Самбо бөхийн дэлхийн хоёр удаагийн хошой аварга, Москвагийн олимпийн шагналт байр, 1991 оны дэлхийн аваргийн хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт МУГТ Н.Бүргэдааг бөхөд хайртай ард түмэн андахгүй.

Ид үедээ дэлхийн томчуудыг айлгаж байсан тэрээр хэлмэгдэж гадуурхагдаагүй байсан бол үүнээс илүү амжилт үзүүлэх байсан гэдэг. Гэсэн ч өөрийн уйгаүй зүтгэлийн үр дүнд улсын шигшээ багт бүр тодруулбал 28 насандаа одоогоор бол зодог тайлах насан дээрээ орж Москвагийн олимпийн шагналт 5-д орж байсан. Дараа нь 1982 онд чөлөөтийн дэлхийн аварга болох боломж байсан ч тухайн үеийн шигшээ багийн удирдлага болон БТСХ, засгийн газрын хүмүүсийн удирдлага хоорондын зөрчлөөс болж хэлмэгдсэн гээд түүний спортын замнал шулуун дардан байгаагүй. Гэсэн ч тэрээр туулсан амьдрал, үзүүлсэн амжилтандаа сэтгэл хангалуун явдаг юм билээ. Амьдралынхаа ихэнх хугацааг ажил хөдөлмөрт зориулсан хэмээдэг түүнийг үнэхээр ясны хөдөлмөрч хүн гэдгийг олон хүн хэлдэг.

Энэ хирээрээ улс эх орондоо баялаг бүтээлцэж яваа тэрээр Удирдлагын акедемид суралцаж номын дуу сонсч байна. Өдгөө Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч тэрээр төрөлх нутаг Говь-Алтай аймгаасаа улс төрд оролцох бэлтгэлээ базаагаад зав л гарвал Алтай нутаг руугаа хүлгийн жолоо залдаг болсон гэнэ шүү. Маргаашийг, ирээдүйг хардаг хүн төрд хэрэгтэй байна гэж ярих дуртай тэрээр төрд гарвал олсон мөнгөө улс эх орон, их спортдоо зориулна гэдгээ ч нуудаггүй. Одоо л гэхэд Чөлөөт бөхийн холбоондоо чамгүй хөрөнгө хандивладаг юм билээ.

Д.Нэргүй