“Ах нь бусадтай адил гэдэс цатгалан, элэг бүтэн амьдралаар өсөөгүй. Эргээд бодоход аз жаргал, уйтгар гуниг хоёрыг хослуулан байж урсгасан нулимс, хийж бүтээж, тэмцэхийн төлөө дуслуулсан хөлснийхөө хүчээр энэ амьдралаа бүтээж. Тиймдээ ч шил, лааз, шуудай түүгчээс дэлгүүрийн “босс” болтлоо олон зүйлтэй нүүр туллаа” гэх хүн бол Б.Батболд хэмээх эрхэм.

Түүнтэй таван сарын өмнө танилцсан юм. Танилцсан ч гэж дээ. Тэрбээр хүний орчлонг сөхөрч биш сөрж туулах ёстойг өөрийн биеэр хэрхэн үлгэрлэсэн тухайгаа нүүр номондоо постолсныг уншаад сэтгэл эрхгүй хөдөлсөн хэрэг. Бид ингэж л танилцсан түүхтэй. Дараа нь нүүр номоор нь дамжуулж холбогдон утсаар ярьдаг болсон. Амьдралынхаа тухай ярихдаа нэг л үгийг байнга шахуу давтана. Тэр нь “Ах нь их ичимхий хүн. Сонинд нийтлэгдсэн материалыг хүмүүс уншаад ахыг нь шоолох вий” гэнэ. “Та пост оруулсан биз дээ” гэхэд “Тэр үү. Тэр яахав дээ. Бичих гэж сэглэсэн ухаантай эд. Сэтгүүлч та нар ухаж төнхөөд хэцүүхэн хүмүүс байна лээ” гэж ихэд цааргалсансан. Бидний болзоо хэдэнтээ цуцлагдсан. Энэ хугацаанд тэрбээр завгүй ажлынхаа хэмнэлээр  Сэлэнгэ, Дарханы зүг мордсон. Хэзээ эргэж ирэхийг мэдэхгүй хэрнээ амттай түүхээ дотроо хадгалж явсаар нэг мэдэх нь ээ, олон сарыг ардаа үдэж. Тэсгэл алдан түүний ярьсан, бас бичиж үлдээсэн тэмдэглэлийг сийрүүлэхээр зориг шулуудсан нь энэ. Яагаад гэвэл, бид бүхэн бусдад зөв үлгэрлэж, урмын үгийг харамгүй хайрлаж, зөв бурууг ухамсартайгаар дэнсэлдэг байж гэмээнэ монгол хүмүүн болж төрсний ач буян бага ч атугай гарах биз ээ. Тиймээс л Б.Батболд гэх эрхмийн туулж өнгөрүүлсэн гашуун хийгээд тэмцэл, хатуужил, хайраар дүүрэн амьдралыг нийтэд хүргэхээр шийдсэн нь энэ. Таалан болгооно уу.

Эхийн сүүний үнэр энгэр юугаас нь арилаагүй эрх, бага насандаа эцэг, эхээсээ өнчирч үлдсэн тэрбээр хүний орчлонгийн хатуу ширүүн бүхний өмнө өвдөг сөгдөхгүйн тулд хар бор ажлыг гололгүй хийдэг байжээ. Ингээд 2000 оны тэр нэгэн өдөр нийслэлд хөл тавьснаар ирээдүйн амьдрал нь орвонгоороо эргэнэ гэдгийг яахан мэдэх билээ. Өөрийн гэх өмч хөрөнгөгүй болоод тэр үү, дээд сургуульд суралцана гэж хоосон мөрөөдсөнгүй. Харин хэрхэн хоёр идэхгүй хоосон хонохгүй байх вэ гэж боддог байж. Ажил хайлаа. Босгыг нь давах гэсэн байгууллага бүр л мэргэжилгүй гэж гоочилж, хялалзана. Аргагүйн эрхэнд хог дээрээс шил, лааз түүж, хоолныхоо мөнгийг аргалдаг болж. Энэ үед л амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх ирээдүйн гэргийтэйгээ танилцсан байна. Хан-Уул дүүрэг, Нисэхийн автобусны эцсийн буудал. Социализмын үеэс нисэхийн салбарын алба хаагчид амьдарч ирсэн уг суурин 2000 оны эхэн үе гэхэд хуучин цагийн эмх цэгцтэй дүр төрхөө алдаагүй байсан цаг. Ирээдүйн гэргий нь жаахан бие муутайг эс тооцвол комиссийн бараа зарж багагүй ашиг олчихно. Б.Батболдыг яваад очиход идээ, цай болж багагүй сандарна. Цаг хугацаа өнгөрсөөр л. Нэг л мэдэхэд тэд оонын эвэр шиг ижилдэн дассан байв.

Бэр гуйсан нь

Түүний амьдралын хамгийн аз жаргалтай агаад хамгийн амттай үе одоо л эхэлж байна. Төрсөн цагаасаа хайр халамж гэдгийг барагтай амталж үзээгүй болоод тэр үү, элэг бүтэн гэр бүлтэй болж өнөр өтгөн амьдрахыг багаасаа мөрөөдөж иржээ. Ингээд гэргийтэй болсон тэр цагаас үүрэг, хариуцлага нэмэгдсэн гэдгийг дөнгөж ухаарах тэрхэн мөчид хэзээ мөдгүй аав болж үрийн зулай үнэрлэхээ мэдэв. Түүний мөрөөдөл биелэлээ олох цаг ойрхон ирлээ. Нийслэлд хөл тавьсан цагаас яг хоёр жилийн дараа залуу хосууд хүүгээ өлгийдөж авчээ. Гэхдээ түүнд нэг л зүйл дутуу байв. Энэ нь толгой хоргодох дулаахан гэр. “Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтана” гэдэг билэгшээлтэй сайхан үг бий. Амьдралаа босгож чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан тэрбээр дотроо галлагаатай нийтийн байрнаас халаасны өрөө түрээсэлж, хадам ээж, ах дүүгээс нь эхнэрээ гуйжээ. Хадам ээж нь гээд сайхан инээмсэглэдэг хөгшин амьдралдаа алдах эрхгүй гэдгийг сануулаад охиныхоо гарыг атгуулжээ. Ингэж л эхнэрээ бэр буулгаж, түрээсийн байрандаа авч ирэв. Алимны цаасан хайрцаг дэлгэснээс өөрөөр эд хогшил гэх юмгүй жижигхэн өрөөндөө эхнэр, нялх үрээ оруулахдаа нулимсаа дотогшоо залгисан гэдэг. Арга ч үгүй юм. Гэр гэж албан ёсоор дуудуулах энэ өргөөндөө элэг бүтэн амьдралаар амьдрах гэж байна шүү дээ.

Ам бүл гурвуулаа болсон болохоор Б.Батболд гурав дахин их ажиллах ёстой. Өмнө нь шил, лааз түүж, тушаасан мөнгөөрөө тэрүүхэн тэндээ болгочихдог байсан цаг хэдийнэ өнгөрсөн. Тиймээс өдөрт нь шил, лааз түүж, шөнө оройгоор мод, нүүрсний шуудай түүдэг болжээ. Ургахын улаан нарнаар эртлэн босч ажилдаа гарсан нөхөр нь үдшийн бүрийгээр орж ирнэ. Ингэхдээ шуудай дүүрэн олзоо үүрэн гэрийнхээ босгоор инээмсэглэсээр давахад нялх жаахан үр нь ход ход хийн инээнгээ гараа дэлгэн аавынхаа энгэр өөд мацна. Энэ л тэдний аз жаргал. Тиймдээ ч хэчнээн ядарч, өлсөж, ундаассан ч үл ажирна. Б.Батболдын авчирсан шуудайг гэргий нь угааж, цэвэрлэн 300 ширхэг болгож багцлангуут гэрийн эзэн Хар хорин зах дээр борлуулах үүрэгтэй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бизнес нь өргөжиж, хураасан таван төгрөгөөрөө нүүрс, түлээ зардаг болжээ. Бас ч үгүй автобусны буудлын хажууханд хашаа худалдан авч тэндээсээ борлуулалтаа хийдэг болсон байна. Ингэж тэмцэж амьдарч ирснийхээ ачаар 2009 онд анхны дэлгүүрийнхээ үүдийг нээлээ.

Охинтой болбол “Саямаа” гэж нэрлэнэ

Амьдрал тэгшрэхийн хэрээр хосууд охинтой болохын мөрөөсөл болж байв. Гэвч гэр бүлтэйгээ хамт өнгөрөөх цаг хором мөч бүхэн эхнэрт нь маш их үнэтэй. Учир юу гэвэл, гэргий нь бага насандаа хоёр удаа шарлаж, элэгний өвчтэй болсон байж. Энэ тухайгаа анх танилцахдаа хэлж, “Удаан наслахгүй байх” гэж анхааруулжээ. Тэгэхэд нь Б.Батболд “Багаасаа амьдрал үзсэн энэ эмэгтэйг сайхан амьдруулж, үлдсэн богинохон амьдралыг нь аз жаргалаар дүүрэн өнгөрүүлье” гэж шийдсэн юмсанж. Тэд ингэж л гэр бүл болж, нэгэн хүүгийн эцэг, эх болцгоосон юм. Хүүгээ тээх үед эмч нар “Төрж болохгүй. Бие чинь дийлэхгүй” гэж анхааруулсан ч эсэн мэнд амаржжээ. Одоо тэд охинтой болох хүсэлтэй. Гэвч хүсэл бүхэнд хязгаар бий. Тиймээс л охинтой болбол хайрлахаар шийдсэн “Саямаа” нэрээ анхныхаа үйлчилгээний төвд хайрласан нь энэ. Ингэж л “Саямаа” нэртэй компани байгуулагдаж, “Саямаа-1, 2, 3” салбар дэлгүүр нээлтээ хийсэн юм. Анхны дэлгүүрээ 2009 онд нээж, 10 хүнийг ажлын байраар хангав. Аж ахуйн ажлаа эхнэр нь хариуцаж, Б.Батболд хуучин шигээ түлээ, нүүрсээ зарсаар 2011 онд хоёр давхар улаан тоосгон үйлчилгээний төвөө нээв. Гэвч нээлтээс хэдхэн хоногийн дараа амьдрал зүтгэж яваа нэгэнд харамгүй хатуу гэдгээ нотлож, гэргий нь бурханы оронд заларсан юм. Энэ талаар тэрбээр “Хэрвээ эмнэлэгт буруу тариа хийгээгүй бол эхнэр минь хамгийн багадаа дахиад таван жил наслах байсан. Ханийхаа хийсэн халуун хоол, цайг идэж, уун гангар гунгар хөөрөлдөж суух минь жаргалын дээд жаргал байлаа. Хань минь надад “Би хүүгээ наймдугаар анги төгсгөчихвөл боллоо” гэж ярьдаг байсан нь бие нь ядруухан байсны л илрэл байж дээ, хөөрхий. “Надаас хойш ганцаараа битгий яваарай. Хань ижилтэй болж, үр хүүхэдтэй болоорой. Эр хүн ганцаараа явахад сэтгэлийн тэнхээ муутай байдаг юм. Хүүгээ сайн хүн болгож хүмүүжүүлээрэй” гэж захиж хэлдэг байлаа. “Чи бид хоёр хүний төлөө амьдраагүй. Хэн, юу гэж хэлэх нь хамаагүй. Гол нь бид аз жаргалтай, элэг бүтэн амьдрах нь чухал. Бид ямар бусдад таалагдаж амьдрах ёстой биш. Харин бусдын сайн сайхны төлөө ямар нэг өгөөжтэй зүйл хиймээр байна” гэж хэлдэг байсан. Мөн ч их ухаантай хүн байж дээ” хэмээн дурсан ярьсан юм. Тэрбээр гэргийгээ хөдөөлүүлснээс хойш дөрвөн жилийн дараа “Саямаа” худалдаа үйлчилгээний төвийнхөө гурав дахь салбарыг нээсэн юм. Бизнесээ амжилттай авч явахын зэрэгцээ хүүгээ өсгөж, хүмүүжүүлэх гээд хариуцлагатай ачааг үүрэх даалгавар түүнд ногдсон. Хэдий бизнесээ амжилттай авч явахад түүртэх зүйлгүй ч өдрөөс өдөрт өсөн торниж буй хүүдээ цаг зарцуулах шаардлагатай учир гурван салбар дэлгүүрээ зарсан байна. Одоо тэрбээр хүүтэйгээ ихэнх цагаа өнгөрүүлдэг аав болсон. Гэхдээ бас болоогүй ээ, хөдөө орон нутгаас орлого оруулдаг “мөнгөний” ажил түүнд бий. Тэр ч утгаараа өнгөрсөн намраас хойш орон нутагт ажиллаж байна.

Түүнээс “Мөнгө ямар үнэ цэнтэй вэ” гэж асуухад “Гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд, хүн чанар, ёс суртахуунаас лав үнэ цэнтэй биш. Мөнгө бол зүгээр л хэрэглээ. Гэхдээ мөнгөгүй бол хоногийн хоолоо юугаар худалдаж авах юм бэ. Би хоосон хонож үзсэн. Олон удаа шүү. Тиймээс мөнгөний үнэ цэнийг бага ч гэсэн мэднэ. Гудамжинд түлээ, нүүрс зардаг байхад өдөр бүр цагдаа ирж хөөдөг байсан. Заримдаа түлээ, нүүрсийг минь хураана. Нэг удаа намайг албадан саатуулах байранд 14 хоног үргэлжлүүлэн хоригдох уу, эсвэл 20 мянган төгрөгөөр торгуулах гэсэн сонголттой тулсан. Эхнэр маань хүнээс мөнгө зээлж торгууль төлсөн. Гэрт ирээд өмсч явсан бүх хувцасыг минь шатаагаад усанд оруулж билээ. Тэр үед торгуулсан 20 мянган төгрөг надад ямар их мөнгө байсан гэж санана” гэсэн юм.

Б.Батболд архи, тамхи огт хэрэглэдэггүй. Ядарсан хүнд үүн шиг дэмий зүйл хэрэггүй гэж хэлсэн нь бас л үнэний ортой байх. “Би хань ижлээ алдсан ч, ард минь торойж үлдэх үртэй хүн. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод ургадаг гэдэг. Хань минь тэнгэрийн орноос биднийгээ харж байгаа гэдэгт итгэж байна. Хүн нэг л амьдрах юм чинь өнгөтэй, өөдтэйг хэрэглэж амьдрах хэрэгтэй гэдэг. Би ингэж боддоггүй. Хүн нэг л амьдрах юм бол харин ч бусдад зөвөөр үлгэрлэж, амьдралдаа алдсан, алдах гэж буй залууст чин сэтгэлийн гараа сунгаж тусалдаг байх хэрэгтэй. Тэгж чадвал хүн болж төрсний хэрэг гарах юм шүү дээ. Хэрвээ гэргийтэйгээ танилцаагүй бол өдийд яаж ч амьдрах байсан юм, бүү мэд. Миний амьдралыг гэрэлтүүлж, хөлс, нулимсны үнэ цэнийг ойлгуулсан хүн бол миний  гэргий” гэж хэлэх ийм л дайчин, шаргуу, эгэлгүй нэгэнтэй фэйсбүүкийн ачаар танилцаж, амьдралынх нь зах зухаас ярилцсанаа хүргэлээ. Түүнд муу явах, “муухай” амьдрах сонголт байсан. Гэхдээ тэр сонголтоо хийсэн. Энэ сонголт нь амьдралд бууж өгөлгүйгээр тэмцэх зам юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин