Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ 

 

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Бидний амьдралд зайлшгүй байх ёстой зүйл бол “нийгмийн хамгаалал”. Тиймээс нийгмийн хамгааллын бодлогоор бий болдог дундаж давхарга болон улс төр хоорондын хамаарлыг тайлбарлая. Тухайлбал, прогрессив татвар буюу орлоготой дүйцүүлж татвар тогтоох системийн талаар уншигч танд сонирхуулахаар бэлтгэв.

Доорх графикт Япон улсын нийт өрхийг орлогын төвшингөөр нь ангилан харуулсан бөгөөд графикийн баруун тал руу ойртох тусам өндөр орлоготой өрхүүд, харин зүүн талд бага орлоготой өрхүүдийг харуулав. Өрхийн орлогод эхнэр, нөхрийн цалингаас гадна бусад эх үүсвэрээр олж буй бүх орлого багтдаг. Нэг өрхийн жилийн дундаж орлого 5.5 сая иен боловч орлогын төвшингөөр нийт өрхийг жагсаахад голд нь байгаа өрхийн орлого 4.3 сая буюу дундаж орлогоос бага байна. Өндөр орлоготой цөөн тооны өрх дундаж орлогыг өндөр харагдуулдаг боловч ихэнх өрх дунджаас доогуур орлоготой байгаа юм. Эдгээр хүмүүс улс төрд томоохон нөлөө үзүүлдэг. Ардчилсан нийгэмд насанд хүрсэн хүн бүр сонгуульд санал өгөх эрхтэй байдаг тул ард түмнээс сонгогдсон төр засаг нийгмийн масс болох дундаж давхаргынхны дуу хоолойг сонсохоос өөр аргагүй.

 

 

Харин дараах хүснэгтэд прогрессив татварын хувь хэмжээг харууллаа. Өрхийн жилийн орлогод ногдуулах татварын хувь хамгийн багадаа таван хувь бол хамгийн ихдээ 45 хувь байдаг. Татвар ногдуулах орлогын хэмжээг тогтоохдоо өрхийн орлого тус бүрээр хэчнээн өрх харъяалагдаж байгааг нарийн шалгасны үндсэн дээр тогтоодог.

 

 

Япон улсад ард түмний санаа бодол улс төрд чухал нөлөө үзүүлдэг. Ялангуяа татварын хувь хэмжээг өөрчлөхөд иргэд маш эмзэг хүлээн авдаг учраас прогрессив татварын хувийг тогтоохдоо өрхийн орлого бүрээр хэр олон өрхөд нөлөө үзүүлэх вэ гэдгийг нарийн судалдаг юм. Татварын хувь ба өрхийн орлогод хязгаар тавих шугамаас шалтгаалж сөрөг нөлөөнд өртөх иргэдийг аль болох цөөн байлгахын сацуу татварын орлогыг сайтар төвлөрүүлэх үүднээс прогрессив татварын хүснэгтийг гаргадаг. Судалгаагаар хүн амын ихэнх нь дунджаас доогуур орлоготой учраас дээрх хүснэгтийг хийх боломжтой юм. Тиймээс Монгол Улс дээрх бодлогыг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд ингэхдээ аль болох олон өрхийн орлогын мэдээллийг үнэн зөвөөр цуглуулах шаардлагатай. Орлогын төвшин тус бүрээр хичнээн өрх байгааг хянаж чадвал Монгол Улсад ч прогрессив татварыг хэрэгжүүлэх боломж бий. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашид ч үргэлжлэн, хөгжингүй орон болохын тулд прогрессив татварын бодлогыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж хардаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин