Мөхөс хүмүн намайг энэ насанд хэн бээр ч юунд ч сүсэглэ, бишир гэж хэлсэнгүй, заасангүй. Бас ямар ч хүчин зүйл миний сэтгэл зүрхэндээ хадгалсан хүсэл мөрөөдөл, ариун сүсэг бишрэлийг одоо хүртэл хааж чадаагүй агаад аль мэдээ орсон цагаасаа л Бурханы авдар дотроос гарах зүйрлэшгүй сайхан ариун үнэр, тэр дотор байх Лам багш нарын болон Бурхадын дүр лагшин, хэсэг нандин судар ном, хуучны их, бага хадаг, бас бус зандан модоор сийлсэн хөөрхөн Бодьсад хүүхэд болон нохой гэх мэт зүйлсийг хаа нэгтээ аавыгаа үзүүлэх ба цагаан сараар нууцаар гаргаж ирэхэд амьсгаа даран бишрэн ширтдэг байсан, түүнийгээ тэгээд хэр удаан ширтэн ажиглахыг магадгүй миний аав, ээж хоёр ажигласан байх.

Яагаад тийм нууц байсан бэ гэвэл миний бага нас социализм, ленинизмийн үед төрж өссөн болохоор тэрхүү үзэл суртлаас өөр бараг бүх зүйл хаалттай байсан юм. Миний ээжийн аав Да хүрээний Гунгаачойлин дацангийн нэгэн зиндааны жорвон (ангийн дарга гэсэн үг юм) хүн байсан бөгөөд нас залуу байсан тул тэр үед залуу лам нарыг цэрэгт мордуулж, тэндээсээ Халх голд байлдаж цусан гавьяаны одонгоор шагнуулж байж. Түүнийг Жанцан хэмээмүй!Тэр үед хоёр хороо цэрэг зөрж өнгөрөхөд манай өвөө нөгөө тапд алхаж явсан цэргүдийн дундаас өөрийнхөө зиндааны нэгэн ламыг олж хараад шаламгайгаар Жамбалцанжод (Бурхан багш Балданбрайбүн суварган дотор нууц тарнийн Рид Хувилгааны Тор хэмээхийг айлдан ахуйд Умард Шамбалаас Очирваанийн хувилгаан олон хөлөг баатруудтайгаа ирээд айлтган сонордсон Манзушрийн алдрыг өгүүлэхүй хэмээх судар) өдөр бүр уншиж бай! гэж чангахан хэлж, нөгөө лам ч бишрэн хүндлэх зэрэгцэн мэхэсхийн дохиод өнгөрсөн гэдэг. Үүнийг сүүлд Дамдин гуай өөрөө хуучилдаг байсан бөгөөд тэрбээр түүнээс хойш тэр судрыг таслалгүй уншсаар наян дөрвөн онд өвөөг таалал барахад дараачийн жорвон болсон ба ерэн онтой золгож дацангаа сэргээсэн эгэл бөгөөд гайхамшигт нэгэн бодьгал ажгуу. Энэ түүхийг өгүүлсний учир нь жинхэнэ сүсэг бишрэл гэдэг ямар их зориг тэвчээр, хурц зан чанар, үнэнч шударга, ариун гэгээн, итгэл найдвар, шантрал гутралгүй зүйл болох нь ухагдана!

 

Бас манай аав, ээж өвөөгийн зиндааны өвөгчүүлийг жилдээ нэг удаа нууцаар хуралдуулж манж, цав барьдаг байсан агаад тэр өвгөн лам нарын ном хурж, ном хаялцах, бүр үг хэлэлцэхийг нь хүртэл хайрлан хүндлэх бишрэх сэтгэл төрж байсан нь сүсэг ажээ. Тэр үед ганц коммунист намын суртлаар хаа сайгүй лоозон бичиг Ленин тэргүүтний боронзодсон шохойн баримал бага, дунд сургуульд хүртэл байдаг байсан боловч одоо болтол тэдэнд гүн сэтгэгдэл төрдөггүй юм. Ийм учир тэр үзэл сурталд доромжлох сэтгэл байхгүй ч, бас хүндлэх сэтгэл өчүүхэн болоод зүрхний угаас хайрлан хүндлэх сэтгэл тэр үеийн олон хүмүүст байгаагүй юм. Буддын гүн ухааны буюу Чойрын гүн ухааны Лориг буюу Оюун ухааны сударт сүсгийн бэлгэ чанар буюу томьёог

1. Шинжлэхүй ухаанаар магадлан барихуйн орон лугаа энэ гагц мөний тул бусад лугаа бус болой хэмээн сэтгэн барьснаар сайтар нээсэн ухаан хэмээжээ. Үүний утга нь; шинжлэх ухаанаар аливаа нэг магадлан таних хэрэгтэй зүйлээ маш сайн нээн ухаж ойлгоод үүнээс өөр бус зүйл биш хэмээх сэтгэл юм.

2. Үйлийн үр тэргүүтэнд зоригдон итгэх хийгээд сүслэх ба хүсэмжлэхүйн аль нэгэн нь болох агаад үл сүслэхүйн бодит ерөндгийг үйлдэгч ухаан хэмээжээ. Энэ нь Буддын шашинтанд гол болох сүсэг бөгөөд утга нь; үйлийн үр, бодь сэтгэл, хоосон чанар тэргүүтэй номлолд санаа сэтгэл зоригдон итгэх ба сүслэх, бас тэдгээр эрдмийг хүсэмжлэх сэтгэл бөгөөд үл сүслэхүйн ерөндөг гэдэг нь сүсгийн дархлаа мөн.

Дандарын буюу тарнийн гүн ухаанд сүсгийн талаар илүүтэй их номлосон бөгөөд нэгэн удаа мөхөс би хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүй дор магад утгын Очир Дар бурхан өвгөн дүрээр ургасан Гэвш Түвдэнпэрэнлай багш дор "тарни" гэж юү гэсэн утгатай вэ? гэж айлтгахад "сүсэг" гэж дээд богд нар айлдсан юм хэмээн ганц үгийн асуултыг ганц үгээр хариулсныг үргэлж санаж явдаг агаад сусэг үгүй бол маань унших, нямба бясалгал хийж тарни тоолж хэчнээн жил болсон ч өөрийн сэтгэл үндсэнд ямар ч эрдэм төрөхгүй гэсэн үг ажээ. Тарнийн гүн агуу дэлгэр номлолуудаас хаанаас нь олж түүж ойлгож авах вэ гэвэл дандарын сав аймгийн номлол болгонд байх авч Агуу Вэнсава богдын айлдсан Ламын Чодва буюу Багшийн Иог хэмээх судрын тайлбарт гүн дэлгэр айлдсан буй боловч эл номыг хэмжээ төгөлдөр Лам Багшийн зарлиг зөвшөөрөлгүй хэн бээр ч хүрч үл болох бөгөөд дураар уудалж үзвээс сарьсан багваахай наранд гарсан мэт болмуй!

Гэхдээ бас ойлгоё гэвэл Багшийн зарлиггүй ч Хутагт Миларайвын намтар болон Буман дууллаас чин сүсэг болоод ухааны оньс буй аваас хэр чадахаараа бага ч гэсэн ойлгомуй! Ер нь сүсэг гэдэг сэтгэл урд наснаас дамжсан, нэг бол бусдын эрдэм чадлыг гайхан биширч төрдөг сэтгэл аж. Бас нэгэн удаа Гэвш багшаас асуун айлтгасан нь "Миларай ба Богд яагаад ганцхан боть номыг сайтар үзээд нэгэн насандаа бурханы хутгийг олов? Аа бас Богд Зонхаба яагаад нэгэн насандаа Будцын их, бага хөлгөн, судар, дандар, их, бага арван ухаан бүгдийг суралцаж онож мэдээд төгс гэгээрэв" гэсэнд Багш "Миларайба Богд бол маш их хурц сүсэгтэй хүн бөгөөд Богд Зонхаба бол маш хурц билиг оюунтай хүн юм. Гэхдээ Миларайбад билиг оюун байхгүй бус суу билиг байгаа, Зонхабатай харьцуулбал бага юм. Бас Зонхабад хурц сүсэг байхгүй бус агуу сүсэг байгаа. Миларайбатай харицуулбал бага юм. Майдар бурхан асрахуй сэтгэлээрээ алдаршиж, Манзушир бурхан оюун билгээрээ алдаршсан мэт. Гэхдээ жирийн оюунтан барагтай бол ухаж ойлгох зүйл биш юм хэмээн айлдсан билээ.

Мөхөс миний өөрийн амьдралаас олж харсан жинхэн ариун сүсэг гэдэг зүйл бол аливаа өөрөөсөө агуу зүйлд өөрийг хөтөлж залж болох зүйлийг хайрлах, хүндлэх, дээдлэх, нандигнах, бишрэх сэтгэлийг бүгдийг агуулдаг юм. Мэдээж хэрэг зарим бодьгалуудад эдгээр сэтгэл тус тусдаа оршин байдаг сэтгэлүүд. Жишээлбэл, зоригийн сэтгэлд ч бас мохоо зориг, хурц зориг буюу мунхаг зориг, чин зориг гэх мэт буйтай адил.

Мухар сүсэг нь жинхэн сүсгийн ерөндөг бөгөөд мохоо сүсгээс ч нэн дорой агаад шинжлэх оюунгүйгээр аливаа бусдын хэлж, үзүүлж буй шашин суртап болон аахар шаахар илбэ жилбийн зүйлд өөрийг болон өөрийнхөө л гэх аминчхан үзэлдээ хөтлөгдөж төрдөг сэтгэл бөгөөд, мэдээж тэнгэр цэлмэж, наран мандах мэт аль нэгэн цагг учир шалтгаан нь бүрдээд мухардлаас гарах л болно!

Бас нэгэн зүйлийг тодруулахад зарим хүмүүс сүсэг, сэжиг хоёрын ялгааг ч мэддэггүй сэжгийн сэтгэлтэй нэгнээ их сүсэгтэй гэж хэлдэг. Тэгвэл тэр сэжгийн сэтгэл гэдэг бол хүүрийн газар очихоос айж сэжиглэдэг, олны дунд орохдоо ч бусдын хэл ам, харцнаас сэжиглэдэг, ганцаар суухдаа ч бусдын хар, цагаан хэл амаас сэжиглэдэг, ямар өдөр гадагш гарахаа хүртэл сэжиглэн боддог, хэт мунхаг учир бусдын болон өөрсдийнхөө бурхан шүтээнээс хүртэл сэжиглэдэг гэх мэт сэтгэлийг хэлнэ. Мэдээж хэрэг зурхайн ухаанд үүний зарим зүйлсийн зохицуулал байдаг авч "эрүүл ухаанаар соёлтой хэрэглэ" гэсэн болохоос "өчүүхэн аминч сэжгийн сэтгэлээр ханд" гэсэн хэрэг бус юм. Зарим нэгэн мунхаг оюунтнууд бурханы хорлол боллоо гэж сэжиглэн байх нь туйлын буруу юм.

 

Бурхан бол хамаг амьтны тусын тул хутгийг олсон тул хаанаас хүнд хор хүргэх!

Хэрэв та чин сүжигтэй бөгөөд аль нэгэн бусдын тусын тулд зорьж байгаа бол танд од, эрхэс, наран, саран, хүмүн хийгээд хүмүн бусынхан аль нь ч тотгорлож гай түйтгэр болохгүй. Сэжгийн сэтгэл гэдэг нь номонд тийн атгаг сэтгэл гэж гардаг юм. Сүсэггүй гэж зарим нэгэн өөрийгөө хэт дөвийлгөн бусдыг сусэг бишрэлийг гоочлох дуртай хүмүүст хэлэхэд хүн төрөлхтний соёл иргэншлийг хүндэтгэн аливаа бусдыг шашин шүтлэг, яс үндэс, угсаа гарвал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, гутаан доромжпох, хэлмэгдүүлэн зовоох нь маш зохисгүй үйл мөн! Бас зарим нэгэн ламын номт дээл өмсөж, орхимж орхиод насаараа Буддын гүн ухаан үзээд ч өөрийн атгаг сэтгэлээ арилгаж чадалгүй сүсэг өчүүхэн ч төрөөгүй хувраг ба эрих барьж насаараа маань уншиж буянт дүр эсгэн сэтгэлээ засаагүй төрийн хар хүн хоёр үлгэрлэвээс далайн ёроолд өнө удаан хэвтсэн ч доторх нь үл дэвтэн хуурай хоцрох чулуу мэт. Тугалган жад мэт мохоо сүсэгтнүүд болон мухар үхэр мэт мухар сүсэгтнүүд аль сайн гэж

“Сүсэг гэдэг зүйл зөвхөн дорно дахинд ч бус хүн төрөлхтөн оршин буй орон болгонд буй. Жишээлбэл өрнөдийн болоод Италийн алдарт дуурийн зохиолч Жозер Вердигийн Набукко дуурийн гол утга санаа нь төрийн эрхэнд бардсан хаан, башир түшмэдээс болж бусдын ард түмний боол болгох ба тэдгээр нь энэлэн шаналах агаад эцэстээ ард түмний ариун сүсэг хийгээд түүнийг ойлгосон сайхан сэтгэлт эмэгтэйн тусаар тэрхүү ард түмэн аврагдаж буйгаар гардаг. Эл үзэгдэлд дарлагдсан боолууд хүчирхийллээр бус ариун цагаан сүсгээр тэмцдэг ажгуу. Энэ зөвхөн зохиол бус манай Монгол оронд гучин долоо оны их хэлмэгдүүлэлтээс хойш эрх чөлөөгөө хязгаарлуулсаар ерэн оны ардчилал, тэр үеийн зонхи олонхийн чин сүсэг бишрэлийн хүчээр бий болсныг нүдээр харж, чихээр сонсож, гараа барилцаж явсан оюун төгс нугууд илүү ойлгох буй за!” сураг сонссон төдийхнөөр шууран гүйлдэж, төд удалгүй сонирхолгүй болж бас өөр нэгэн лүү гүйлдэх нь ертөнцийн инээдмийн орон мөн. Балмад хүмүүст юу ч хэлээд нэмэргүй тул энэ зуур тэдэнд зориулж хэлэх үг олдсонгүй ба манай ардын үгэнд "Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ" гэж байдаг. Мянга есөн зуун хориод онд Сүхбаатар жанжин тэргүүтэй Ардын журамт цэргүүд оройн тоон дээрээ Мигзэм болон Жанлавцогзол буюу Цагийг тохинуулагч залбирал Адистидийн дээдийг хайрлагч эхийг уншдаг байсан хэмээдэг. Энэ түүх бол журамт цэргийн чин сүсэг гэхээс өөр юү гэх билээ! Ер нь сүсгийг хэн бээр ч коммунизм шиг хүчээр тулгаж хийдэггүй бөгөөд хийж чадах ч үгүй юм. Тийм нөхцөл ч байхгүй! Шаардлага ч байхгүй!

Манай ард түмний шүтээнийг нь хүчирхийлэн устгаад оронд нь Маркс, Энгельс, Ленин гурвын баримал, зурмал толгойг тавиад, өврийн судар болсон Оюунтүлхүүр болон Сандүйнжүдийнх нь оронд намын батлах өвөртлүүлэх гэх мэт зүйлсийг хэтийдүүлэн муйхарлан хэрэглэсэн боловч ард түмний чин сэтгэлийн угт хүрч чадаагүй агаад дэлхийн олон гүрэнд ийн адил хүчирхийллээр сүслэн барьж чадаагүй юм.

Сүсэг гэдэг зүйл зөвхөн дорно дахинд ч бус хүн төрөлхтөн оршин буй орон болгонд буй. Жишээлбэл өрнөдийн болоод Италийн алдарт дуурийн зохиолч Жозеф Вердигийн Набукко дуурийн гол утга санаа нь төрийн эрхэнд бардсан хаан, башир түшмэдээс болж бусдын ард түмнийг боол болгох ба тэдгээр нь энэлэн шаналах агаад эцэстээ ард түмний ариун сүсэг хийгээд түүнийг ойлгосон сайхан сэтгэлт эмэгтэйн тусаар тэрхүү ард түмэн аврагдаж буйгаар гардаг. Эл үзэгдэлд дарлагдсан боолууд хүчирхийллээр бус ариун сүсгээр тэмцдэг ажгуу. Энэ зөвхөн зохиол бус манай Монгол оронд гучин долоо оны их хэлмэгдүүлэлтээс хойш эрх чөлөөгөө хязгаарлуулсаар ерэн оны ардчилал, тэр үеийн зонхи олонхийн чин сүсэг бишрэлийн хүчээр бий бопсныг нүдээр харж, чихээр сонсож, гараа барилцаж явсан оюун төгс нугууд илүү ойлгох буй за!

Чин сүсгийн тусыг бас бас өчүүхэн төдий өгүүлбээс чин сүсэг чандамань эрдэнэ мэт бөгөөд түүнийг хулгай дээрэм авч үл чадмуй, өвдөхөд эм болно, ганцаардахад нөхөр болно, ундаасахад ус болно, өлсөхөд хоол болно, төөрөхөд харгуй болно, харанхуйд гэгээ болно, зовоход түшиг болно, үхэхэд хамт байна, дараа төрөл рүү ч хамт явна, хагацаш үгүй нөхрийн дээд тэр болой!

 

Чин сүсэг бол Буддын судар, дандарт суралцаж билиг оюуны чанад хязгаарт хүргэх ажнай сайн хүлэг хэмээн Дайчин Вангийн Хүрээний сүүлчийн гэвш Угалзын Ламын илэрхий шавь, мөхөс миний өвгөн багш хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүйеэ бэрх Итгэл хэмээх бээр ийн айлдаад нэгэн шүлэг ном айлдсан нь ийн;

Харишгүй сүсгийн ажнай сайн хүлэг моринд

Хатангат билиг оюуны алтан хазаар хазаарлаад

Хатуу бат самади бясалгалын эмээл эмээллэж 

Хатан зориг хичээл шамдлын ташуурыг барьж

Хамаг сайн дурдлын алтан жолоог атгаад

Хандсан дээд хутагтын газраа давхин хүрэхтүн! хэмээх ажгуу. 

 

Зава Дамдин Ринбүчи