Дайны үеэр алагдсан бүхий л энгийн иргэдийг дайны хохиролд тооцох, эсвэл байлдагчдын “сэтгэл санааг өргөх”-ийн тулд бүсгүйчүүдийг хүчирхийлэх нь байдаг л хэрэг үү... Вьетнамын дайны дараа Америкийн киночид дээрхи асуултанд хариулахаар хэд хэдэн кино хийсэн.

    Алтан шүдэт бүсгүй

Энэ гунигт түүх дайны ид үе буюу 1966 оны намар болжээ. Америкийн цэргийн ангиас тагнуулчдын бүлгийг ширэнгэ рүү илгээхээр шийдэн туршлагатай, бэлтгэл сайтай, бас найдвартай цэргүүдийг сонгожээ. Бүлгийн ахлагчаар хамгийн залуу ч хамгийн туршлагатай гэх түрүүч Девид Жэрвасыг томилсон. Сайн дураараа ирсэн тэрээр аль хэдийн таван одонгоор шагнуулж мөн халагдахад нэг сар л үлджээ.

Түүний удирдлага дор ахлах байлдагч Стивен Кэббот Томас, Роберт Стореби бол үеэлүүд болох Киприано болон Жозеф Гарсия нар явахаар болов. 11-р сарын 17-нд  үүрэгт гарахаасаа өмнө ахлагч нэгэн санал тавьжээ. “Эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг шиг тагнуулын ажиллагаагаа хөгжилтэй болгож сэтгэлээ сэргээгээд авахын тулд цагаасаа эрт гарч хажуугийн тосгоноос хүүхэн хулгайлан ширэнгэ рүү авч яван жаргах санал тавьжээ. Дараа нь элдэв хэл ам гаргахгүйн тулд тэнд нь хөнөөнө гэдгээ шууд хэлсэн. Америк цэргүүдийн хувьд вьетнам хүний амь ямар ч үнэ цэнэгүй байсан. Бүлгийнхэн нь зөвшөөрсөн бол ганцхан Роберта Стореби л эсэргүүцжээ. Эсэргүүцээд зогсохгүй тэр дор нь бага даргадаа илтгэсэн байна. Бага дарга нь түрүүчийг тийм зүйл хийж зүрхлэхгүй гээд тоосонгүй. Гэтэл түрүүч бүр шийдчихсэн байжээ. Маргааш нь бүлэг үүрээр хөдөлж замдаа хажуугийн Катуонг гэдэг тосгоноос нэгэн бүсгүйг хулгайлаад аманд нь даавуу чихэж хүчээр авч явжээ. 

Бүсгүйг Фан Тхи Мао гэдэг, алтан шүдтэй жижигхэн биетэй туранхай байсныг Стореби хожим нь дурссан. Бүлэг тэр өдрөө очих ёстой газартаа ирээд бүсгүйг өдөржин цувран хүчирхийлжээ. Ганцхан Стореби л оролцоогүй, эсэргүүцсэн хэвээрээ байсан. Хүчирхийлэхээс татгалзсан түүнээр бүлгийн ахлагч бүсгүйг хөнөөлгөхөөр шийдэн 19-ны өглөө “илүү ачаанаас салгах” үүрэг өгчээ. Сторебиг эрс татгалзахад түрүүч тулааны үеэр араас чинь буудчихна шүү хэмээн сүрдүүлжээ. Хүчирхийлэл шөнө ч үргэлжилсэн. Ийнхүү өдөржин шөнөжин хүчирхийлэхдээ бүсгүйд хоол байтугай балга ус ч өгсөнгүй. Өдөр нь америкчууд таван партизаныг илрүүлж буудалцан агаарын дэмжлэг шаардан нисдэг тэрэг дууджээ. Нисдэг тэрэгнээс бүсгүйг харж магадгүй хэмээн байлдагч Томас хурдан учрыг нь олохыг ахлагчаасаа шаардахад тэрээр зөвшөөрч өөрт нь үүрэг өгчээ. Байлдагч хутгаа сугалаад бүсгүйг үснээс нь чирэн бут авч ороод удалгүй гарч ирэн “болсон” гэжээ. Тэрээр гурвантаа хутгалсан байжээ.  Энэ үед бүлгийнхэн бутан дундуур унаж тусан зугтаж яваа бүсгүйг олж харсан аж. Гурвантаа хутгалуулсан ч амьд гарсан түүний араас Сторебигээс бусад нь бүгд галлажээ. Хутгалсан Томасын сум бүсгүйн толгойд оносон гэдэг.

“Илүүдэл ачаа”-наасаа салсан бүлэг “үндсэн ажилдаа” орж партизануудын араас мөрдөж гүйцэн бяцхан тулгаралт болжээ. Илтгэлд бичсэнээр нэгийг нь устгаж бусад нь шархдан зугтсан гэнэ. Тулааны үеэр түрүүч Жэрвас буудалцааны талбараас бүлгийнхээ шархадсан цэргийг чирч гаргасан тул “Хүрэл одон”-гоор шагнуулжээ.

                                                                                    Шүүх хурал

Тагнуулаас буцаж ирээд Стореби болсон хэргийг ангийн удирдлагадаа ахин мэдэгджээ. Захирагч  нь вьетнам бүсгүй нэгэнт үхсэн тул хэргийг сөхөөд хэрэггүй гэхэд нь дээд шатны даргадаа хандсан. Энэ үеэс Сторебиг амь насыг нь хөнөөхөөр ил далдаар тал талаас нь заналхийлж эхэлсэн ч няцалгүй явсаар цэргийн шүүхэд хүргэж чаджээ.

Шүүх  хуралд гэрчээр оролцсон түүний мэдүүлгийг олон талаар няцаах гэжээ. Вьетнам бүсгүйг тагнуул байсан гэж баталж мөн буудалцааны үеэр партизануудын суманд оногдсон гэж зүтгэсэн.  Хагас жил үргэлжилсэн шүүх хурлын эцэст гарцаагүй нотлох баримтыг үндэслэн 1697 оны хавар буруутныг шийтгэж цэргээс хөөжээ. Бүсгүйг хутгалаад дараа нь буудсан Томасд 20 жилийн ял оноосон ч дээд шатны шүүхээс найм болгож багасгасан. Тэрээр ердөө дөрвөн жил суугаад өршөөлөөр суллагджээ. Түрүүч Жэрвасд 10 жилийн ял өгсөн ч мөн л найм болгон бууруулжээ. Тэр таван жил суугаад суллагдсан. Үеэл Гарсия нар бас л хэдхэн жил суугаад гарсан. 1969 оны 10-р сарын 18-ны өдөр «Нью-Йоркер» сэтгүүлд Вьетнамын дайнд оролцож явсан Свен Эриксоны ярилцлага нийтлэгдсэн нь шуугиан тарьжээ. Энэ швед нэрээр вьетнам бүсгүйн аллагын гэрч Роберт Стореби нуугдаж байжээ. Тэрээр америк цэргүүдийн үйлдсэн цэргийн гэмт хэргүүдийн талаар дэлгэрэнгүй баримттай ярьж энгийн иргэдийг алж хядаж хүчирхийлж тамлаж байсныг нь анх удаа гаргаж тавьсан. Хөл хорих цагийг таван минутын зөрчсөн вьетнам хүнийг газар дээр нь буудаж, ердөө зугтлаа хэмээн араас нь автоматоор шүршиж байсныг өгүүлсэн. Энэ бүхнээс гэм зэмгүй бүсгүйг хулгайлж хүчирхийлээд эцэст нь зэрлэгээр хороосон нь олон нийтийг хамгийн их цочроожээ. Сэтгүүлч Лэнг энэ ярилцлага дээрээ үндэслэн “Casualties of War” буюу “Дайны хохирогсод” гэдэг ном бичсэн нь өргөнөөр борлогджээ.

                                                                                        Кино

Энэ түүхийг анх олж харсан нь баруун Германы найруулагч Михаэль Верхувен байсан. Тэрээр Лэнгийн номоор 1970 онд «O. K.» гэдэг хар цагаан кино хийсэн. Германд ширэнгэ байхгүй тулд ойд зураг авч герман жүжигчдийг тоглуулсан. 

Тэр жилдээ Берлиний кино наадамд оролцоход шүүгчдийн зөвлөлийг ахалж байсан Америкийн иргэн Жорж Стивенс киног хасах гэж байдгаараа зүтгэсэн  ч чадаагүй тул бантахдаа шүүгчдийн зөвлөлийн даргаасаа буусан. Гэхдээ кинонд ямар нэгэн шагнал олгуулаагүй. 1972 онд найруулагч Элиа Казан  дээрхи түүхээр “Зочид” буюу “The Visitors” гэдэг кино хийсэн нь амжилтанд хүрсэнгүй. Найруулагч бодит түүхийг нэлээд сулруулж гуйвуулсан нь буруудсан.  Жинхэнэ шуугиан тарьсан “Casualties of War” киног 1988 онд Холливудын алдарт найруулагч Брайан де Пальма хийсэн. 

Болсон явдлыг үнэнээр нь өгүүлэмжтэй, үнэмшилтэй гаргасан киноны зураг авалтыг Тайландад авчээ. Гол дүрд нь тухайн үед од болж байсан Майкл Жей Фокс тоглосон.

Түрүүч Девид Жэрвасын дүрийг нэрд гарч байсан жүжигчин Шон Пэн бүтээсэн. Найруулагч бүхэлдээ Лэнгийн номыг баримталсан агаад вьетнам бүсгүйг бутанд бус харин гүүрний дэргэдэх ширүүн тулалдааны үеэр хөнөөж байгаагаар гаргасан.

“Casualties of War” нь 1989 онд дэлгэцэнд гарсан ч Америкт олны хүртээл болж чадсангүй. Вьетнамын дайнд оролцсон цэргүүдийг сөрөг байдлаар харуулахыг хүсээгүй эрх баригчид кинотеатрт үзүүлэх, прокатанд гаргахад бүхий л талаар хориг саад тавьсан. Прокатнаас хураасан ч тохиолдол гарсан. Харин Ази, Европын орнуудад ихээхэн амжилтанд хүрсэн билээ.

 

Эх сурвалж: НУУЦ.мн