Өчүүхэн төдий ч хага­рал үүссэн тохиолдолд голог­дол бүтээгдэхүүн болно гэсэн үг. Үүнээс гадна нарны зайн дэлгэцийг үйлдвэрлэх үед ху­руу­ны хээ гарах, тоос хүрэх төдийд гологдол болдог.

Энэ удаагийн “Үндэсний үйлдвэрлэл” буландаа нарны зайн дэлгэцийг Монголдоо үйлдвэрлэж, Япон Улс руу экспортонд гаргадаг “Санко Соолар Монголиа” компанийг онцоллоо. Хямд зардлаар байгалийн сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэх технологи дэлхий нийтийн чиг хандлага болоод удаж байна. Энэхүү хөгжлийн түүчээ болж 2011 оноос хойш монгол инженерүүд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нарны дэлгэцийг үйлдвэрлэж эхлээд хэдийн зургаан жил болжээ. Бид “Сүлжмэлийн үйлдвэр”-ийн дэргэд байрлах тус компанийг зорьсон юм.

Эднийх нийт 26 монгол ажилтантай бөгөөд жилд арван хоёр МВт буюу 44 мянган ширхэг нарны дэлгэцийг үйлдвэрлэдэг юм байна. Харин сард 1 МВт буюу 3700 ширхэг нарны дэлгэц үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Ийнхүү тэдний үйлдвэрлэсэн нарны зай Японы Фукушима муж дахь 2 МВт нарны цахилгаан станц болон Сайтама мужид 1.9 МВт нарны цахилгаан станц зэрэгт ашиглагддаг аж. Мөн айл өрхийн зориулалттай цахилгаан үүсгүүрийн системд хэрэглэдэг гэдгийг “Санко Соолар Монголиа” компанийн Ерөнхий менежер О.Батгэрэл хэллээ.

Нарны зайн дэлгэцийг үйлдвэрлэхэд гар ажиллагаа багатай ч маш нарийн дараалалтай байдаг юм билээ. Хамгийн эхлээд нарны дэлгэцийн бүрдэл хэсгүүдийг элемент холболтын автомат төхөөрөмжөөр холбоно. Үүний дараа эгнээ холболтын машинд шилжүүлэн нийт 60 ширхэг элемэнтийг тугалган утсаар холбон, 145 градус бүхий ламинаторийн машинд оруулдаг юм байна. Дараа нь нарны дэлгэцийг шалгасан ажилтан чанарын шалгалтуудыг хийж, дамжлагын бүртгэлийн хуудсанд тэмдэглэл хөтлөн баталгаажуулдаг аж. Ингээд дэлгэц хэлбэрээ олж гарсны дараа тугалга хайлуулж, нүх гарган холболтын хайрцаг байрлуулна. Эдгээр шат дамжлагын дараа дэлгэцийг хөнгөн цагаанаар хүрээлэх шаардлагатай. Эцэст нь нарны зайн дэлгэцийг цэвэрлэн, хэмжилт хийнэ. Хэмжилтэд солар симулятор ашигладаг. Энэ дамжлага нь линзнээс 1000 Вт/м2 буюу нарны цацрагтай ижил хэмжээний гэрлийг дэлгэц рүү тусгаж, цахилгааны үзүүлэлтүүдийг хэмжиж батал­гаа­жуулдаг. Ингээд нарны дэлгэцийн дотоод бүтцийн шалгалт руу ордог. Дэлгэцийн туйл дээр урвуу хүчдэл өгч тухайн агшинд дотоод бүтцийн рентген  зургийг авдаг байна. Энэ нь хүний нүдэнд үл харагдах нарийн хагарлыг шалгаж байгаа юм. Өчүүхэн төдий ч хага­рал үүссэн тохиолдолд голог­дол бүтээгдэхүүн болно гэсэн үг. Үүнээс гадна нарны зайн дэлгэцийг үйлдвэрлэх үед ху­руу­ны хээ гарах, тоос хүрэх төдийд гологдол болдог. Иймээс үйлд­вэрийн орчин маш цэвэр­хэн байх ёстой гэдгийг тус үйлд­вэрийн ажилчид хэлсэн юм.  

Японоос илүү чанартай бүтээгдэхүүн  үйлдвэрлэх зорилго тавьжээ

“Хятад шиг бага зардлаар Японоос илүү чанартай бүтээг­­дэхүүн үйлдвэрлэнэ” гэсэн уриатай “Санко Соолар Монго­лиа” компанийг үүсгэн байгуу­лагч залуучууд анх Японд энэ чиглэлээр ажиллаж мэдлэг, туршлага хуримтлуулжээ. Ин­гээд япончуудын итгэлийг олж хөрөнгө оруулалт татахаар болсон байна. Тэдэнд Японы “Санко Сэйки”  компани хөрөнгө оруулахаар болж, Монголд нарны зайн дэлгэц үйлдвэрлэх боломж бүрдсэн түүхтэй. Хөрөнгө оруулагч Японы “Санко Сэйки” компани нь 1964 онд байгуулагдсан бөгөөд 55 нэр төрлийн хөнгөн цагааны хайлшаар нарийн технологи бүхий  роботын жижиг эд анги үйлдвэрлэн Японы Konica Minolta (Оффисийн зориулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч), Mitsubishi denki (Даралтат тоног төхөөрөмж үйлдвэрлэгч), Brother (Хагас дамжуулагч, шингэн кристалл үйлдвэрлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч), Canon (Эмчилгээний болон эм үйлдвэрлэх  тоног төхөөрөмж үйлдвэрлэгч) компаниудад бүтээг­дэхүүнээ нийлүүлэн хамт­ран ажилладаг байна. Энэ том компани Монголын жирийн залуучуудыг тоосон учир нь ажиллах чадвар, итгэлтэй байдал зэрэгт нь татагджээ. Дээрээс нь Монголд үйлдвэрлэл явуулахад ашиглалтын зардал харьцангуй хямд байдаг нь нөлөөлсөн байна. Мөн 2011 онд сэргээгдэх эрчим хүчний бизнес Японд эрчээ авч байсан зэрэг нь монгол залуучуудад хөрөнгө оруулахад нөлөөлсөн байна. Түүнчлэн манай улсад нарны эрчим хүч ашиглах, цахил­гаан үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой нөхцөлтэй гэнэ. Тодруулбал, Монгол орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин их нөөцтэй, түүнийг үр ашигтай ашиглах байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдсэн байдаг. Улсын нийт нутаг дэвсгэрт жилийн 270-300 өдөр цэлмэг, нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Дээрээс нь нарны цацраг чанар сайтай, агаар нь сийрэг тунгалаг учраас цахилгаан үйлдвэрлэх чадамж өндөр байдаг байна. 

 

“Санко Соолар Монголиа” компани 13 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ 

“Санко Соолар Монголиа” компани үйл ажиллагаандаа япон менежментийг удирдлага болгодог бөгөөд чанарын удирдлагын тогтолцоо ISO9001-ийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна. Цаашлаад Европын холбоо, Азийн орнуудад экс­порт­лох зорилгоор олон улсын стандартын “TUV Rheinland Japan” байгууллагын батлам­жийг авч, Японы “NPC Incorporated” компанид үйлдвэрлэсэн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулж байгаа аж. Бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болон дагалдах түүхий эдийг сонгохдоо дэлхийд танигдсан, өндөр чанартай нарны зайн түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм байна. Тухайлбал, нарны зайн үндсэн түүхий эдийг Тайван Улсаас, харин бусад түүхий эдийг Герман, Япон, Малайз зэрэг орноос авчирдаг гэнэ. Эднийх анхны экспортоо 2012 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 10 МВт бүтээгдэхүүн буюу 40 мянга гаруй нарны зайн хавтан Япон Улс руу экспортлоод байгаа гэдгийг тус компанийн ерөнхий менежер О.Батгэрэл мөн хэлсэн юм. Ингэснээр ойролцоогоор 13 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн дотоодын зах зээлд 500 кВт-ын бүтээгдэхүүн нийлүүлсэн аж. Дотоодын гол хэрэглэгчид нь малчид бөгөөд 75, 150 Вт-ийн цахилгаан үүсгүүрийг сонгодог болохыг үйлдвэрийнхэн хэллээ. Нэмж хэлэхэд малчдын хэрэгцээнд зориулсан нарын дэлгэцийг 380 мянган төгрөгөөр худалдаалдаг бөгөөд арван жилийн чанарын баталгаа өгдөг гэсэн.  Энэхүү үйлдвэр өнөөдрийн байдлаар зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн буюу 75 Вт-320 Вт-ын нарны зай үйлдвэрлэж байгаа аж. 

“Санко Соолар Монголиа” компани ажилчин бүрийнхээ чадавхийг бэхжүүлэх зорил­готой бөгөөд нарны эрчим хүчний чиглэлээр Япон Улсад докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаач, Япон, Германд магистрын зэрэг хамгаалсан инженерүүд, МУИС, ШУТИС, “Хүрээ” дээд сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний ангид суралцаж төгссөн залуучууд ажилладаг гэнэ. Эднийх ажилчдаа Япон, Тайван Герман улсуудын ижил төстэй нарны зайн үйлдвэрт дадлагажуулан ур чадвараа дээшлүүлэхэд нь онцгой анхаар­даг гэнэ. Түүнчлэн Япон Улсад нарны цахилгаан станц, өрхийн нарны цахилгаан үүсгүүрийн системийн суу­рилуултын чиглэлээр манай инженерүүд дадлагажин ажиллаж амьдарч байгаа юм байна. Нөгөөтэйгүүр монгол залуучуудын бүтээл Японы зах зээлд гарч байгаа нь цаашдаа дэлхийн хаана ч Монголын инженерүүд гологдохгүй, ур чадвараараа тэргүүлэх боломж­той гэдгийг харж болохоор байгаа юм. 

Дотоодын үйлдвэрээ дэмжих бодлого дутагдаж байна 

Монгол Улс 2017 онд сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийсний нэг нь Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орсноос харж болно. Түүнчлэн Улаанбаатар хотын баруун зүгт байрлах /61 –ийн гарам орчимд/ 10 МВт-ын нарны цахилгаан станц болон Өмнөговь аймгийн Цогтцэций суман дах 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дах салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байгаа. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2017 оны эцэс гэхэд 120 МВт-д хүрнэ гэж тооцож байгаа юм билээ. Энэ мэтчилэн манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд бий ч, бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. “Санко Соолар Монголиа” компанид ч гэсэн дээрх хүндрэл бэрхшээл тулгардаг байна. Учир нь манай улсад дотоодын үйлдвэрийг дэмжих бодлого зохицуулалт байхгүй учраас ижил төрлийн, хямдхан, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн гаднаас ихээр орж ирдэг. Тиймээс иргэд хямдыг нь бодож чанаргүй бүтээгдэхүүн худалдаж авах тохиолдол их байдаг учраас төрийн зүгээс  гааль, татвар, урамшуулалын бодлогодоо анхаарч, дэмжих хэрэгтэй гэдгийг мөн хэлж байлаа.  

Түүнчлэн манай улсын эрчим хүчийг нүүрсний цахилгаан станциуд хангадаг. Цахилгаан станциуд  утаа тортог, нүүрс хүчлийн хий ихээр ялгаруулдаг, ашиглалтын зардал өндөр байдаг. Харин нарны цахилгаан станц дуу чимээ гаргахгүй, хорт бодис ялгаруулахгүй, байгальд хор нөлөөгүй, ашиглалтын зардал маш бага зэрэг эерэг нөлөөтэй юм. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж энэ салбарыг төрөөс зайлшгүй дэмжих ёстой. “Санко Соолар Монголиа” компанийн хувьд Японоос гадна дэлхийн бүх улс орон руу бүтээгдэхүүнээ гаргах бүрэн боломжтой гэнэ. Үүнээс гадна дотооддоо бүтээгдэхүүнээ борлуулах боломж байдаг ч  шударга бус өрсөлдөөнд ялагддаг гэдгийг тус компанийхан онцолж байлаа. 

У.САРАНГЭРЭЛ