Нас барсан хүний өмнөөс тэтгэврийг нь бүтэн нэг жилийн турш авч байсан тохиолдол орон нутагт гарсан байна. Тодруулбал, Б.У нь өөрийн нөхөр Г.Л 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байхад нас барсан тухай хасалт хийлгэхгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ болох өндөр насны тэтгэвэрт нийт 4.436.712 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсны тэтгэмж 1.000.000 төгрөгийг авч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд 5.436.712 төгрөгийн хохирол учруулжээ. 
Нас барсан нөхрийнхөө тэтгвэрийг авч байсан иргэн  Б.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Төрийн өмнө их муухай хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би нэг хэсэг сэтгэл гутралтай хэцүү байдаг байсан. нэг л мэдэхэд ийм хэрэг хийчихсэн байсан. Ийм хэрэг хийх ёсгүй байсан юм. Нөхөр болон хүүгээ алдаад элий балай болчихсон байсан. Хохиролд 5.436.712 төгрөг төлсөн. Миний буруу...” гэсэн байна. 
Талийгаач нь  Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын оршин сугуч  Г.Л нь 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тэтгэвэр авсан байна. Гэтэл үнэн хэрэгтээ  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г.Л гэх хүнийг нас барсан байсныг нийгмийн даатгалынхан огт мэдээгүй аж. 
Уг нь  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт “...тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагаас шийдвэр гарсан бол...” гэж заасан байдаг. Мөн хуулийн 28.3-т “...тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй...”, гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Г.Л-г нас барсан тохиолдолд даруй мэдэгдэх үүрэгтэй байсан. 
Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар “...оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор тэтгэмжийг авна...” гэсэн заалтыг зөрчиж Г.Л гэгчийг нас барснаас хойш 12 сарын дараа оршуулгын тэтгэмж авсан нь хууль зөрчсөн байх тул оршуулгын тэтгэмжийг буцаан олгуулах хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл нас барснаас хойш 4 долоо хоног, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор оршуулгын тэтгэмж авах эрх нь үүсэх ба 6 сараас хэтэрсэн тохиолдолд оршуулгын тэтгэмж авах эрх үүсэхгүй. Оршуулгын тэтгэмж нь заавал олгох тэтгэмжийн нэг боловч тэтгэмж авах хугацаа хэтэрсэн тохиолдолд тэтгэмжийг олгохгүй. 
Ийм байхад нөхрийнхөө өмнөөс тэтгэврийг нь нэг жилийн турш авч, нас барсны тэтгэмж авах хугацаа өнгөрсөн байхад авсан байгаа юм. 
Тэгвэл энэ үйлдэлд нь цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Улмаар Эрүүгийн хуулийн 18.12.1. буюу  Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс  Б.У г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээ авсан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноож тэнсэн харгалзсан байна. 
Учир нь тэрбээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн улсаас авсан мөнгөө эргүүлэн өгсөн тул ялыг нь хөнгөрүүлсэн нь энэ юм. 
Тиймээс иргэд нас барсан хүний өмнөөс тэтгэвр авах талаа санах ч хэрэггүй. Хэрвээ авсан байх юм бол гэмт хэрэгтэн болохыг  сэрэмжлүүлж байна.