“Модель Э.Оюунбилэг байна. Би байдаг л нэг энгийн охин. Сургуулиа төгсөөд бусдын адил ажил хийж байна. Саяхан болж өнгөрсөн “Mongolia’s next top model” тэмцээнд оролцож, багагүй амжилт гаргалаа. Одоо надад тэс өөр ертөнцөд ирсэн юм шиг санагдаж байгаа” хэмээснээр бидний ярилцлага эхлэв. 

Зөвхөн ням гарагт л амрах завтай болдог шаргуу, чадварлаг бүсгүйтэй уулзахаар тавдугаар сургуулийн урд талд байрлах кофе шопыг зорилоо. Түүний амралтын өдөр учир үсээ сүлжиж, нүүрээ хөнгөн будаж, биеийн тамирын хувцас өмссөн байлаа. Ширээн дээр мөстэй кофе, зүсэм бялуутай байх бөгөөд Л.Сарантуяагийн “Тавилан” романыг шимтэн уншиж байв. Үүнийг нь хараад амралтынх нь ганц өдрөөс “хумсалж” байгаа мэт санагдсанаа нуух юун.

Гэсэн хэдий ч хэзээний цэнхэр дэлгэцээр даруу төлөв, хэрсүү гэдгээ баталсан тэрбээр биднийг түвэгшээсэнгүй харин ч инээсээр угтсан юм. Кофе шоп хэтэрхий олон хүнтэй байсан учир олигтой ярилцаж чадах болов уу хэмээн эргэлзэж суусныг нуух юун. Гэсэн ч нэг л мэдэхэд халуун дотно яриа хөвөрч, орчин тойрныг үл анзаарсан юм.

-Дунд болон их, дээд сургуулиа хаана, ямар мэргэжлээр төгссөн бэ. Багадаа ер нь ямар хүүхэд байсан бол гэдэг сонирхол татаад байна? 
-51 дүгээр дунд сургуулийг төгсөж, “Сити” дээд сургуулийг зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжлээр дүүргэсэн. Одоохондоо загвар өмсөгчөөр ажиллаж байгаа. Аав, ээж болон дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Бүх хүний мэдсэнчлэн гэр хороололд. Манай эгч тусдаа гарсан. Эхээс гурвуулаа. 17 жилийн дараа дүүтэй болсон. Уг нь айлын бага, аавын эрх охин байсан юм. Тэгсэн дүү маань төрөөд жийгдсэн дээ (инээмсэглэв). Арван жилдээ хүний нүдэнд өртөхөөргүй жижиг, намхан, туранхай, доожоо муутай хүүхэд байсан.

Есдүгээр ангиасаа хойш гэрийнхнээсээ мөнгө авдаггүй болсон 

Биеийн тамирын хичээл ороход сүүлээсээ тав, зургаад л зогсдог байлаа. Харин сурлагын хувьд гайгүй шүү. Хэл уран зохиол талдаа илүү сонирхолтой. Мөн хөдөлмөр, зургийн хичээл зэрэг бүтээлч зүйлд дуртай.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд аав, ээжийнхээ ятгалгаар ХААИС-д бараа, түүхий эдийн технологичоор суралцсан. Манай гэрийнхний хувьд нэлээд хуучинсаг үзэлтэй. Заавал улсын сургууль төгсөх ёстой гэсэн зарчимтай. Гэхдээ хоёр жил л тэнд сурсан. Учир нь төгсөөд энэ мэргэжлээр ажиллахгүй гэдгээ мэдсэн болохоор сургуулиа солихоор шийдсэн юм. Би өөрөө зочид буудал, зоогийн газрын менежментийг их сонирхдог байсан. Явцын дунд ч бүтэхгүй гэдгийг маань гэрийнхэн мэдэж, “Сити” дээд сургуульд гуравдугаар дамжаанаас шилжүүлэн сургуулиа дүүргэсэн дээ.

-Багадаа нэлээд намхан байсан гэлээ. Хэзээнээс яагаад гэнэт өсчихөв. Танай гэрийнхэн өндөр хүмүүс үү? 
-Есдүгээр ангидаа баруун хөлөө хугалаад хоёр орчим сар ямар ч хөдөлгөөнгүй хэвтсэн. Шагайнаас гуя хүртлээ битүү гипстэй. Хөл эдгэрч, хичээлдээ эргээд ортол бага зэрэг өссөн байсан. Тэрнээс хойш маш эрчимтэй өссөн. Зуны амралт дуусаж, эргээд хичээлдээ орох бүрт өсөөд л. Сүүлдээ ангийхнаасаа хамгийн өндөр нь болчихсон. Хамгийн анх агентлагт ороход миний өндөр 1.76 метр байсан бол одоо 182 болсон. Юунаас болж, яагаад өссөнөө ойлгоогүй. Гэхдээ манай аав ээжийн талынхан мөч урттай, өндөр хүмүүс байдаг.

-Загварын ертөнцөд анх хэрхэн хөл тавьсан бэ. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах бодол бий юү? 
-Наймдугаар ангидаа хэтэрхий туранхайгаасаа ичиж, биеэ нуун нэлмэгэр өмд, цамц өмсөж, эрэгтэйлэг алхдаг, үсээ дагзан дээрээ боодог хүүхэд байсан. Ээж маань намайг эмэгтэйлэг болгохгүй бол болохгүй нь гээд зуны амралтаар “Лэди” төвд явуулсан. Тэгсэн “Лэди” төвд загварын алхаа заасан. Өсгийтэй гутал өмсөөд алхтал манай багш модель болж болох юм гэсэн. Сургуульд загварын тэмцээний удирдамж ирээд, загвар өмсдөг хоёр эгч намайг ороод үз гэсэн санал тавьсан. Тэмцээнд шилдэг 30-д үлдээд хасагдсан.

Тэр үед ер нь бүтэхгүй юм байна гэж бодож байлаа. Удалгүй Азийн модель агентлагаас над руу залгаад, “А” зэрэглэлийн загвар өмсөгчөөр ажиллах санал тавьсан. Арван жилийн хүүхэд байсан болохоор тухайн үед жижиг сажиг зураг авалтад ороод 20-30 мянган төгрөг олчихдог. Сургуулийнхаа хоолны газарт бараг л ганцаараа хоол идээд сууж байдаг баян сурагч байсан. Дараа нь “Андра” агентлагт орж, тэндээс л загвар өмсөгчөөр ажиллах гараа маань эхэлсэн. Дараа нь топ модел Т.Болормаа багштайгаа танилцаж, “Монгол модель”-д орсон. Үүнээс хойш байнгын шоу, зураг авалтад оролцож, жилийн дараа Сингапурын “New model agency”-тэй гурван сарын гэрээ хийж, гадаадад олон зүйл сурч мэдсэн.

-Модель гэж яг ямар хүнийг хэлдэг вэ. “Mongolia’s next top model” тэмцээний үеэр мисс, модель хоёрыг ялгаж салгах хэрэгтэй гэсэн яриа гарсан шүү дээ?
-Модель хүн байнга сайхан харагдаж, өсгийтэй гутал, даашинз өмсөх албагүй. Дэлхийн стандартад моделиуд хамгийн энгийн хэрнээ өөрсдийн гэсэн дотоод ертөнц, үзэл бодолтой хүмүүс байдаг. Модель хүн тухайн дизайнерын хувцасыг тайзан дээр болон зураг авалтын үеэр амилуулах үүрэгтэй. Түүнээс биш энгийн амьдрал дээр өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Гэтэл Монголд олон нийтийн газраар нүүрээ будаагүй явах төдийд хүмүүс үүнийг шүүмжилдэг. Миссүүдийн тухайд бүх хүнд гоо сайхан харагдах ёстой шүү дээ. Манайхан одоохондоо энэ хоёрыг ялгаж салгах болоогүй байх шиг.

-Тэмцээний дараа ажлын санал олон ирсэн үү? 
-Тэмцээн дууссанаас хойш бараг өдөр бүр завгүй, олон загварын шоу, зураг авалтад орсоор байна. Томоохон ажлын тухайд “Дархан минж” компанитай хамтран шинэ каталогийн зураг авалтад орсон. Мөн “Говь” компанид орсон.

 Тэмцээний дараа аягүй мундаг ахаас зүй бус санал ирсэн

-Тэмцээний үеэр олон удаа хасагдах дөхсөн. Тэр болгонд Оргил шүүгч чамайг дараад байх шиг санагдсан. Чамд тийм хандлага мэдрэгдсэн үү? 
-Эхэндээ Оргил шүүгчийг намайг хурцалж, илүү цааш яваасай гэж бодсондоо шүүмжилж байна гэж бодсон. Тэгээд өдөр бүр маш их хичээж, хамаг чадлаа шавхсан. Тиймдээ ч шилдэг гуравт үлдсэн байх. Гэтэл сайжраад байхад Оргил шүүгчийн хандлага огтхон ч өөрчлөгдөөгүй. Яагаад тэгсэнийг нь одоо болтол ойлгоогүй, өөрөөс нь ч асуугаагүй. Нэг үе үнэхээр шантарч, зохион байгуулагчдад тэмцээнээс гарах хүсэлт тавьсан. Яаж ч хичээсэн хандлага нь өөрчлөгдөхгүй учир цаашид хичээх шаардлагагүй гэж бодсон. Гэтэл манай охид болон нэвтрүүлгийн багийнхан яагаад ганцхан хүний үнэмлэмжээр өөрийн хүсэл мөрөөдлөө орхих гэж, дэмжиж байгаа олон хүний итгэлийг бодох хэрэгтэй гэсэн. Үүнээс хойш нэлээд хурцлагдаж, өөртөө итгэлтэй болж, олон зүйлийг сурсан шүү.

-Олны танил болсны дараа мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсээс янз бүрийн санал ирдэг гэж сонссон. Чамд ийм санал ирж байв уу? 
-Загвар өмсөгчдөд тиймэрхүү санал байнга л ирдэг. Чи ингэж амьдрах ёсгүй, сайхан амьдруулаад өгье, хаус, машин авч өгье гэх мэт. Гоё, үнэхээр гоё сонсогддог. Хялбар аргаар олсон мөнгө хүнд юм болдог гэж сонсож байгаагүй. Хүний эрхэнд байснаас өөрийн зовж олсон мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулсан нь дээр гэж боддог. Бусдын адил эрүүл саруул, гар хөлтэй байж хялбар аргаар мөнгө олдог хүмүүсийг өрөвддөг. Тиймээс элдэв янзын саналыг эсэргүүцэж, дургүйцдэг. Тэмцээний дараа аягүй мундаг ахаас нэг санал ирсэн. Нэрийг нь хэлмээр л байна. Гэхдээ хүний нэр төрд халдаад яахав. Сүүлдээ гэр хороололд амьдардаг байж яасан их зантай юм бэ гэж загнасан шүү.

-Гэр хороололд амьдардаг гэхэд чинь олон нийт итгээгүй. Хасагдсаны дараа танайд очиход л хүмүүст итгэл үнэмшил төрсөн шүү дээ? 
-Би агентлагт ороод тав орчим жил болж байна. Энэ хугацаанд манай найз нөхдийн хүрээлэлд намайг хаана амьдардагийг хэн ч мэддэггүй байсан. Гэхдээ энэ бол ичээд, нуугаад байхаар асуудал биш. Тухайн хүний хаана амьдардаг нь тийм ч чухал биш болов уу. Хүмүүсийн сэтгэгдлийг харахад дийлэнх нь “Гэр хорооллын халтар охин. Энэ өрөвдүүлэх гэсэн тэмцээн биш” гэж байлаа. Миний хувьд энэ тухай гаргахыг хүсээгүй.

Нэвтрүүлгийн зүгээс хүмүүсийн буруу хандлага бүхий яриаг засахын тулд гэрт чинь хүргэж өгье гэсэн санал тавьсан. Хэн л өөрийнхөө амьдралыг хүн бүрт дэлгэхийг хүсэх вэ дээ. Энэ мэтчилэн саар яриаг гаргасан хүмүүст хандаж хэлэхэд хүн хаана, яаж амьдрах нь хэнд ч хамаагүй. Хамгийн гол нь биеэ зөв авч явж, зөв хүмүүжилтэй, зөв амьдарч байвал бүх зүйл болно. Гэр хороололд амьдардаг гээд хэн нэгнээр өрөвдүүлэхийг хүсээгүй. Бас нэг яриа гарсан байна лээ. Гэр хороололд амьдардаг гэсэн нь худлаа.

Өөрөө гэртээ байдаггүй. Фэйсбүүк, инстаграмм хуудсандаа дандаа тансаг байшинд авахуулсан зураг тавьсан гэх мэтчилэн. Ямар муухай хүмүүс вэ. Манай эмээ, эгчийнх байранд байдаг. Би тэр хүмүүсийнд байхпаа зургаа авахуулсан шүү дээ. Би гэрт амьдардаг гээд зургаа оруулах албагүй. Гэртээ аав, ээж, дүүтэйгээ галаа түлээд, хоолоо хийгээд, усандаа яваад, дүүгээ цэцэрлэгээс нь аваад амьдарч л явна.

-Гэр чинь хаана байдаг билээ? 
-Манайх дэнжийн 1000-д байдаг. Эндээс маш ойрхон. (V дугаар сургууль)

-Танайх угаасаа тэндхийн айл уу? 
-Манайх 2000 онд Дорнод аймгаас гэр бүлээрээ хотод шилжин суурьшсан. Дөнгөж ирсэнийхээ дараа 25 дугаар эмийн сан хавьцаа эмээгийндээ амьдардаг байлаа. Монгол айлуудын адил гурван өрөө байранд маш олон гэр бүлийн хамт байдаг байв. Оройн хоол болохоор бүгдэд нь нэг аяга хоол ногдохоос илүү гарахгүй. Илүү идэх, эсвэл хоосон хонохгүй тийм л амьдралтай. Хотод дөнгөж орж ирсэн үе манай гэр бүлийн маань хувьд хүнд цаг үе байсан. Аав маань Дорнодоос хот руу явах замдаа авто осолд орж, хүзүүнээс бусад бүх мөчөө хугалж, хагас жил орчим сэхээнд, гурван жил хэвтэрт байсан.

Аав байнгын асаргаанд байсан учир ээж ажил хийж чадахгүй, эгч бид хоёр цэцэрлэгтээ өөрсдөө явж, ирдэг байлаа. Үүнээс болж манай аав, ээж ажиллах насан дээрээ бусад шиг мөнгө төгрөг хурааж амьдрал ахуйгаа дээшлүүлж чадаагүй юм. Аав ээж маань ажил хөдөлмөр эрхэлсэн бол одоогийнх шиг байхгүй л байсан байх. Гэхдээ би ингэж амьдарсандаа огтхон ч харамсдаггүй. Хамгийн гол нь элэг бүтэн, өвчин зовлонгүй байх нь хамгийн том аз жаргал. Мөнгө төгрөгөөр илүү гараагүй ч гэсэн хайран дунд өссөндөө хамгийн ихээр баярладаг.

-Аав нь гэхдээ хөл дээрээ боссон биз дээ? 
-Аав одоо “Шинэ дэлхий” телевизэд харуул хийдэг. Ээж дүүг хараад гэртээ байгаа. Манайх 2005 онд Дэнжийн 1000 руу нүүсэн. Аав гурван жилийн дараа хөл дээрээ босож, нэгэн байгууллагад харуул хийж эхэлсэн. Цалин бага учраас аав, ээж хоёр БНСУ руу ажилд явахаар бүртгүүлсэн. Гэтэл ээж тэнцээгүй. Харин аав тэнцээд, намайг зургадугаар ангид байхад гэрээгээр БНСУ руу явсан юм. 1000 ам.долларын цалин авлаа гэхэд 200-г нь гэр рүүгээ явуулаад үлдсэнийг нь хадгаламжиндаа хадгалдаг байсан. Гурван жилийн дараа гэрээ нь дуусаад хоёр жил хараар ажиллаж байгаад гэнэт баригдаж, Монголд ирсэн. Хадгаламжин дахь мөнгөө очиж авч чадахгүй байсаар байгаад өнгөрсөн. Дараа нь би БНСУ-д очоод шалгаад үзтэл данс нь хаагдчихсан байсан.

Модель хүн байнга сайхан харагдах албагүй

-Үнэхээр харамсалтай зүйл болсон байна? 
-Би есдүгээр ангиасаа хойш гэрийнхнээсээ мөнгө аваагүй. Ажил хийгээд өөрийгөө болгочихдог байсан. Миний их сургуулийн төлбөрийг АНУ-д амьдардаг аавын маань төрсөн эгч төлсөн. Хичээлийнхээ хажуугаар зөөгч хийж авсан цалингаараа гэрийнхэндээ гоё юм авч өгөх нь надад ямар их сэтгэл ханамж өгдөг гээч. Магадгүй ингэж амьдарсан амьдрал илүү амттай, намайг хэрсүү, ухаалаг болгосон байх гэж боддог. Тиймээс л энэ амьдралдаа огтхон ч харамсдаггүй.

-Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ. Найз залуутай юу? 
-Би одоо 22 настай. Өөрийгөө авч явах хэмжээний чадалтай болтлоо хүнтэй суух бодолгүй байна. Нөхөр болох хүнийхээ хамт хүссэн амжилтандаа хүрээд, хүүхэдтэй болж, унах унаатай, дулаахан орон сууцтай, нэг өдөр хоолгүй хонохгүй байх амьдралын баталгаатай гэр бүл болохыг боддог. Найз залуутайгаа үерхээд дөрвөн сар болж байна.

-Цаашдын төлөвлөгөө юу байна. Мэдээж хэрэг орон сууцтай болох талаар бодож байгаа байх? 
-Одоохондоо миний олж байгаа орлого идэж уух, өмсөж зүүхээс хэтрэхгүй байна. Ер нь гадагшаа явахаар төлөвлөсөн. Европ, ялангуяа Герман руу гарах сонирхолтой байгаа. Зорилгодоо алхам алхамаар ойртохын тулд хичээсээр явна. Таван жилийн дараа ийм байшинтай болсон гээд фэйсбүүкт зураг тавих байх. Гэр бүлээ ирээдүйд гэр хороололд амьдруулахгүй ээ.

-Хоол хийхээс өөр ямар хообийтой вэ? 
-Миний хувьд хүнтэй юм яриад байх тийм ч дуртай биш. Ганцаараа байх илүү сонирхолтой. Стрессээ янз бүрийн хоол хийж тайлдаг. Ааваараа хоол хийлгэхийг багаасаа заалгасан. Эгч бид хоёр зураг зурах хообийтой. Эгч интерьер дизайнер, би зураг төслийн хүн болно гэж ярьдаг байв. Тэгсэн аав битгий элдэв янзын юм рүү үсчээд бай гээд болиулсан. Дараа нь хувцас оёж сурсан. Ойр зуурын өөрийнхөө өмсдөг майк, шинэ жилийн даашинз зэргийг оёчихдог. Саяхан ээж бид хоёр оёдлын машин худалдаж авсан. Тэгээд “Монгол модель” агентлагийнхаа эмэгтэй загвар өмсөгчдийн халаадыг оёсон шүү.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.Бямбасүрэн

 

Засгийн газрын мэдээ сонин