Хар тамхи, мансууруулах бодисын наймаачид хууль бус ажлаасаа жилд 100 орчим тэрбум ам.долларын ашиг олдог гэсэн дэлхийн хэмжээний судалгаа бий.

 

Олон улсад ч энэ төрлийн гэмт хэрэг газар авч  байна. Монголчуудын хувьд цагаан тахлын хэрэглэгч, тээвэрлэгч болж буй тохиолдол эрс нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүгийн цагдаагийн газрынхан онцоллоо.

 

Баримт түшвэл, хамгийн сүүлийн үеийн мэдээллээр зөвхөн БНХАУ-ын  нутаг дэвсгэрт гэхэд л хар тамхи тээвэрлэж яваад тус улсын хууль сахиулах албаныханд баригдан шүүхээс цаазын ял сонссон Монгол Улсын  таван иргэн бий.

 

Түүнчлэн 10-14 жилийн хорих ялтай найм, 4-7 жилийн хорих ял эдэлж байгаа дөрвөн хүн тус улсын хорих ангиудад хоригдож байгаа юм. Хар тамхины наймаанд өртөж буй монголчуудад сэрэмжлүүлэг болгох үүднээс БНХАУ-ын Юнан мужийн шүүхээс 15 жилийн хорих ял сонсон тус улсад таван жил торны цаана суусан Ц-тай өнгөрөгч амралтын өдөр уулзаж ярилцлаа. Тэрбээр Хятадын хорих ангид хоригдож байгаад ялтан шилжүүлэх хэлэлцээрээр 2011 онд нутагтаа ирсэн юм.

 

Өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар ангид хоригдож байна.

 
 

-БНХАУ-ын нутаг дэвсгэрт хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдон шүүхээс 10-аас дээш жилийн хорих ял сонсон хоригдож буй 10 гаруй монгол эмэгтэй бий. Та ч тэдний нэг. Яаж яваад хар тамхины хэрэгт орооцолдсон юм бэ?

-Би 2006 онд Үйлдвэр урлалын дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байсан юм. Нэг өдөр эгч маань утсаар холбогдож “Бээжинд хүрээд ирээч, Монголд жимс аваачиж худалдмаар байна” гэж хэлэв. Би ч зөвшөөрч галт тэрэгний тасалбар худалдан авсан. Бээжин рүү гарахын өмнөх өдөр аавындаа очиж гадагшаа явах болсноо дуулгаад нэг ойтой охиноо үлдээгээд гарлаа. Маргааш нь буюу 2006 оны арваннэгдүгээр сарын 17-нд Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтэрч Бээжин рүү хөдөлсөн. Шөнийн турш явсаар 02.00 цагт Бээжинд очиход эгч маань нэг найзынхаа хамт намайг угтан авлаа. Миний хувьд анх удаагаа Хятадад очсон нь тэр. Өглөө үүрийн 04.00 цагт гарч, галт тэрэгний буудал орсон санагдаж байна.

 

Хятадын нийтийн галт тэргээр хоёр өдрийн турш явсны эцэст Юнан мужид буулаа. Эргэн тойрон огт танихгүй хүмүүс. Хэл усыг нь ч ойлгох арга байхгүй. Бид хоёр галт тэрэгнээс буугаад ариун цэврийн өрөөнд нүүр, гараа угаах санаатай явж байтал гэнэт хоёр цагдаа хүрч ирээд гавлаад авсан. Тухайн үед юу болж байгааг мэдрэх ч сөхөөгүй, их цочирдсон. Хар тамхи тээвэрлэж яваагаа ч мэдээгүй. Уг нь намайг Бээжинд ирсэн өглөө эгч надад хэлэхдээ “Эмийн ургамал хүнд аваачиж өгнө” л гэсэн. Би ч эгчийн ажилд тус дэм болоод сургалтын төлбөрөө олчих юм бол болох нь тэр  гэж бодож явлаа.
 

-Цагдаа нар та хоёрыг баривчилсны дараа юу болов. Эмийн ургамал гэж хуурч хар тамхи өгсөн хүнээ эгч нь таньдаг байсан уу?
 

-Галт тэрэгний буудалд баригдсаны дараа цагдаа нар эгч бид хоёрын гар тээшнээс цагаан нунтаг бодис гаргаж ирээд үзүүлсэн. Тэд англиар хэлэхдээ “Та хоёрын гар тээшнээс 510 грамм хар тамхи гарч ирлээ” гэсэн. Үнэхээр ухаан санаа балартсан. Бүр гайхаж орхисон. Ингээд л дуусчээ гэж бодсон доо. Охин минь нүдэнд харагдаад өөрийн эрхгүй ихэр татан уйлсан. Эмийн ургамал хүнд хүргэж өгөөд ирээч гэсэн хүн нь эгчийн найз байсан юм гэнэ лээ. Бээжинд байнга оршин суудаг монгол охин.
 

-Эгч тань бас Бээжинд амьдардаг байсан юм уу?
 

-Үгүй, эгч Эрээнээс бага зэргийн жимс хот руу авчран худалдаж ойрын зуурын хэрэгцээний мөнгөө олдог байсан юм. Тэр үед найз нь “Бээжинд хүрээд ир” гэж дуудсан гэнэ лээ.


 

-Цагдаад гавлуулах үедээ л хар тамхитай явснаа мэдсэн хэрэг үү?
 

-Хар тамхи зөөвөрлөж яваагаа мэдсэн бол бид хоёр тийм тайван явахгүй шүү дээ. Яг Хятадын цагдаад гавлагдах үедээ л хууль бус зүйлд орооцолдож дээ гэх бодол зурсхийсэн. Баривчлагдаад л эгчээс салсан. Тэр өдрөөс хойш таван жил уулзаагүй.
 

 -Юнан мужийн хориход хэр удсан бэ. Та хоёрт холбогдох хэргийн шүүх хурал хэзээ болсон бэ?
 

-Юнан мужийн шүүхэд 2007 оны дөрөвдүгээр сарын 11-нд шүүх хурал болсон. Түүнээс өмнө мөрдөн байцаагч нэг ч удаа өмгөөлөгчтэй уулзуулаагүй. Шүүх хурал товлогдсон өдөр эгч бид хоёрт тус бүрт нь нэг өмгөөлөгч өгсөн. Ер нь баригдсанаас хойш жил, хоёр сарын хугацаанд гурван удаа мэдүүлэг авсан.  Мөрдөн байцаагчийг мэдүүлэг авах үед хоёр удаа л  хэлмэрч орчуулга хийж өгсөн санагдаж байна. Би анхнаасаа л хар тамхи тээвэрлэж яваагаа мэдээгүй учраас мөрдөн байцаагчийг асуулт асуухад нь “Мэдэхгүй” гэдэг хариултыг л өгч байлаа. Орчуулагч надтай уулзахдаа “Та хоёр хар тамхи тээвэрлэж явсан юм байна. Та хоёрыг хар гэрт хорино. Ял өгнө” гэж хэлдэг байсан.
 

-Хэрэг хүлээлгэхийн тулд залхаан цээрлүүлэх ч юм уу ямар нэгэн байдлаар дарамт учруулж байв уу?
 

-Хоригдож байсан өрөөнд өглөө 06.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл хана руу харуулаад суулгачихдаг байсан. Хэрэв зөвшөөрөлгүй хөдөлгөөн хийвэл муухай хашгирна. Бүтэн өдрийн турш хэнтэй ч ярихгүй. Зөвхөн хана ширтээд огт хөдөлгөөнгүй сууна гэдэг  маш хүнд. Залхаан цээрлүүлнэ гэдэг нь л тэр байх.
 

-Шүүх хурлын процесс нь хэрхэн явагдсан бэ. Шүүх хуралд өмгөөлөгчтэй орсон уу?
 

-Өмгөөлөгч, орчуулагч хоёртой анхан шатны шүүх хуралд орсон. Шүүгч орчуулагчаар дамжуулан хэлэхдээ “Та хоёр хар тамхи тээвэрлэж явсан байна. Н-д бүх насаар нь хорих ял оногдууллаа. Харин Ц-д 15 жилийн ял оноолоо” гээд л  тогтоол уншсан. Хятадын ардын шүүхээс 15 жилийн хорих ял сонсчихоод чихэндээ ч итгээгүй. Шүүх хурлын үеэр шүүгч нь шүүгдэгчээсээ хэргийн учир шалтгааныг огт тодруулдаггүй юм билээ. Орчуулагчийнх нь юу хэлж байгаа нь ч ойлгомжгүй.  Шүүхийн тогтоол гарсны дараа давж заалдах эрх бид хоёрт бий гэдгийг ч  мэдээгүй.

 

-Тухайн үед өөрийгөө өмгөөлөх боломж гарсан уу?


-Үг хэлэх боломж гараагүй. Хэлсэн ч хэн ч ойлгохгүй шүү дээ.
 

-Шүүхээс ял сонсоод шууд хорих анги рүү ачигдсан уу. Шоронгийнх нь нөхцөл нь хүнд үү?
 

-Тийм. Эхний нэг жил нь Юнан мужийн нэгдүгээр хориход ялаа эдэлсэн. Шоронгийн нөхцөл нь маш хүнд. Өдөржин хана ширтээд л сууна. Ногоо, будаахан л өгнө. Олон сарын турш ногоогоор хооллохоор хавагнаад бие муудаж эхэлсэн. Хоригдож байгаа өрөөндөө хоорондоо огт ярилцаж болохгүй. Харгалзагчид нь маш чанга. Тэндээс яг жилийн дараа Хөх хотын мянга гаруй хоригдолтой хорих ангид ирсэн.

 

Өрөөндөө 10-16 хүнтэй, өдөр бүр 06.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл ажиллана. Өдөр нь нэг цаг амрах эрхтэй. Тэр үедээ хоригдлууд хооллоно.  Оёдлын цехэд өдөрт 100 өмд оёх үүрэгтэй. Хэрэв нормоо биелүүлэхгүй бол илүү цаг ажиллуулдаг байсан. Бүтэн сайн өдөр бүх хоригдлууд амардаг байлаа.  Ингээд л нэг мэдэхэд шоронд таван жилийг өнгөрөөсөн. Хоригдох хугацаанд эгчийн маань бие эрс муудаж тариагаар л амьдарч байсан гэж хэлж болно. Эгч минь Юнан мужийн шүүхээс бүх насаараа хоригдох ял сонсоод л сэтгэл зүйн гүн хямралд орсон юм билээ.

 

Тэгээд Өвөрмонголын хориход шилжин ирээд хоёр сар ажиллаад л хэвтэрт орсон. Хоолноос гарчихсан. Хэнтэй ч ярихгүй. Биеийн жин нь 65 кг-аас 33 кг болтлоо буурсан гээд бод доо. Эгчийн бие муудахаар би Хорих ангийн даргад нь хандаж өргөдөл бичиж өгөөд уулзана. Эгч надтай уулзаж байгаагаа ч  мэдэхгүй. Бүр ухаан санаа нь  балартсан хүн л байж билээ. Нүд хальтрам дүр нь одоо ч  нүдэнд харагдаж байна. /уйлав/ Эгчийн минь бие өдөр ирэх бүр муудсаар  байсан.
 

-Өвөрмонголын хорих ангид шилжиж ирээд нөхцөл нь дээрдсэн үү. Ар гэрийнхэнтэйгээ уулзах боломж гарсан биз дээ?
 

-Хөх хотын хорих ангид ирснээс хойш аав ээжтэйгээ жилд нэг удаа 30 минут уулзах боломж гарсан л даа. Өмнө нь Юнан мужийн шүүхээс 15 жилийн хорих ял сонсоод сууж байхдаа “Хэзээ ч охиныхоо, настай ээж, аавынхаа царайг харахгүй нь дээ” гэж бодогдсон. Монголоос Хөх хотод суугаа Консулын газрынхан ар гэрийнхэнтэй уулзуулах боломж олгосноор настай ээжийнхээ царайг харсан даа.
 

-Хөх хотын хорих ангийн нөхцөл байдал нь хэр байв. Дарамтлах уу?
 

-Хөх хотод ирээд шоронгийн нөхцөл дээрдээгүй. Маш хүнд. Барьж аваад зодохгүй ч сэтгэлзүйн хувьд маш их дарамталдаг байсан. Байнга муухай харцтай нүүр тулгарна. Хажуугаар гарахдаа хянагч санамсаргүй байдлаар хөл дээр гишгэнэ. Чимхэнэ. Хоолны хувьд будаа ногоогоор хооллодог. Ер нь эрүүл мэндээрээ маш их хохирсон. Шоронд байхад ханиад хүрлээ гэхэд ямар ч тариа хийж байгаа нь мэдэгдэхгүй. Алба хаагчидтай нь шилний цаанаас л  харьцана. Хоёр давхар модон ортой. Амралтын бус өдрөөр орон дээрээ ч сууж болохгүй. Өдөр 12.00-13.00 цагийн хооронд хооллодог байлаа. Тэр үед л нуруугаа жаахан амраана. Бусад үед яг л илжиг шиг ажиллуулна.
 

-Эмчийн үзлэгт хамруулж, усанд оруулах уу?
 

-Усанд оруулна. Эмчийн үзлэгт хамруулна. Гэхдээ ханиад хүрлээ гэхэд тэс өөр эмчилгээ хийнэ. Өвчнийг маань бүр даамжруулах эмчилгээ хийж байна уу гэж боддог байлаа.
 

-Эгчтэйгээ нэг хориход хоригдож байсан уу. Уулзах боломж гарах уу?
 

-Эгчийгээ нас барах хүртэл ярилцах боломж гараагүй. Би “Та яагаад хар тамхины наймаачидтай холбогдсон юм бэ. Яагаад ийм замыг сонгосон юм бэ” гээд олон асуултад хариулт авахыг хүссэн боловч үнэндээ эгчтэйгээ уулзаж ярилцах боломж гараагүй.

 

Эгч маань шүүхээс бүх насаараа хорих ял авснаа сонсоод л шокын байдлаасаа гарч чадахгүй байсаар өөд болсон. Хөх хотын шоронд байхад ээж, аав хоёр очиж уулзахдаа эгчийг таниагүй гэсэн. Ухаан санаа нь хэвийн бус болчихсон. Хааяа нэг намайг уулзах зөвшөөрөл аваад очихоор өөдөөс гөлрөөд л сууна. Юу ч ярихгүй. Ер нь хятадууд олон жилийн хорих ялтай хүмүүжигч нартаа янз бүрийн эмчилгээ хийж ухаан санааг нь муутгадаг юм болов уу гэх бодол төрснөө нуугаад яах вэ.  Чийг, ус, хоол унд нь ч эгчийн биеийг муудахад нөлөөлсөн байх. Гуурсаар жил гаруй хугацаанд хооллосон юм билээ.
 

-Хүний нутгийн шоронд хоригдож байхдаа юу бодож байсан бэ?
 

-Хэзээ ч хятадын шоронгоос гарахгүй байх гэж бодож байлаа.
 

-Эгчийн тань бие муудаад л Монгол  руугаа ирэх боломж гарсан уу?
 

-Эгчийн бие  бүр дордож эхэлсэн. Өдөр бүр хорих анги рүү өргөдөл бичдэг байлаа.  Аав ээж хоёр маань ч Монгол руу шилжүүлэх талаар хөөцөлдөж эхэлсэн. Тэгээд   2011 оны арваннэгдүгээр сарын 19-ний орой 18.00 цагт бид хоёр Монголынхоо нутагт хөл тавьсан. Тэр өдөр салхи сэвэлзсэн ямар сайхан өдөр байсан гэж санана. Агаар нь сэнгэнээд л. Хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Нисэх онгоцны буудлаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 407 дугаар анги руу эгч бид хоёрыг хүргэсэн.

 

Тэгээд л орой 21.00 цагийн үед гэрийнхэнтэйгээ уулзах боломж гарсан л даа. Охиныгоо би 2006 онд дөнгөж нэг ойтой байхад орхиод явсан болохоор намайг танихгүй байх гэж бодсон. Таван жилийн өмнө Бээжин рүү явахад охин минь дөнгөж мөлхдөг байсан юм. Уулзахын өмнө охиноо бомбогор хацартай, дэрвийсэн даашинз өмссөнөөр төсөөлсөн. Гэрийнхэн тань ирж байна шүү гэж хянагчийг хэлээд эргэхэд нь хаалга руу хартал хамгийн түрүүнд охин минь гүйгээд ороод ирсэн. Яг л миний төсөөлсөн хөөрхөн охин хүрч ирээд хүзүүнээс тэвэрч “Ээжээ та гадаадаас ирчихсэн үү. Би таныг их санасан. Одоо гэртээ харих уу” гээд л шулганаж гарсан.

 

Олон жил сэмэрсэн сэтгэл минь гэгээ татаад л явчихсан.  Намайг байхгүй байхад аав, ээж хоёр минь миний зургийг үзүүлээд л “Ээж нь гадаадад ажил хийж байгаа. Удахгүй ирнэ. Ээж нь энэ бэлгийг явууллаа” гээд л бэлэг өгдөг байсан гэнэ лээ. Охиныгоо харсан мөч ямар их аз жаргалтай байсан гэж санана. Эгч минь эх орондоо ирээд хоёр сар болоод л өөд болсон. Миний хувьд шүүхээр дахин орж 15 жилээс дөрвөн жил нь хасагдсан. Одоо жил гаруй хугацаа үлдлээ. Магадланд ороод  долоон сарын дараа эрх чөлөөтэй болно доо.
 

-Хөх хотын шоронд хоригдож байгаа монголчуудтай уулзаж байв уу?
 

-Хятадын цагаан сараар дөрвөн монгол хүнтэй 20 минут уулзсан. Тэр үед нэг нь жирэмсэн байсан учраас нутаг буцна гэж ярьж байсан санагдана. Бүгд хар тамхины хэргээр л баригдаж орсон тухайгаа ярьж байна лээ.

 
 

-Таны хувьд сурч боловсрох насандаа хүний нутагт шүүхийн хаалга татаж төрсөн эгчийгээ ч алдлаа. Бусад хүмүүст хандаж юу хэлэх вэ?
 

-Монголчууд гэнэн зангаасаа болж алддаг юм болов уу. Тухайн үед би эгчийгээ дуудахад сургалтын төлбөр л олох санаатай явсан. Хууль бус зүйлд орооцолдох гэж байгаагаа үнэхээр мэдээгүй. Залуучууддаа хандаж хэлэхэд хүнд хууртахаас сэргийлээрэй. Сэгсгэр ч гэсэн ээж минь. Сиймхий ч гэсэн гэр минь гэж үг бий шүү дээ. Ядуу байж болно.

 

Хууль бус зүйлд бүү автаарай. Хүний нутгийн шоронд  өнгөрүүлсэн таван жилийн хугацаанд би олон зүйлийг ойлгосон. Нэг удаагийн хэнэггүй үйлдэл насан туршийн амьдралыг минь балладаг гэдгийг маш сайн ухамсарласан. Яг л хийж бүтээх насандаа тортой хашаан дотор нийгмээс тусгаарлагдан амьдарсандаа харуусдаг. Эгч минь дээд боловсролтой эмэгтэй  байсан. Амьдрал ч зохиож амжаагүй ид залуу, 28-хан настайдаа бурхан болсон.

 

Монголчууддаа ухаантай байгаарай, ядуу ч гэсэн  сэтгэлийн зовлонгүй, эрх чөлөөтэй амьдрах нь хамгийн чухал юм шүү гэж захимаар байна. Намайг нутагт минь авчирсан төр засагтаа баярлалаа.
 
 

Н.Түвшин

http://www.24tsag.mn/