Шатахууны үнэ нэмэгдээд байвал эдийн засаг төрөлжиж чадахгүй

Шатахууны үнэ нэмэгдсэнээр иргэдийн өдөр тутмын хэрэглээний үнэ нэмэгддэг бол улс орны түвшинд төвлөрөл үүсч эдийн засаг хумигддаг. Дизель, шатахууны үнэ өндөр байх ньзардал өсгөдөг тул иргэд суурин газар руу тэмүүлэхэд хүргэдэг аж. Ингэснээр үйлдвэр, үйлчилгээний газрууд ч гэсэн нэг газарт төвлөрч эдийн засаг төрөлжих боломжийг хаадаг гэдгийг эдийн засагчид онцолж байна. Цаашлаад цөөн салбараас хамаарсан эмзэг эдийн засгийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, Зах зээл ойрхон жижиг орчинд үйлдвэрлэж болох үйлдвэр­лэлийн салбарууд л үүсч эрсдэлд илүү мэдрэмтгий болдог байна. Тиймээс Америкээс эхлээд зарим өндөр хөгжилтэй орнууд хүн амын төвлөрлөөс сэргийлэх, эдийн засгаа тэр хэрээр тэлэх зорилгоор  бен­зин, шатахууны үнээ огцом нэмэхгүй байх бодлого барьдаг аж.

Хөтөлбөр хэрэгжих болсон нь

Манай улсын хувьд жилийн шатахууны хэрэгцээ 800 000 тонн байсан бол сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөгжилтэй зэрэгцээд өнгөрсөн онд 1.2 сая тонн болж нэмэгдсэн. Үүнийг дагаад шатахууны үнэ ханш ч гэсэн зогсолтгүй нэмэгдсээр байгаа. Тухайлбал 2003 онд 300 орчим төгрөгийн үнэтэй байсан шатахууны үнэ арван жилийн дотор 5 дахин нэмэгдсэн. тэр дундаа ганц хоёр оронтой тоогоор нэмэгддэг байсан шатахуун 2011 оны тавдугаар сард нэг литр тутам нь 310 төгрөгөөр өсч байв. Тухайн үед холбогдох газрууд нөөц шавхагдан хомсдол үүссэн, ам.долларын ханш өссөн гэсэн тайлбаруудыг өгч байсан юм. Энэ нь нийгмийг бүхэлд нь цочроож, төр засгийн зүгээс бодитой арга хэмжээ авахыг шаардсан ташуур болсон. Тиймээс 2012 оны сүүлээр шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр боловсруулж, 195 тэрбум төгрөгийн шатахуун импортлогчдод жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээл олгоод байна.

Тогтворжуулна гэдэг нь тогтвортой жигд өсөхийг хэлэх үү

Засгийн газраас тогтворжуулах хөтөлбөр зарлаад удаагүй байхад долоо хоногийн дотор шатахууны үнэ 50 төгрөгөөр 2 дахин нэмэгдсэн аж. Үүнийг албаныхан тайлбарлахдаа, 50 төгрөгөөр нэмэгдэж буй нь хөтөлбөрийн үр дүн. Шатахууны үнийг тогтворжуулан гэснээс биш нэг үнэ дээр барих хөтөлбөр биш гэсэн хариултыг өгч байв. Ийнхүү импортлогчид тогтворжуулах хөтөлбөртэй зэрэгцээд 50 төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх болсон байна. Долоо хоногийн дотор 2 дахин нэмэгдэж байгаа нь эрүүл өсөлт, хөтөлбөрийн үр дүн гэж байгаа нь тогворжуулна гэдэг нь тогтвортой жигд өснө гэсэн утгыг агуулахаас өөрцгүй болов.

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ

Тогтворжино гэдэгт найдсан иргэд богино хугацааны 50 төгрөгөөр өссөн шатахууны үнийг цаашид дахин нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүйг ухаарчээ. Гадаад, дотоодын мэдээлэлд чих тавьж, санхүүгийн эрсдэлээ тооцоолон хашир суух аж. Харин Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөр үр дүнтэй байгааг оны эхэнд зарлаж, АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгдлээ гэж мэдээлэж байсан. Түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол 93 бензинийг дотоодын хэрэгцээнд нийлүүлсэн. Сар бүр 10 мянган тонныг нийлүүлж, АИ-92 шатахууны нийт хэрэглээний 25 хувийг эзлэх болсон, шатахууны импорт нэг улсаас хараат байхаа больсон талаар төрийн түшээд ам булаалдан ярьж байлаа. Гэсэн хэдий ч шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн “бор шувуу” иргэдийн явсаар л байсан. Тухайн үед тогтворжуулагч хөтөлбөрийнхөн “Шатахууны үнэд санаа зовох зүйлгүй. Нөөц хангалтай хомсдол үүсэхгүй” гэсэн мэдээллийг өгч байсан. Н.Алтанхуяг сайд ч тэргүүтэй засгийн газрынхан ийм л амлалт өгсөөр ирсэн.  Гэвч бодит байдал, тэдний яриа төө хэр зөрсөн.

Төрөөс хэрэгжүүлсэн 3.8 хувийн хүүтэй 50 төгрөгийн бодлого

Хөтөлбөр хэрэгжүүлэгч нар үнийг тогтворжуулахдаа мөнгө өгөхөд л болно гэсэн ойлголттой байгаагүй баймаар. Хариуцлага, хяналт, шалгалтыг давхар хэрэгжүүлж явах байтал эсрэгээрээ шатахуун импортлогчдыг хамгаалалтад авсан гэж хэлж болохоор хөтөлбөр болжээ. Учир нь хариуцлага, хяналтын талаар яригдах бүрт холбогдох газрууд асуудлыг нэг нэг рүүгээ түлхэх хандлага анзаарагддаг аж. Тухайлбал ШӨХТГ-ын дарга О.Магнай:ОХУ-аас орж ирэх хилийн үнийн өөрчлөлтөөр шатахууны  үнэ литр тутамдаа 210 төгрөгөөр нэмэгдэх байсан. Засгийн газраас  бодлого хэрэгжүүлэн арга хэмжээ авсаны үр дүнд 50 төгрөгөөр нэмэгдэж байна” гэсэн мэдээллийг оны эхэнд хэлж байв. Гэтэл одоо анхнаасаа энэ хөтөлбөрт ШӨХТГ-ийг оролцуулаагүй гэсэн тайлбарыг өгч байгаа юм. О.Магнай дарыг үг “жирэмсэн эмэгтэйн шээх газраас холдохгүй” зөрөх нь энэ аж. Ерөнхий сайд ч гэсэн ниргэсэн хойно хашгирдаг зангаараа нэгэнт өгсөн зээлийг зогсооно гэсэн мэдээллийг хийгээд байна. Хөтөлбөр 3.8 хувийн ашиг харсан төрийн бизнес биш байлтай. Харин уул уурхайн яам “өмнөх” зангаараа нуугдсаар... 

 

Нийтлэлийг бичсэн : Ц.Насанбуян