Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшүүлэх үйл явц ид өрнөж байна. Тус намын даргад нэрээ дэвшүүлэх хүн 250 сая төгрөгийн дэнчин төлж байж нэр дэвших эрхээ олж авах тухай мэдээлэл нийгэмд шуугиан тариад буй.

Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос гаргасан албан ёсны мэдээнд “Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор “Ардчилсан намын даргын сонгуулийн хороо” 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаар Намын даргын сонгуулийн үйл ажиллагаагаа эхэллээ. Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг дүүрэг сумын 339 салбар  хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолыг намын даргын  сонгуулийн хорооноос баталлаа. Тус хороо Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж 12 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл бүртгэх шийдвэр гаргалаа. VI их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сонгуульд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн нэр дэвших эрхтэй. Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалт 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй. Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхэллээ” хэмээн дурдаж, уг мэдээг www.demparty.mn вэб хуудаст нийтлэжээ.  

Гэвч уг вэб хуудаст тэрхүү дэнчингийн талаар албан ёсны мэдээлэл нийтлэгдээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ардчилсан намын их хурлаас АН-ын даргын сонгуулийг удирдан явуулах үүргийг тус намын дарга /асан/ З.Энхболд хүлээж буй бөгөөд намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлэх хүмүүс анкетаа бөглөж, мэдээллээ авах үед 250 сая гэдэг тоо бичигдсэн байсан тухай мэдээлэл гэрлийн хурдаар тархсан нь нэр дэвших сонирхолтой байсан цөөнгүй хүнийг цочролд оруулсан аж. Тухайлбал, Г.Батхүү: “Мөнгөөр бус мөрийн хөтөлбөрөөр урьдчилсан шалгаруулалтаа хийе гэж бид их хэлсэн дээ. 250 сая гэдэг арай л дэндүү байна шүү”, “АН-ынхаа дотоод ардчиллыг сайжруулахгүй бол болохгүй нь ээ гэдэг нь өнөөдрийн дотоод сонгуулийн үйл явцаас харагдаж байна”, Л.Гантөмөр: “Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэдэг нь алхам тутамд л харагдаж байна даа. Юун 250 сая төгрөг вэ....”, М.Батчимэг: “Хэн ямар үндэслэл шалтгаанаар ийм шийдвэр гаргасан талаар намын гишүүд, олон нийтэд нээлттэй тайлбар өгүүлэхийг шаардаж байна! Дэндэж байна”, хэмээн твиттер хуудсандаа жиргэсэн бол, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “250 сая хамгийн бага дэнчин, 2 хүн дэвшвэл тэрбум илүү гарна. Дээр нь сурталчилгааны зардал, бүх аймаг сумдаар явна, нэр дэвшигч гаргана” хэмээн жиргэсэн нь харагдана.

Ардчилсан намын хувьд 2000 оноос хойш намын даргын сунгааг бараг анх удаа зохион байгуулж буй нь энэ юм. Бараг гэдгийн учир нь 2001 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын хооронд сунгаа явагдсан бөгөөд уг сунгаанд М.Энхсайхан хөдөө орон нутагт ялалт байгуулан явж байх үед Р.Гончигдорж гэнэт Дархан, Эрдэнэт зэрэг хот суурин газруудад илт давуу ялалт байгуулж нийт авсан саналын тоо давамгай болсон учир ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан байдаг. Уг сунгааны үед Дархан хотод 8000 хүн АН-д шинээр элссэн тухай мэдээллээр энэхүү ялалтын учиг тайлагдсан байдаг. Ийм гашуун туршлагатай учраас тус намд дахин ийм сунгаа явагдаагүй өдийг хүрчээ. Тийнхүү дараа дараагийн сонгуулиудад ч нэр дэвшигчийг тодруулахдаа ҮЗХ-ны хурлаас шууд нэрийг нь дэвшүүлэн гаргадаг болсон байна.

Одоогийн сунгааны хувьд харьцангуй шударга явагдах магадлал илүү хэмээн гишүүд дэмжигчид нь үзэж байгаа гэнэ. Учир нь, энэхүү сунгаанд нэг салбар хороог 100 хувь хэмээн оноогоор үнэлэх бөгөөд намын даргад нэр дэвшигчдээс хамгийн өндөр оноог салбар хороо тус бүрээс авсан нь ялагчаар тодрох юм байна. Ингээд салбар хороо тус бүрт хамгийн өндөр оноо  буюу илүү их хувьтай санал авсан нэр дэвшигчид ялгаран гарч ирэхэд, тэднээс хамгийн өндөр хувиар санал авч өндөр оноо цуглуулсан нэг хүнийг 2017 оны 2 дугаар сард хуралдах VII их хурлын төлөөлөгчид 50+1 хувийн саналаар батламжлах ажээ. Ардчилсан намын шинэ дарга намаа сонгуульд ялуулсан тохиолдолд ерөнхий сайд болох эрхтэй юм байна.  

Харин Ардчилсан намын даргын сунгаанд саналаа өгөх АН-ын гишүүд нь онлайн бүртгэлд бүртгүүлэн, сүүлийн зургаан сарын гишүүнчлэлийн татвараа төлөх бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тус намын гишүүнчлэлийн татвар нь сард 1000 төгрөг байдаг учир, нэг их хүндрэл учрахгүй байх төлөв ажиглагдаж байна. Гэхдээ цахим бүртгэлээ ямар хаягаар явуулж байгаа тухай мэдээлэл вэб хуудсанд нь харагдсангүй. Ер нь цахим бүртгэлийн цонхоо ч нээгээгүй байгаа юм уу гэмээр санагдлаа. МАН-ын www.nam.mn  вэб хуудаст “цахим нам” хэсэгт нь намын гишүүнчлэлийн бүртгэл хийх цонх ажиллаж байдаг бол АН-ын www.demparty.mn  вэб хуудаснаас ийм цонх хайгаад олсонгүй...

Ер нь улс төрд амжилт олохыг хүсвэл эхлээд мөнгөтэй бай гэдэг зарчим Монголын улс төрд ноёлсоор удаж байна. Улс төрд оршин тогтнохын тулд мэдлэгтэй, зарчимтай, өөрийн гэсэн үзэл бодолтой, багаар ажиллах чадвартай, эх орноо хөгжүүлэхийн төлөө чин хүсэл эрмэлзэлтэй байхаас гадна мөнгөтэй байх хэрэгцээ зайлшгүй гардаг. Тэр ч байтугай сонгогчид мөнгөтэй хүнд нь саналаа өгөх нь давамгай харагддаг. Яагаад вэ?

Мөнгөтэй хүн улсын мөнгө рүү санаархахгүй гэдэг пи ар олон жил явагдсаны үр дүн үү? эсвэл сурталчилгааны явцад мөнгөтэй хүн илүү гоё харагддаг юм болов уу? Ийм асуултыг юуны түрүүнд сонгогчид өөртөө тавьж, хариултыг өөрөөсөө эрэх нь зөв байх.  Гэхдээ мөнгөтэй хүн илүү их сурталчилгаа хийнэ. Мөнгө зарцуулж байж өөрийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэж чадна. Хэдий тийм ч мөнгө бараг зарцуулахгүйгээр хямд төсөр сурталчилгаа хийгээд ялалт байгуулсан нэр дэвшигч цөөнгүй байдаг. Тэд яаж ялсан юм бол? Тэдэнд сонгогчид яагаад санал өгөв хэмээн бүгд гайхдаг ч, эцсийн эцэст тэд ялагч л байдаг.

Тэгвэл Ардчилсан намын даргын сунгаанд хэн хэн нэрээ дэвшүүлж, хэдэн хүний хооронд сунгаа явагдах бол? Тус намын гишүүд хэнд нь илүү их итгэл хүлээлгэж, хэнийг нь даргаараа сонгох бол гэдэг асуултын эцсийн хариу гарахад сар гаруйхан хугацаа үлдлээ. Хэрвээ энэ сунгаа үнэхээр шударга зарчимаар явагдах юм бол, хэрвээ АН-ын гишүүд дотоод сонгуульдаа туйлын идэвхтэй оролцож чадах юм бол, магадгүй намынх нь рейтинг өсөж эрх барьж буй МАН нэлээд сандарч болохыг үгүйсгэх аргагүй.  

Мөнгөөр бүхнийг хэмжих нийгэмд шилжээд бид төдийлөн удаагүй ч, мөнгө эрх мэдэл хоёр салшгүй холбоотой амьдрал дундуур явж байгаа нь үнэн юм. Дөнгөж 90-ээд онд “Хэрвээ та үнэхээр ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?” хэмээн барууны суртал ухуулга нэвт шингэсэн асуултыг үр хүүхэд нь асуухад сэтгэл зүйн гүн цочролд орсон эцэг эхчүүд цөөнгүй байдаг байлаа. Тэгвэл одоо ийм асуултыг өнөөгийн залуус өөртөө тавьж, бусдаас илүү ухаантай гэдгээ нотлохыг хичээж буй билээ.  

Улс төрийн намд аль нэг шатны сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх хүн нийгэмд үнэхээр сайн танигдсан, ирээдүйтэй улстөрч гэдэг нь илт байх тохиолдолд хандив дэмжлэгээр сонгуулийн зардлаа босгож чаддаг. Гэхдээ ховор. Байдал ийм учраас мөнгөтэй л байвал улс төрд хүссэн амжилтдаа хүрч болно хэмээн эндүүрэх үйл явц манай нийгэмд өрнөж байна.  

Мөнгө ба эрх мэдэл, мөнгө ба улс төр хэмээх энэ тойргийг мөнхийн юм шиг санаж яваад хөл алдсан хүн ч цөөнгүй байдаг. Түүнчлэн аливаа эрх мэдэл гэдэг “хугацаатай” болохыг умартан цагаасаа эрт цатгалдан өтлөнги шинж орсон зарим залуусыг харахад хайран санагддагийг нуух юун. Улс төр хэмээх энэ хатуу тоглоом нэг татаж оруулсан хүнээ тавихгүй, байлгаад л байна. Улс төрийн тогооноос өөрийн хүсэл эрмэлзлэлээр гарч чадсан хүн тун ховор. Гарах тохиолдол нь ихэнхдээ ялагдал, бас дахин ялагдал л байдаг.

Харин мөнгийг биш зарчимыг шүтэж, улс төрд явах чиг шугамаа анхнаас нь зөв тодорхойлж чадсан хүний хувьд байдал өөр. Тэд улс төрд тодорхой өөрчлөлт хийх зорилготой орж ирдэг. Зорилго нь тодорхой учраас мөнгө тэгтлээ амин чухал биш. Бас эрх мэдэлд ч хэт шунахгүй байх магадлалтай. Тэд алхам тутамдаа суралцаж чаддаг хүмүүс учир хэрвээ итгэл хүлээлгэх юм бол ажлыг хийсэн шиг хийнэ. Тийм хүмүүс Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөх эсэх нь тун удахгүй тодорхой болох нь ээ.  Ардчилсан намын гишүүд хэнийг даргаараа сонгох бол? Нэр дэвшигчид нь ямар мөрийн хөтөлбөрийг гишүүддээ танилцуулах бол? Ийм таамаг төдий асуултуудаар энэ өдрүүд дүүрэн байна.

Монгол Улсын Улс төрийн намын тухай хуульд аливаа намын гишүүн намын дүрмээр зохицуулсан хэмжээгээр намд татвар өгч болно хэмээн заасан байдаг. Мөн гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно гэсэн заалт ч бий. Үүний зэрэгцээ “Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэсэн заалт байдгийг ч мартаж боломгүй санагдана.

Улс төрийн намын санхүүжилт гэдэг зүйл гишүүд дэмжигчдийнх нь хандиваар л бүрддэг болохоор намын аливаа сонгуульд оролцох нэр дэвшигчээс заавал дэнчин буюу хандив авахаас өөр аргагүй ч юм шиг. Гэхдээ ямар хэмжээгээр вэ гэдэгт хамаг учир нь байна. Өнөөдөр нийгэмд үүсээд буй 250 саяын дуулиан эцэслэгдвэл энэ бүхэнд өгөх хариулт нь тэр болох буй за. Мөнгө ба улс төр хэмээх зүйл ийм л дүр зурагтай байна.

Ц.Оюунчимэг