Гаалийн байгууллага хүнд сурталтай, авлигад идэгдсэн гэж  олон нийт  үздэг. Тэгвэл гаалийн байгууллагын  удирдах албан тушаалтнууд  хахуулийн хэрэгт холбогдсон байна. Уг хэргийг шүүхээр хэлэлцэж байгаа юм.

Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга асан Б.О нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Э-ыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б-ийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Э-аас 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Бээс 500,000 төгрөгийг тус тус авсан байна. Харин местээ өөрчлүүлж байгаа Г.Э нь 1 000 000 төгрөг,  Ц.Б нь 500 000 төгрөг хахуульд өгсөн хэрэг нь өнөөдөр шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна.  Тэднийг хахууль, өгсөн авсан үндэслэлээр шалгаж байгаа юм.

Хахуулийн хэрэгт холбогдогчдын хэн нь хэн бэ?

Боржигон бот овгийн Б.О, Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй.

Олхнуд овгийн Г.Э, Ховд аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан. 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 38 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Бор овгийн Ц.Б, Өмнөговь аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, суух, ял шийтгэлгүй.

 

Хэргийг шүүх яагаад мөрдөн байцаалтад буцаав?

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.О, Ц.Б, Г.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Үүнд:

1. Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал: Б.О, Ц.Б, Г.Э нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар мэдүүлэг авч, яллах дүгнэлт үйлдэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх болсон үндэслэлээ заагаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй байна.

2. Ж.Баттогтох Л.Оргилмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, уг үйлдлийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож /5 дугаар хавтас 104-106, 109-110/ шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Үүнийг зөвтгөх шаардлагатай.

3. Ж.Баттогтох нь Б.О-т 3.000.000 төгрөг өгч хуваалцсан талаар Б.О-ийн мэдүүлэг болон гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлээр нотлогдсон байхад Б.О-т хахууль өгөхөд оролцсон эсэх асуудлыг шалгах шаардлагатай байна.

4. Тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаар шүүхийн тогтоолын заалт бүрэн биелээгүй. /4 дүгээр хавтас 131-136/ Өөрөөр хэлбэл хээл хахуульд өгсөн, авсан мөнгөний хэмжээг бодитой тогтоох нь зүйтэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэж заасан байхад Авлигатай тэмцэх газрын үйлчлэгч Б.Амаржаргал, С.Оюун-Эрдэнэ нарыг /3-р хх-80, 84, 5-р хх-71-83/ удаа дараа хөндлөнгийн гэрчээр оролцуулж хууль зөрчсөн гэсэн үндэслэлүүдийг заан хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.О, Ц.Б, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Харин шүүхийн энэхүү шийдврийг прокурор эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж прокурор давж заалдах шатны шүүхэд хандав.

Прокурор Б.Батжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж, уг үйлдлийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар дээрх шийдвэр нь үндэслэлтэй байна. Хээл хахуульд өгсөн, авсан гэх мөнгөний хэмжээг бодитой тогтоох зорилгоор мөрдөн шалгах шаардлагатай ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд “... хээл хахууль авсан бол ...” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд “... хахууль өгөхийг шаардсан, авсан бол ...” гэж тодорхойлсон. Хахууль авах, өгөх гэмт хэрэг нь мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гүйцэтгэх ажлын шугамаар бэхжүүлэгдсэн баримтуудад авагдсан үйл хөдлөл, үг хэллэгээр хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай нотлогдсон. Авлигатай тэмцэх газрын үйлчлэгч Б.Амаржаргал, С.Оюун-Эрдэнэ нар нь тус газарт үйлчлэгчээр ажилладаг хэдий ч уг хэрэгт ямар нэгэн хувийн сонирхолгүй болох нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогддог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй юм. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” Гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэв?

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу Б.О, Ц.Б, Г.Э нарын холбогдсон хэргийг аль хуулиар шийдвэрлэвэл зохистой талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх бүрэн боломжтой байна.

Өөрөөр хэлбэл хууль буцаан хэрэглэх зарчим нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэрэгждэг боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь эцэстээ шүүхээр шийдвэрлэгддэг учраас прокурор шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн хууль зүйн үндэслэлээ яллах дүгнэлтдээ заагаагүй нь шүүхээс тухайн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхгүй.

Яллагдагч Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт заасан хээл хахууль зуучлах гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон мэтээр прокурор илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн гэсэн шүүхийн дүгнэлт зөв байх боловч дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна. /5-р хх 104-106, 109-110/, Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд заасан хахууль өгч, авахад зуучлах гэмт хэргийн шинжийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хахууль өгөх, авах гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрт тооцож, тусдаа бие даасан гэмт хэрэг болгон хуульчлах шаардлагагүй гэж үзсэн болно. Хахууль зуучлах гэмт хэргийг хахууль өгөх, авах гэмт хэрэгт хамааруулан хүндрүүлэн үзсэн учраас Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл алга.

Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “гэмт хэрэг давтан үйлдэх" гэсэн хууль зүйн ойлголтыг халсан нь Ж.Баттогтохын хувьд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн. Нөгөө талаар Ж.Баттогтох, Л.Оргилмаа нар албан тушаалын байдлаа ашигласан гэхээс илүү танил, дотно харилцаагаа ашигласан гэж үзэхээр байх тул тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд заасан хахуульд зуучлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх боломжгүйгээс гадна мөн зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хахууль өгч авахад зуулчилсан гэж үзвэл хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир прокуророос хэрэгсэхгүй болгосон хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь нэгэнт ач холбогдлоо алджээ.

Иймд Б.О, Ц.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, гэм буруугийн талаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байх тул эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Ямартай ч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон байгаа юм. Харин шүүх тэдний гэм буруутай юу үгүй юу гэдгийг тогтооно.

Бид гаалийн дарга нарын холбогдсон энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа