Улсын их баяр наадамд 10 удаа шөвгөрсөн хүчит арслан Ж.Хайдавтай ярилцлаа.


-Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэрэмжит барилдааныг үзэж суусан. Тэрхүү хүчит аваргуудын нутгаар зочилж байв уу?

-Хөвсгөл аймгийн удирдлагууд, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний хамт олон сайхан аваргуудаа дурсаж олон сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Гурван аваргатай нэг үед зодоглож явсан бөхчүүдийг нь урьж хүндэтгэл үзүүлж байгаа нь талархууштай санагдлаа. Зөвхөн Хөвсгөлийн Цагаан-Үүр сумын “Уйлган гол” гэж алга дарам газраас монгол бөхийн гурван аварга төрсөн нь гайхалтай тохиолдол юм. Байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн энэ нутгаар бага залуу насандаа зочилоход хүчтэнүүд төрөхөөс өөр яахав дээ гэж бодогдож байсан шүү. Зорьсон хүн л очихоос биш, замын хүн зүглэлтгүй хэцүү бэрх зам, даваатай газар. Нутгийн иргэд нь жижигхэн, жижигхэн байшин бариад суучихсан, амьдралын хэв маяг нь Оросын тосгоныхонтой ч төстэй юм шиг. Байгальдаа, эх дэлхийдээ хайртай хүмүүс намайг тосч байсан санагдаж байна.

-Уйлган голын гурван аваргын талаар хуучилбал?

-Биднийг дөнгөж хот орж ирж заалны барилдаанд аманд гарч эхэлж байхад Ж.Цэвээнравдан гэж их гоё биетэй, сүрдмээр сайхан бөх байж билээ. Гар урттай, суйлах, хонгодох мэхийг даацтай хийдэг. Дандаа савхин гутал өмсөж барилддаг бөх байсан даа. Би ч хажууд нь очихоороо жаахан хүүхэд байсан болохоор сүрдээд үг ч дуугарч чадахгүй, нүдээ салгалгүй ширтдэг сэн.

Д.Дамдин аварга асар их бяртай, түргэн шуурхай барилддаг, авьяаслаг бөх байсан. Аварга ч гарлаа, өрлөө, давлаа гэж гурван үг л хэлүүлдэг байсан нь түргэн шуурхай барилддаг байсных нь баталгаа юм даа. Дээрээс нь циркийн үзүүлбэр үзүүлдэг урлагийн хүн. Ч.Бээжин аварга уран гараа дэвээ, угсарсан олон мэхээрээ алдартай бөх байсан. Баруун, зүүн аль ч талдаа тонгордог, гар ачиж, зайлж гуд татах мэхийг гаргууд сайн хийнэ. Дунд зэргийн нуруутай том алаг нүдтэй, цээж бөгс тэнцүү, их гоё ганган бөх байлаа. Ёстой хийморь сүлд нь тэгширсэн гэмээр гайхалтай бөх.

-Та хот орж ирээд заал танхимын барилдаанд хэрхэн барилдаж байв. Анх улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулсан бэ?

-Гол төлөв аманд гараад унана. 1962 онд санагдах юм. “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд бөхийн барилдаан болно гэж дуулаад очиж зодоглохдоо хоёрын даваанд Өмнөговийн улсын арслан Г.Дэмүүл гуайтай таарчихдаг юм. Тухайн үед ч Г.Дэмүүл заан цолтой “Дэнж нь булгидаггүй юм бол Дэмүүл түрүүлнэ” гэж аархаж, арал бяр нь багтаж ядаж явсан үе л дээ. ХААИС-ийн оюутан байсан намайг “Ганц дайраад унагачихъя” гэсэн байртай дайраад ороод ирмэгц тохойг нь цохиод л өшиглөсөн. Заан маань дайрсан хүчиндээ их дээр хөөрч унах мөртлөө хэд өнхрөөд тогтож байсан юм даа. Заал дүүрэн суусан үзэгчид цонхны шил, тааз доргитол алга ташиж надад баяр хүргэж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр өдөр юу болсон юм мэдэхгүй, дараа нь С.Цэрэн аваргыг хаяж гайхуулж байсан даа. Харин маргааш нь “Хоршоолол” нийгэмлэгт очиж барилдахад тайлбарлагч “Өчигдөр Цэрэн аварга, Дэмүүл заан хоёрыг өвдөг шороодуулсан шинээр тодорч байгаа хүчтэн” ухааны юм яриад их дэвэргэж байсан юм даг. Би ч онгироод магтаж дуусаагүй байхад нь нэг жижигхэн залууг суйлж тавих гэж байгаад хавируулаад их хүчтэй унаж билээ. Тэгж гаргасан ажилтандаа онгирч сагсуурах хэрэггүйг яс махандаа шингэтэл ойлгосон юм.

-Таныг ид барилдаж байхдаа шилж амладаг байсан гэх юм билээ. 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор зааны тааварт байсан Булганы Д.Галдандагва начинг амлаж хаяж байсан талаараа ярихгүй юу?

-Д.Галдандагва начинг заан болно гэж бараг амтай болгон л ярьж байсан. Би ч заан цолтой учир дээшээ барилдаж цолоо ахиулах бодолтой. Наадмын өмнө би Д.Галдандагватай тунана гэж тооцоолоод яаж барилдахаа төлөвлөж байлаа. Наадам ч боллоо. Тавын давааны ам авахаар гарын даа нарын зүг хандахад Д.Галдандагва, Ц.Лхамаа, Т.Артаг нарын нэр байна. Хажуунаас дэд хурандаа Даш гэж нөхөр “Артагийг авч начин болго” гэж байна. Би ч тоосон шинжгүй Галдандагвыгаа амлаад л барилдлаа. Гараад өрж эхэлтэл над руу дайраад хоёр шуу руу балбаад их л ширүүн байсан. Би ч зугтаж байгаад аргалаад тойрч хөлд нь суугаад давчихаж байсан. Намар нь Налайхад зохиогдсон барилдаанд таарахдаа би “Чи даваад түрүүл” гээд дэмжчихлээ. Харин дараа жил нь сар шинийн барилдаанд таарахдаа сурснаараа хөлд нь суугаад би давж байсан даа. Сүүлд Галдандагва маань над руу “Чи муу хөлний хулгайч” гээд инээж байж билээ. Аварга, арслангуудтай эн тэнцүүхэн барилддаг аралтай бяртай тун ч сайн бөх байв.

-Та хүний хөл авч хаяхдаа гаргуун байсны зэрэгцээ хөлдөө алдаад унадаггүй байсан гэдэг?

-Ид сайн барилдаж байхдаа хөлдөө алдаад унаж байгаагүй шүү. Дагуулаад хөмрөөд, гуядаад хаячихдаг байсан. Надтай нэг үед барилдаж байсан ардын багш Д.Сэрээтэр чинь үзэгдэж харагдахгүй хөлд гүйнэ шүү дээ. Бид хоёр ч нэлээн хэд таарсан. Би ухасхийхэд гүйхэд нь сугадаад мушгичихдаг, нэг бол угтаад бариад авчихдаг байсан.

-Та дан, давхар золгооноос ямар ч хүнийг хавираад унагачихдаг байсан. Дархан мэхнийхээ талаар ярихгүй юу?

-Би барьцанд хүрч золгож барилдахыг илүүд үздэг байсан. Баруун, зүүн аль ч талаараа золгоод хавирахад давдаг байсан үе надад бий. Бөх хүн ямар ч өрсөлдөгчтэй барилдсан хийгээд даалгадаг хэд хэдэн дархан мэхтэй байх ёстой. Дархан мэхгүй хүн амжилт гаргаад аварга, арслан болсныг би мэдэхгүй.

Зүүн гараас Улсын арслан Ж.Хайдав, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн

-Дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар ид барилдаж байх үед та тодорч гарч ирсэн. Дархан аваргуудтай хүч үзэж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хоёр Мөнхөөс гадна, харих яагаа ч үгүй дархан аварга Д.Дамдин дээр гараад зогсчихдог тун хүнд үед барилдаж арслан болсон. Гэхдээ энэ гурван аварга улсын их баяр наадмаар намайг амлаж байгаагүй юм шүү. Томоохон заалны барилдаануудад бол Ж.Мөнхбат аваргыг хэд хэдэн удаа өвдөглүүлж байлаа. Харин Х.Баянмөнхийг хаях аргаа яаж ч бодоод олоогүй дээ. Дархан аварга Д.Дамдинтай нэг бус удаа барилдаж давж, унаж л байсан.

-Хоёр Мөнхийн наадмын дэвжээн дээрх өрсөлдөөний талаар хуучлахгүй юу?

-Биднээс арай өөр төрсөн хүмүүс л дээ. Наадмаар бол хоорондоо л барилдах бэлтгэлээ базаана. Бусдыг нь бол дайраад, дайраад л өнгөрнө шүү дээ. Энэ хоёр аваргын гайхалтай чанар нь хэзээ ч худлаа барилдаж наадамчин олноо хуурч байсан удаагүй. Дэвжээн дээр ширүүн өрсөлдөөд бусдаар бол сайхан нөхөрлөнө. Харин зарим нэг хүмүүс хоёр аваргын хооронд худлаа яс хаяж үл ойлголцох байдал үүсгэсэн нь сүүлд учир нь тайлагдсан байх.

-Монгол Улсын арслан хүний хувьд Монголын Үндэсний бөхийн холбооны өнөөгийн байдлыг яаж харж байна вэ?

-Р.Нямдорж тэргүүн аль 2000 аад онд л “Их Эе”-ээ зарлаад хамтарч хуралдаад хэл амаа ололцох хэрэгтэй байсан шиг санагддаг. Монгол Үндэсний бөхийн холбоог өөрийн өмч гэсэн байр суурьтайгаар асуудалд хандаж 15 жил явсан нь энэ байдалд хүргэсэн болов уу гэж хувьдаа боддог юм. Гэхдээ Р.Нямдоржийн монгол бөхийн төлөө хийж бүтээснийг үгүйсгэх ёсгүй. Бөхчүүд өнөөдөр байр, машинтай элбэг хангалуун амьдарч байгаа нь холбооны зөв менежмэнт, үйл ажиллагаатай холбоотой юм шүү. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг.

-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний төлөөх хэрүүл тэмцлээс шалтгаалж уламжлалт хэд хэдэн барилдаанууд цуцлагдлаа. Энэ бөхчүүдийн амжилтад сөргөөр нөлөөлөх үү?

-Одоо цагт бол бөхийн амжилтад сөргөөр нөлөөлөөд байх юм байхгүй ээ. Бөхчүүд тус, тусынхаа дэвжээдэд тогтмол бэлтгэл сургуулилтаа хийгээд л явж байгаа. Бэлтгэлжилтийг өндөр түвшинд байлгах нь тухайн бөхийн хувийн хариуцлагатай холбоотой болохоос бөхийн холбооны маргаантай хамаагүй.

-Сүүлийн үед үндэсний өв уламжлалаа тээж яваа бөхчүүд маань жалга довны үзэл гаргаж, хоорондоо талцаад байх нь ажиглагдах боллоо. Нэр бүхий аваргууд ялангуяа Баянаа аварга, Сүхбат аварга нар нутаг усаар нь талцуулж байна. Жишээлбэл, Хөвсгөлийн гурван аваргын барилдаанд Увсын нэг ч бөх зодоглосонгүй. Үүнд бөхөө дээдэлдэг олон түмэн дургүй байна?

-Монгол үндэсний бөхөд жалга дов хардаг, тал тохой татдаг, бие биенийхээ дээр гарахыг санаархдаг муухай зүйл байж хэрхэвч болохгүй. Миний үед чинь нутгархдаг явдал байсангүй л дээ. Өнөөдөр чинь нутаг, нутгаараа дэвжээ байгуулаад тал тал тийшээгээ хардаг болж. Нэгдмэл зохион байгуулалтад орж байгаа сайн талтай боловч сүүлийн үеийн бөхчүүд үүнийг дагаад нутгархах үзэл гаргаж байгаад нь эмзэглэдэг юм. Зарим аймгууд наадмаа хаалттай ч хийж байна гэж дуулдах юм. Монгол өв уламжлалаа тээж яваа бөх хүн хаана ч очоод барилдаж болно биз дээ. Би өнөөдөр “Их Засаг” их сургууль дээр бөхийн бэлтгэл хийлгэхдээ чи тэр аймгийнхан цаашаа, тэднийхэн цаашаа гэж хэзээ ч хэлж байсангүй. Дуртай нь ирээд бэлтгэлээ хий. Мэддэг чаддаг юмаа зааж, зөвлөөд өгье гэдэг юм. Хөвсгөлийн гурван аваргын барилдаанд Увсын бөхчүүд хэргээр зодоглоогүй биш байх аа. П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын арслангууд Японд жүдогийн тэмцээнд оролцож байгаа.

-Бидний хүлээдэг улсын их баяр наадам өдөр хоногоор ойртож байна. Энэ жилийн наадмын өнгийг та яаж харж байна вэ?

-Өнөөдөр тэр, энэ гээд хэлэхэд хэцүү. Дээр үед бол Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар түрүүлнэ гээд л хэлчихнэ. Одоо бол хэн ч түрүүлж, үзүүрлэж цолоо ахиулах боломжтой. Сая Уйлганы голын гурван аваргын нэрэмжит барилдааныг ажиглаад сууж байхад өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх улсын арслан Ц.Содномдоржийн бэлтгэл сайн байгаа харагдсан. Увсын улсын заан Н.Жаргалбаяр, Ховдын улсын харцага О.Хангай гээд ир бяр нь тэгширсэн сайхан залуучууд олон байна. Энэ залуусаас хэн их бэлтгэл хийж өөрийгөө дайчилсан нь түрүүлэх байх даа.

Эх сурвалж: Өдрийн сонин