гэхдээ цахим хөтөлбөр нь зөвхөн их дээд сургуулиар хязгаарлагдаагүй гэнэ. Өдгөө дунд сургуулиудыг ч цахимжуулах ажил ид явагдаж байгаа ажээ.

Гэвч асар их өртөг бүхий дээрх төслүүдийн үндэслэлийг хэдэн зуун хуудас нарийн судалгаа тооцоо бус, мөнөөх хялбархан тайлбар төдийгөөр халхалж байна. Харин түүнээс арай үнэмшилтэй нь боловсрол бус, харин худалдаа наймаа явуулах тооцоотой илүү холбоотой байв. Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдгийн адилаар дээрх ажлын хүрээнд гадаадаас эд анги оруулж ирж Монголд угсраад зарах ажээ.

Өнөөдөр Монголын боловсролд “монгол хүүхдүүдийн мэдлэг, хүмүүжил, ухамсар дээшлэх үү?” гэдэг асуулт үнэн хэрэгтээ хариултгүй хоцорсоор байна. Харин түүний оронд боловсролын салбарыг хоосон шоу, зусарч магтаал, сурагч-оюутнуудыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургах цалин, хоолны хавтгайрсан халамж төдийгүй адгийн муу авлига хэржээ.

Энэ байдал боловсролд хэр удаан үргэлжлэх вэ? Монголын боловсролыг хөгжүүлэх 4 жил дахин ийм байдлаар өнгөрөх гэж үү? Магадгүй. Харин бидний ирээдүй түүний хор уршгийг тэр хэмжээгээр төлнө гэдэг нь тодорхой юм.

 

Ч.Номун