Сүүлийн үед нийгэмд гарч буй гэмт хэрэг арай л аймшигтай. Хүн амьд явах эрхгүй болчихсон гэхэд бараг л буруудахгүй болж. Монгол хүн бие биенээ үнэлэх үнэлэмж, өөрийн амиа болон бусдын амь насыг юм нь чинээ санахаа больсон бололтой.

Аав нь хүүгээ цаазуурдлаа, амиа хорлолоо, бусдын амийг егүүтгэсэн гэх мэдээлэлүүд цацагдах болсон. Энэ нийгэм чинь нийгэм биш болоод байна уу эсхүл амьдарч буй хүн ард нь хүн биш болж хувирч байна уу гэлтэй. Сонсохооч аймшигтай, харахаас ч нүд халтирмаар хэргүүд өдөр өнжилгүй гарах юм.

Үүнийг нь мэдээллийн хэрэгслүүд мэдээллэх үүрэг хүлээсэн болохоор нийгэмд сэрэмжлүүлэх үүднээс нь хүргэдэг.

Гэтэл сэтгүүлчдийг дандаа хар бараанаар харж байна хэмээн шүүмжлэх улс олон. Уг нь аливаа гэмт хэргээс урьдчлан сэргийлэх гэсэн санаа нь яваад байдаг. Даанч эрүүл хүний ухаанаас гарамгүй үйлдлүүд хэрээс хэтэрч байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 82 дугаар сургуулийн нэгэн сурагч өнгөрсөн баасан гарагт ангидаа тусгай зориулалтын хий цацаж, хүүхдүүдийг хордуулсан ноцтой хэрэг гарчээ.
Хийнд хордсон сурагчид тэр даруйдаа дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 82 дугаар сургуулийн сурагч Д-нь сургууль дээрээ цагдаагийн ажилтны тусгай хэрэгсэлд багтдаг амьсгал боогдуулагч хийг цацсан аж.
Тэрбээр уг хийг нэгэн найзаасаа авсан гэж мэдүүлсэн байна. Түүний найз нь цагдаагийн байгууллагад ажилладаг ахаасаа авсан гэх мэдээлэл бий.  Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Ангидаа хий цацаж бусдын амь насанд заналхийлсэн гэх мэдээллийг бид гадны оронд боллоо хэмээн сонсдог байсан бол дайн дажингүй Монголоосоо сонсож эхлэх нь энэ.

Мөн эх орныхоо төлөө зүтгэе гэж тангараг өргөн албаа хаахаар морддог залуус бас л хорвоог орхин одон ирдэг боллоо сүүлийн жилүүдэд. Өчигдөр өглөө Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч С.Д- гэгч харуулынхаа цэг дээр өөрийгөө бууджээ.

Болсон явдлын талаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтан, ЗХЖШ-ынхнаас тодруулахыг хүссэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав.

Тус аймгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Увс аймгийн Сагил сумаас 2013 оны нэгдүгээр ээлж буюу тавдугаар сард цэргийн албанд татагдаж ирсэн С.Довчин гэх байлдагч өөрийгөө буудсан асуудлыг шалгаж байна. Тэрбээр өчигдөр өглөө үүрээр харуулд гарч байхдаа үүрэг гүйцэтгэж байсан цэг дээрээ сургуулийн сумаар өөрийгөө буудаж шархдуулсан. Өдгөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Бие нь сайн байгаа. Зүүн эгэмнийхээ тушаа сумны шархтай” гэв.

Зарим эх сурвалж “Ар гэрийн асуудлаас болж амиа хорлохыг завдсан” гэж буй бол хууль хяналтын байгууллагынхан “Мөрдөн байцаалтын явцад ар гэрийн асуудлаас болсон уу, эсвэл дарга цэргийн таарамжгүй харилцаанаас болсон уу гэдгийг тогтооно” гэсэн мэдээлэл цацагдаад эхлэлээ.

Хамгийн ойрын жишээ татахад ийм буй. Цаана нь өчнөөн гэмт хэргүүд гардаг. Архи уун агсам согтуу тавьсан, хулгай дээрэм зэрэг тоо тоймгүй хүний санаанд бахдамгүй хэргүүд ар араасаа хөвөрнө. Түүнчлэн Монгол Улсад болж байгаа нийт шүүх хурлын 60 гаруй хувийг гэр бүлийн маргаантай холбоотой хурал эзэлж байгаа тухай албаны хүмүүс хэлж байна. Хэрвээ мэргэжлийн сэтгэлзүйч байсан бол асуудлыг зөвлөх маягаар шийдэж болно шүү дээ. Харамсалтай нь тийм биш учраас залуу хосууд ялих шалихгүй шалтгаанаас болж салж сарниж, амиа хорлож, архинд орж байна гэж хариулдаг болсон.

Бид чинь ямар нийгэмд амьдраад байна аа гэж халагламаар үе олон. Харин тэрхүү асуудлыг л хамгийн зөв, оновчтой тайван замаар шийдэх арга. Үүнээс үүдэн мэргэжлийн сэтгэл зүйч хэр олон бэ гэдэг асуудал гардаг. Дэлхийд хамгийн эрэлттэй 20 мэргэжил дотор Сэтгэл зүйч дээгүүрт бичигддэг. Гэтэл манайд энэ тал дээр мэргэжлийн хүмүүс тун ховор. Сургуулийн төгсдөг ч цөөнхөн хэдэн хүмүүс төгсдөг. Тэд нар нь өндөр үнээр зөвлөгөө өгдөг хэмээн хүмүүс бараг л очдоггүй.Гэхдээ энэ бүгдийн ард нэг асуудал байгаад байх шиг. Стерэсс хэмээх чимээгүй дайн зарлагч. Учир юу гэвэл асуудалгүй хүн гэж байхгүй. Сэтгэл гутрал, бухимдал, шаналал...

Эдгээр үгс танд хэр ойрхон сонсогдож байна. Хүний амьдралд янз бүрийн бэрхшээл, асуудал тохиолддог. Заримдаа түүнээс гарах арга замыг олоход хялбар байдаг бол хааяа энэ бүхнийг орхиод зугтчихмаар ч санагдах үе бий. Гэхдээ өмнөө байгаа саадыг даваад л гарах учиртай. Асуудлаа ганцаараа шийдэж чадахгүйгээ ойлгосон хүмүүс сэтгэлзүйчид ханддаг ч тэд сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэлзүйчийн талаар хангалттай мэдээлэлтэй байдаггүй.  Харин өндөр хөгжилтэй оронд энэ байдал эсрэгээрээ. Тэд бараг л байнга сэтгэлзүйчид хандан зөвлөгөө авч, аливаа асуудлыг шийдэх арга замаа хамтран хайдаг.

Нэгэн Сэтгэл зүйч "Их сургууль төгсөөд бакалаврын зэрэг авсан хүн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эрхгүй. Мастерын зэрэг хамгаалаад, ядаж хоёр жил удирдагч багштай дадлага хийсэн тохиол долд үйлчлүүлэгчтэй ганцаарчлан ажиллана. Энэ бол дэлхийн жишиг. Харин манайд зарим тохиолдолд зөрчигддөг байж магадгүй. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд онол биш таамаг бий. Мэдээж таамаг өөрчлөгддөг учраас бид байнга суралцах ёстой. Сэтгэлзүйчид тухайн хүн гэмт хэрэг хийх болон амиа хорлох тухайгаа нэгбүрчлэн төлөвлөн ярих, эсвэл гэмт хэрэгт холбогдолтой нь тогтоогдсон тохиолдолд хуулийн өмнө тухайн хүний нууцыг ярих үүрэгтэй. Түүнээс бусад тохиолдолд хувийн нууцыг чандлан хадгална" гэж ярьж байсан.

Мөн сэтгэл зүйч Ц.Зэсэнхүү "Манай монголчууд сэтгэлзүйн мэдлэг муутайгаас амьдралаа авч явах асуудал дээр маш их алдаж байна. Энэ нь сэтгэлзүйчидийн тоо цөөн байгаагаас шалтгаалж байгаа боловч, сэтгэлзүйчид хандаж сураагүй нь сэтгэлзүйчид цөөн байхад бас хүргэж байгаа юм шүү. Манай монголын сэтгэл санааны хямралтай хүмүүс нь асуудалаа хүндрүүлэлгүй эртхэн сэтгэлзүйчид хандаж сураагүйгээс амьдралдаа хэзээ ч нөхөшгүй сэтгэлийн гүн шархыг өөрсөддөө үлдээж байна. Миний өөрийн байнгын үйлчлүүлэгчид болон надад захиа бичиж амьдралаа хуваалцаж байгаа хүмүүсээс энэ харагдаж байна. Иймээс залуучуудаасаа гуйхад сэтгэлзүйчид хандаж сураач ээ. Амьдралдаа адлаа гаргахгүй амьдрахын чинь төлөө сэтгэлзүйн салбар гэж том салбар та нарын төлөө байдаг юм шүү. Амьдралын алдааг засаж болдог үнийг аль болох эрт засан залруулна. Төдий чиний эдгэрэх нь амархан байдаг юм" гэлээ.

Тиймээс монгол улсын томоохон байгууллагууд болон цэргийн ангиуд, сургуулиуд өөрсдийн гэсэн сэтгэл зүйчтэй байх хэрэгтэй болох асуудал тулгараад байгаа юм. Харин ард иргэд санаа зоволтгүй өөрсдийн асуудлаа мэргэжлийн хүнд нь хандаж байх ёстой. Эс бөгөөс энэ бүгд сэтгэлийн дарамт болон хувирч амиа хорлох, гэмт хэрэг хийхэд хүргэж буйг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Х.Даваа