Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг танилцууллаа. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан "Захиргаадалтын аргаар хүүг бууруулах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох учир тогтвортой хэрэгжих боломжгүй.

Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлд тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн эс зуучлал, хөрөнгийн дутагдлыг бий болгож, санхүүгийн болон эдийн засгийн хүндрэл рүү ч хөтлөх эрсдэлтэй. Иймд энэ удаагийн “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг ч зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулах учиртай” гэв.

Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж ирсэн зээлийн хүүг бууруулснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирч, ажлын байр нэмэгдэж, ДНБ хурдацтай өсөх боломжтойг мэргэжилтнүүд онцолж байв.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах үүргийг Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хүлээсэн. Энэ хүрээнд 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулсан байна.

Урт хугацаанд инфляцыг нам дор байлгах нь зээлийн суурь хүү буурах үндсэн нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Дээрх замаар бодлогын хүүг бууруулах шаардлагатайг онцолж байна. Түүнчлэн чанаргүй зээлийн төлөлтийг түргэн хугацаанд шийдвэрлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авах, орлогын албан татвар ногдуулж буй шатлалын босгыг өсгөх, хямд өртөгтэй гадаад эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хүүнд нөлөөлөх зардлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой аж.

Энэ үеэр Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Зээлийн хүү өнөөдөр асуудал болчхоод байгаа юм биш. 27 жилийн өмнө бий болсон зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцын нэг хэсэг. Энэ хугацаанд бид эдийн засгаа хэрхэн удирдав гэдгийн гол толь юм.

Хүмүүс Төв банкны бодлогын хүү өндөр байгаа учраас зээлийн хүү их байна гэдэг. Бодит байдал дээр Монгол Улс гадаад шоконд өртөмтгий, олон улсын зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнэ унахад эдийн засагт шууд нөлөөлдөг. Гадаад шокоос хамгаалахын тулд валютын албан нөөцийг нэмэх болон төсвийн орлогоос илүү хөрөнгийг баялгийн санд хадгалах замаар эрсдэлээс сэргийлэх боломжтой. Гэхдээ энэ богино хугацааны арга хэмжээ. Урт хугацаандаа бид эдийн засгаа төрөлжүүлэх ёстой" гэж байлаа.

Б.Төгөлдөр

Эх сурвалж: "Өглөөний сонин"