Усанд “урсдаг” замтай монголчууд. Бүтээн байгуулалт хийж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чанар чухал гэдгийг их хэмжээгээр орсон усархаг бороо анхааруулж байна. Нөгөөтэйгүүр, замыг барьсан, бариулсан этгээдүүд шалгалтанд “бүдэрчихлээ”. Тэгвэл одоо яах вэ.

ЗАМ Ч ГЭСЭН ДААТГУУЛАГЧ

“Гурилдаад” өнгөрсөн зам 10-хан минутын бороонд “урсаад” алга болсныг гэрчлэх фото цахим орчинд хөвөрнө. Энэ нь зөвхөн нийслэлийнхэнд хамаатай зүйл ч биш. Хөдөө орон нутагт барьж байгуулсан замд тулгамдсан асуудал. Зардал чирэгдэл болж барьсан зам стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж шалгах хэрэгтэй. Гэтэл хяналт хаачив. Мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын яам замын ажлын явцтай танилцан гэнэтийн шалгалт хийдэг тухайгаа учирлаж байна. Бас замын компаниуд хөндлөнгийн хяналтын байгууллагатай хамтарч ажилладаг хэмээн тайлбарлав. Гэсэн хэдий ч усанд “урсчихдаг” зам байгаа нь бодит үнэн.

Чойр-Сайншанд чиглэлийн 176 км авто замын барилгын ажлыг БНСУ-ын “Хала инженеринг энд констракшн”, БНХАУ-ын “Жинангши вотер энд Хаядроповер констракшн” компаниуд гүйцэтгэсэн юм. 2012 онд тус замын бүтээн байгуулалттай хэвлэлийнхэн танилцах үеэр гүйцэтгэгч компанийн удирдлагууд нь замаа даатгалд хамруулж эрсдэлээ бууруулах зарчмаар ажиллаж байгаа тухайгаа ярьж байв. Ингэснээр даатгалын байгууллагаас давхар хяналт тавьдаг аж. Энэ замын санхүүжилтийг Мянганы сорилтын сангаас санхүүжүүлсэн. Тиймээс тус сангаас ч хяналт тавьдаг байжээ. Энэ мэтчилэн 3-4 байгууллагын давхар, давхар хяналт дор ажлаа гүйцэтгэж буй учраас замын “өргөн, зузаан”-аас идэх ямар ч боломжгүй гэдгийг тайлбарлаж байсан. Тэгэхээр хардуулж, сэрдүүлж суухын оронд зам ч гэсэн даатгуулагч гэдгийг мэдэх учиртай.

 

ЯАГААД ДААТГУУЛДАГГҮЙ ВЭ?

Маш энгийн гаргалгаатай юм билээ. Өнөөх л хөрөнгийн эх үүсвэрээс шалтгаалж буй талаар замын салбарынхан учирлаж байна. “Арц суварга” компанийн ерөнхий захирал Ш.Алтансүх “Манай салбарыг тойрсон шүүмжлэл бий. Гэхдээ замчид ч гэсэн энэ улсын иргэн учраас зураг төсөлд тусгагдсаны дагуу бүтээн байгуулалтаа хийнэ. Чанар, стандартад нийцээгүй зам барьсан гэдэг ч байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс эхлээд хүний буруутай үйл ажиллагаанаас болж зам эвдэрч гэмтдэг. Бас удаан ашиглагдсан зам эвдэрсэн үед замын зузаан стандартад нийцээгүй байна гэж шүүмжилдэг. Гэхдээ аливаа зүйлд элэгдэл хорогдол бий гэдгийг тооцох учиртай. Даатгалын тухайд ажилтнаа болон барьж буй замаа даатгуулах нь зүйтэй. Санхүүжилт саадгүй байх үед даатгуулаад явдаг” гэсэн юм. Ер нь бүх зүйл хэтэвчний нимгэн зузаанаас хамаарч байгаа нь энэ нийгэмд байдаг л зүйл. Хэдийгээр зайлшгүй хийх шаардлагатай гэж мэдэж байгаа ч мөнгөгүй бол яах ч аргагүй гэдгийг зарим компанийн захирлууд ярьж байлаа. Гэсэн хэдий ч даатгалын компаниудад замаа даатгуулдаг тухай салбарынхан онцолж байв. Харин байнгын давтамжтай даатгуулах нь ховор. Гэвч эрсдэлээ хамгаалах үүднээс даатгуулах нь замын компаниудад илүү ашигтай гэдгийг даатгалын салбарын мэргэжилтнүүд тайлбарлав. “Миг даатгал” компанийн ерөнхий захирал Ж.Бат-Орших “Замын компаниуд ажилтнуудаа гэнэтийн ослоос хамгаалах үүднээс даатгалд хамруулдаг. Зарим тохиолдолд барьж буй замаа даатгуулах нь ч бий. Гэхдээ төдийлөн хэвшиж өгөхгүй байгаа юм” гэлээ. Хэдийгээр өнөөдөр төлөх мөнгө нь хэцүү байгаа ч ирээдүйд гарах эрсдэлийг даатгуулснаар хөрөнгийн эх үүсвэрийн дутагдлаас хамгаалах чухал боломж гэдгийг энэ дашрамд сануулъя.

 

ЗАМЫГ ДААТГУУЛДАГ ГАДНЫ ЖИШИГ

Зам, барилгын ажлыг гүйцэтгэгч компаниуд тухайн объектийг даатгуулахдаа хойрго ханддаг нь дээрх хүмүүсийн ярьж буйгаас тодорхой харагдана. Тэгвэл гадны орнуудад замыг даатгуулах явдал ямар төвшинд байгааг харъя. Олон улсад “Барилгын бүх төрлийн эрсдэлийн даатгал” нь зам, гүүрэн байгууламжийн барилгын ажилд ашиглагддаг аж. Тухайлбал, Шри-ланкын авто замын томоохон төслүүд даатгалын компанитай тууштай хамтарч ажилладаг юм байна. Тэгэхээр эд материалын хохирлыг даатгана. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунами, шуурга, үер, үерээс үүдэн ус халих, хөрсний нуралт, гулгалт зэрэг багтана. Мөн ажил хаялт, бослого тэмцэл, үймээн самууныг даатгаж болно. Түүнчлэн хариуцлагын тогтолцоог ч бас даатгуулж болдог юм билээ. Тодруулбал, гуравдагч этгээдэд бэртэл, гэмтэл учруулах эрсдэлийг болон бусдын хөрөнгөнд хохирол учруулах зэргийг даатгуулдаг байна. Ийнхүү барьж буй замаа даатгуулсан компанийн нийт нөхөн төлбөрийн 80-аас дээш хувь нь үер усны аюул, хөрсний нуралт, ус халих зэрэг эрсдэлээс үүдсэн хохиролд олгогдсон тухай мэдээлэл бий. Аль ч улсад ялгаагүй төлбөр төлөх нь амар зүйл биш. Тиймээс нөхөн төлбөр олгох процесст зарим сул тал үүсдэг байна. Энэ нь бодит хохирлоос давсан дүнг нэхэмжлэх, гарсан ослыг тохирсон хугацаанд нь даатгагчид мэдэгдээгүй зэрэг гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх нь бий гэнэ. Нөгөөтэйгүүр замын ажлын тендерийг удирдаж байгаа менежер бус офисс менежер нь даатгалын үйл ажиллагааг хариуцах зэрэг дутагдлууд илэрсээр байгаа аж.

Манай улсын хувьд ч ялгаагүй хохирлын үнийн дүнг хэтрүүлэн нэхэмжлэх тохиолдол байнга шахам гардаг процесс гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Хэдийгээр бид мөнгөгүй гэх үгээр халхавчлан даатгуулах процессийг орхигдуулж болох ч харамч хүн хоёр дахин төлдөг үлгэрээр эрсдэлээ үүрсээр байх уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин