Нүүрсний экспорт болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр, өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өссөн. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьд хүрч байсан бол 2017 оны сүүлээр 1.9 хувь болж буураад байгаа.

Дээрээс нь Монголбанк инфляцийг 2020 оныг дуустал найман хувьд хадгалж, валютын ханшийг тогтвортой байна гэж тооцсон. Гэвч энэ өсөлтөө хэвээр нь байлгаж, уул уурхайн түүхий эдээс хамаарах хамаарлыг бууруулахын тулд хөгжлийн урт хугацааны нөөц бололцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд зөвлөж байна. Мөн уул уурхайн салбарын томоохон төслүүд удаашрах, Хятадын хил дээр үүсээд байгаа асуудлууд үргэлжлэх, мөнгө угаахтай холбоотой асуудлыг хугацаа алдан шийдэх зэрэг гадаад, дотоод эрсдэл учирч болзошгүйг онцгойлон анхааруулж буй. Олон улсын томоохон санхүүгийн байгууллага болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Монголбанкны эдийн засгийг хөтлөх төсөөлөл, зөвлөмжийг хүргэе.

Дэлхийн банк: Монголын эдийн засаг 5.3 хувиар өсөх ч эрсдэлээ анхаарах хэрэгтэй

Уул уурхай болон бусад бүтээгдэхүүний экспорт дээд  цэгтээ хүрсэн учир ирэх жилүүдэд дэлхийн эдийн засаг бүхэлдээ өсөх төлөвийг Дэлхийн банкнаас гаргажээ. 

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд хүчтэй байх ч аливаа эрсдэлд анхаарах хэрэгтэй гэдгийг тэд мөн дуулгав. Монгол Улсын тухайд эдийн засгийн өсөлт нь бага зэрэг нэмэгдэж, энэ онд 5.3 хувь хүрэх бол 2019-2020 онд зургаан хувь давах төсөөллийг Дэлхий банкнаас гаргалаа. Ийнхүү өсөхөд уул уурхайн хөрөнгө оруулалт болон тус салбартай хамаарал өндөртэй худалдаа болон тээвэр үйлчилгээний идэвхижил голлон нөлөөлнө гэж үзэж байна. Энэ өсөлтөө алдахгүйн тулд Мөнгөний бодлогоо чангатгах, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэхээс гадна дунд хугацааны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг сайжруулах хэрэгтэй. Олон улсын худалдааны гэрээг сайжруулах, хүний капиталыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай аж. 
Мөн Дэлхийн банкнаас дараахь анхааруулгыг өглөө. Нэгдүгээрт, АНУ-ын Мөнгөний бодлого улс орнуудад сөргөөр нөлөөлж болзошгүй. Хоёрдугаарт, томоохон түнш орнуудын худалдааны сөргөлдөөн, тарифын заналхийлэл дэлхийн худалдааг сааруулж магадгүй зэргийг гадаад эрсдэлээр нэрлэв. Харин дотоод эрсдэл нь нэгдүгээрт, улс төрийн тогтворгүй байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Хоёрдугаарт, Засгийн газар 2016 онд байгуулагдахдаа уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ  хэрэгжүүлнэ гэж амласан боловч ажил хэрэг болох нь тодорхойгүй байна. Гуравдугаарт,  уул уурхайн түүхий эдийн өсөлт хаашаа ч хэлбийж магадгүй. Дөрөвдүгээрт, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсч болзошгүй. Тавдугаарт, санхүүгийн систем ил тод биш. Мөнгө угаах терроризмтой тэмцэх асуудлыг цэгцэлж чадах эсэх нь эргэлзээтэй гэсэн эрсдэлүүдийг Дэлхийн банк дурдлаа. 
Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану “Монгол Улсын өрхийн бодит орлого 6.5 хувиар өссөн. Ажилгүйдлийн төвшин эргээд сэргэх болов уу, гэсэн хүлээлттэй байна. Харин Хятад улс дотоодын зээлийн өсөлтийг удаашруулах бодлого баримталж байгаа. Тиймээс тус улсын эдийн засаг бага зэрэг удааширч, 6.5 хувь болох төлөвтэй. Хятад улсыг эс тооцвол, хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт энэ онд 5.4 хувьд тогтвортой байна” гэсэн юм. 

Монголбанк: Эдийн засгийн өсөлт ирэх онуудад тогтворжино

Уул уурхайн салбарын идэвхижил эдийн засгийн өсөлтийг тодорхойлсон хэвээр байгааг Монголбанк инфляцийн төлөв байдлын тайландаа дурджээ. 2017 оны эдийн засгийн өсөлт хүлээлтээс 0.8 хувиар давсан. Үүнд хил дээрх нүүрсний экспортын тарифын бус зохицуулалтаас үүдэж саарахаар хүлээгдэж байсан ч харьцангуй тогтвортой даваад гарсан. Тиймээс 2018 оны эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөх төсөөлөлтэй ойролцоо байна гэдгийг Монголбанк таамаглаж байна. Өнгөрсөн онд импорт төсөөллөөс өссөн ч хөрөнгө оруулалт, экспорт, хувийн хэрэглээ өндөр гүйцэтгэлтэй гарсан. Мөн гадаад худалдааны нөхцөл хүлээлтээс илүү сайжирсан гэдгийг Монголбанк тайландаа дурджээ. 2017 оны эцэст зэсийн үнэ огцом өссөн нь Хятадын эрэлт өндөр байгаатай холбоотой. Харин 2019 оноос төмрийн хүдэр, хүрэн нүүрсний үнэ буурч худалдааны нөхцөлийг муутгах нөлөө үзүүлж болзошгүй гэнэ. 
Цаашид эдийн засагт тулгарч болзошгүй хүндрэлүүд гэвэл, мега төслүүдийн тодорхой бус байдал, хэрэглээний зээлийг дагасан өрхийн өрийн дарамт өсч, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах, дунд хугацаанд иргэд, аж ахуйн нэгжийн ханшийн эрсдэлтэй зээлийн долларжилт нэмэгдэж, санхүүгийн салбарын гадаад шок даах чадвар сулрах магадлалтай. Харин гадаад эрсдэл нь, АНУ-ын ерөнхийлөгч Трампын худалдааны бодлого түүхий эдийн үнэд нөлөөлж болзошгүй гэж Монголбанк төсөөлөв. 
Түүнчлэн Монголбанк төсвийн шаардлагатай санхүүжилтын хэмжээ буурна гэж үзсэн байна. Батлагдсан төсвөөр 6.9 их наяд төгрөгийн санхүүжилт Засгийн газарт хэрэгтэй. Үүний 2.4 их наяд төгрөг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, 1.9 нь гадаад өрийн үндсэн төлбөрт, 2.6 их наяд нь дотоод өрийн төлбөрт зарцуулагдах юм. Тэгвэл Монголбанк Засгийн газарт 5.5 их наяд төгрөг хэрэгтэй гэж төсөөлжээ. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд гадаад санхүүжилт орж ирсэн,  дотоод өрийн хэмжээ буурсан учир төсвийн санхүүжилт буурна гэж тайландаа дурдсан байна. Мөн Монголбанк эрэлтийн шалтгаантай инфляцийн нөлөөг ирэх саруудад буурна гэж үзжээ. Хэдэн сарын өмнө татварын нөлөөгөөр шатахууны үнэ өснө, үүнийг дагаад инфляци нэмэгдэнэ гэж төсөөлж байсан бол Засгийн газрын шийдвэрээр А80, А92 шатахууны онцгой албан татварын тэглэсэн. Тиймээс инфляци бага зэрэг буурна гэж төсөөлжээ. Махны үнийг өснө гэсэн төсөөлөлтэй байсан ч энэ оны эхний гурван сарын байдлаар өмнөх төвшиндөө хадгалагдсан. Тиймээс энэ оны нэг, хоёрдугаар улиралд инфляци буурна гэж Монголбанк үзэж байна. 

Азийн хөгжлийн банк: Монголын эдийн засаг саарч, 3.8 хувьд хүрнэ

Азийн хөгжлийн банк энэ оны Монголын эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жилтэй харьцуулбал бага зэрэг саарч, 3.8 хувьд хүрэх төсөөллийг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, 2017 онд нүүрсний экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалт сайжирснаар Монголын эдийн засагт өсөлт ирсэн нь  2018, 2019 онуудад үргэлжилнэ гэдгийг Азийн хөгжлийн банк тодотгов. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд энэ онд саарч 3.8 хувь болох ч, 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэн 4.3 хувьд хүрнэ гэж тайландаа дурджээ. Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр нь Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт,  ялангуяа Оюутолгойн далд уурхай болно гэдгийг онцолсон байна. Гэвч тээвэрлэлтийн саад бэрхшээлээс үүдэн нүүрсний экс­пор­тын хэмжээ 2017 оны гүйцэтгэлд хүрэх­гүй, харин 2019 онд асуудал то­дор­хой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзжээ. 
Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Эдийн засгийн гүйцэтгэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулна. Уг хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжих нь ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэхийн зэрэгцээ Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.  Монгол Улсын төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 3.9 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ий 6.4 хувь, 2019 онд 5.1 хувь болно гэж тооцоолсон. Харин эдгээр төлөвт нөлөөлж болох сөрөг эрсдэлийг тооцоолох нь зүйтэй. Тухайлбал нүүрс, зэсийн үнэ буурах, өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учрах, махны үнэ өсөх, Оюутолгойн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт тасалдах, банкуудын бүтцийн өөрчлөлтийг хийх явцад санхүүгийн тогтвортой байдал алдагдах зэргийг дурдаж болно” гэдгийг хэлсэн юм. 
Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн. Мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж 2017 онд инфляцийн төвшин 4.3 хувьтай гарсан бөгөөд 2018 онд нэмэгдэж найман хувьд, 2019 онд долоон хувьд хүрэх таамгийг Азийн хөгжлийн банкнаас дэвшүүлэв.