Хүн алдаж болно. Алдаад наранд гарч ирчихээд зарим нь  дахиж алдахгүй гэж хичээж байхад цөөн хэд нь улам зэрлэг танхай балмад үйлдэл хийж байна. Тэнсэн харгалзсан, ял хойшлуулсан,  гэмт хэрэг үйлдчихээд эрэн сурвалжлагдаж байхдаа дахин өөр гэмт хэрэг хийж нийгэмд сөрөг үр дагавар үзүүлж байна.

 

Жишээ №1.  Тэнсэн харгалзах ялтай байхдаа удаа дараа хулгай хийсэн

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумд оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Баянхонгор аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 69 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт 1 жил 1 сарын хорих ялаар, уг ялыг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 115 тоот магадлалаар 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, мөн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 104 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Хорчин овогт Адъяадуламын Тэрбиш нь тэнсэн харгалзах ялтай байхдаа гэмт хэрэг хийсэн.

Адъяадуламын Тэрбиш ялтай байхдаа У.Лхагвадоржтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн .... тоот хашаанд байх хохирогч Б.Ц-ийн эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч 6 метртэй хивс 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхгийг тус тус хулгайлан 1683000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн давтан үйлдпээр У.Лхагвадоржтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн .... тоот хашаанд байх хохирогч Б.Ч-ийн эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч 1 хос 2 ширхэг хивс, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан сав 1 ширхэг, сийлбэртэй шатар 1 ширхэг, 2 метртэй хивсэнцэр 1 ширхэг, чулуу толгойтой манан хөөрөг 1 ширхгийг тус тус хулгайлан 360000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан

давтан үйлдлээр У.Лхагвадоржтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ....... тоот хашаанд байх хохирогч Б.Ганболдын түр эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч 6 метртэй хивс 1 ширхэг, 4 метртэй хивс 1 ширхэг, шинэ цагийн цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, ДВД хөгжим, 3 литр 800 грамм ордог ус буцалгагч 1 ширхэгийг тус тус хулгайлан бусдад 470000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...... тоотод оршин суух хохирогч Б.Баянжаргалын эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч айрагны хул 1 ширхэг, плаш уншдаг хөгжим 1 ширхэг, мөнгөн гүцтэй тавиуртайгаа 6 ширхэг мөнгөн рунктэй ком 1 ширхэг, мах шарагч 1 ширхэг, майхан 1 ширхэг, индүкцэн плитка 1 ширхэгийг тус тус хулгайлан 350000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр У.Лхагвадоржтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .....  тоот хашаанд байх Б.Б-ын гэрт хууль бусаар нэвтэрч 780000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хивсийг хулгайлахыг завдсан байна. Түүний энэ үйлдлүүдэд эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Жишээ №2. Хулгайн хэргээр тэнсэн харгалзах ялтай этгээд дөрвөн настай охин хүчиндэв

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 1992 оны 06 дугаар сарын 14-нд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймаг Батсүмбэр сумын ......  газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011.01.03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Эрдэнэжаргалын Сүх-Очир  бага насны хүүхэд хүчиндсэн.

Э.Сүх-Очир нь Дорноговь аймгийн ..... гэх газарт иргэн Л.О-ын  гэрт бага насны буюу 4 нас 6 сар 25 хоногтой О.О-ийг  хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэн бөгөөд “Би тэр үедээ юу болж байгааг мэдээгүй, сүүлд нь ухаарсан, одоо юу болох болдоо гэж бодсон. Муухай хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэж шүүх хурлын танхимд мэдүүлсэн байдаг.

Түүнийг гэм буруутай гэж шүүхээс үзэн 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон.

 

 Жишээ №3. Ял эдлээд гарч ирсэн хүн гэр бүлийнхнээ малын хулгайн хэрэгт “хөлдөө чирэв”

Монгол Улсын иргэн, халх, Есөнбулаг сумын харьяат, 1964 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, ..... тоотод оршин суух, урд нь 1998 оны 04 дүгээр сарын 14, 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолуудаар ял эдэлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  Өөлд овогт Жамъян Ганбаатар банкны мөнгөнөөс бож бусдын малыг хулгайлсан. Энэхүү хэрэгтээ өөрийн эхнэр хүүхдийг оролцуулсан. Тодруулбал Ж.Ганбаатар, П.О, Г.Д нар нь ашиг олох зорилгоор бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ш.С, С.Б нарын 2 тооны тэмээг машин механизм ашиглан хулгайлж нийт 2.400.000 төгрөгийг хохирол учруулсан.

Ж.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Банкны зээл хийх гээд асуудалтай байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой хүүгээрээ Халиун сумын Олонбулагт хүргүүлээд хоёр тэмээ барьж аваад 2 дугаар сарын 1-ний өглөө хүү, эхнэр хоёроо дуудаад тэмээгээ гаргасан. Ийм үйлдэл хийж энэ хүмүүсийг худлаа үнэн зүйл ярьж оролцуулсандаа маш их гэмшиж байна. Өмнө нь хулгай хийж үзэж байгаагүй. Банкны мөнгөнөөс болж ийм зүйлд хүрсэн. Б.Б бид хоёр ах дүүсийн хүүхдүүд тэмээгээ буцаагаад аваачаад өгсөн гэж хэлээд худлаа мэдүүлэг өгүүлсэн. Эхнэр хүүхдээ худлаа хэлж энэ гэмт хэрэгт татан оруулсандаа маш их гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг нь барагдуулсан. Намайг тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Шүүгч, прокурор та бүхнээс уучлал гуйж байна гэв.

Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн Ж.Ганбаатарыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.  

 

Жишээ №4. Ялтай байх хугацаандаа хүн дээрэмдэж хүчин хийв 

Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ....  тоотод оршин суух хаягтай урьд нь

1998 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1231 .2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялд 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж,

2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1 жил 2 сар 19 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 19 хоногийн зарим ял болох 1 жилийг нэмж нэгтгэн, нийт 6 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс 3 жилийн хорих ялыг өршөөн хассан, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 5 сар 5 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Харчин овгийн Бямбадоржийн Отгонсүрэн.

Б.Отгонсүрэн нь урьд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр под станцын хажууд хохирогч Б.П-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон, самсунг эс 1 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, бэлэн 12.000 төгрөг зэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэж 112.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөр хохирогч Б.П-ийн хоолойд үзүүртэй зүйл тулган хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж дээрх под станцын ойролцоох жалга руу чирж оруулан хүчиндсэн байна.

Түүнийг анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэн 6.1 жилийн хорих ялаар шийтгэсэн.

 

Жишээ №5. Хулгай дээрмийн хэргээр ял сонссон этгээд дээрэм, залилан хийв

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

Дорнод аймгийн СДШ-ийн 1993 оны 1 дүгээр сарын 01-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж тэнсэгдсэн,

Дорнод аймгийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2 “б”-д зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дорнод аймгийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар,

Дорнод аймгийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, ялаас хэлтрүүлж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Шарайд овогт Мажигсүрэнгийн Нэргүй.

М.Нэргүй нь урьд хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт иргэн Б.Т-т адуу өгнө хэмээн хууран мэхэлж, 300.000 төгрөг залилан авсан,

мөн бусадтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт иргэн Ж.Ц-ын эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түрийвчтэй бичиг баримт, 30.000 төгрөг зэрэг эд зүйлс дээрэмдсэн,

дангаараа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо иргэн Ш.Э-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 600.000 төгрөг дээрэмдсэн байна.

Түүний энэ үйлдэлд анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ялыг оноож М.Нэргүйг  онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсон байна.

 

Энэ бол зөвхөн сүүлийн нэг сард шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн таван жишээ. Өмнө нь ял эдэлж байгаад гарч ирсэн хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэхдээ улам зэрлэгшиж байгаа нь дээрх хэргүүдээс харагдаж байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан суллагдах дөхөж байгаа ялтанг нийгэмшүүлэхэд анхаарал хандуулдаг гэж байгаа. Хэдийгээр анхаарал хандуулсан ч  өнөөдөр зарим нь ийнхүү онц ноцтой гэмт хэрэг үйлдэж байна.  

Ядаж өнөөдөр хорих ангиудад сэтгэл зүйчийн орон тоо гаргаж ялтнуудыг нийгэмшүүлэх шаардлага байна. Нөгөө талаас ажил мэргэжилгүй, боловсролгүй ялтнуудыг сургаад,  суллагдсан ялтанг ажлын байраар хангавал энэ ийм жигшүүрт хэргүүдийн тоо эрс буурах болно.

Ажил мэргэжилгүй, хийх ажилгүй болохоор ялтан байсан хүн дахин гэмт хэрэг хийхээс өөр гарцгүй болж байна. Тиймээс шоронгоос суллагдсан, тэнсэн харгалзах ялтай этгээдүүдэд анхаарал хандуулж, нэгдсэн бодлого зохицуулалт хийхгүй бол дахин хичнээн хүний эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох нь тооцоолшгүй байна.