МоАХ-ны анхдагч гишүүдийн нэг Д.Рэнцэнтавхайтай ярилцлаа.

-Та сүүлийн үед МоАХ-ны удирдлагын талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэх болжээ. Ямар шалтгаанаар ингэж хандах болсон бэ?

-Анх би МоАХ-ны удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаагаа фейсбүүк хуудсаараа илэрхийлсэн. Үүнийг хүмүүс нэлээд анзаарч харсан байна лээ. Гэтэл зарим телевиз үүнийг шүүрч аваад “МоАХ-ны хэсэг партизан даргыгаа хөөлөө” гэж ярьж байгаа юм. Тэгэхээр энэ талаар залруулж хэлэх хэрэгтэй юм. Бид хэн нэгнийг хөөж туудаг коммунист сэтгэлгээнээсээ салаад 25 жил өнгөрч байна. Намаас хөөлөө барилаа гээд хүний ажил, амьдралаар тоглодог байсан тийм үе одоо биш.МоАХ-ноос Ц.Элбэгдорж юм уу, Д.Рэнцэнтавхай, женко Х.Баттулгыг хөөнө гэдэг ойлголт байхгүй.

Харин МоАХ-ны тэргүүн гэдэг бол ТББ-ын сонгуульт албан тушаал юм. Өнөөгийн МоАХ-ны удирдлага анх сонгогдсон, тодорч гарч ирсэн цагаас хойш 10-аад жил боллоо. Тэр сонгуульт албан тушаалтан ажлынхаа тайланг цаг хугацаанд нь тайлагнаад, хурлаа хийгээд ажлаа нэр төртэйгээр өгөх хэрэгтэй гэсэн шаардлагыг би тавьсан. Энэ талаар ганцхан би ярьж байгаа юм биш, холбооныхоо үйл ажиллагаанд санаа тавьдаг МоАХ-ны ахмад гишүүд, зовхи нь өөдөө нөхөд маань бүгд л “Энэ холбооны ажил нэг л биш боллоо” гэж ярьж байгаа.

-МоАХ-ны ажил “биш болсон” нь тухайлбал, ямар байдлаар илэрдэг вэ?

-Үндсэндээ одоо МоАХ-ны дарга, жирийн гишүүдийн хооронд асар их зай бий боллоо. Урьд өмнө нь ийм их зайтай, үл ойлголцох байдалд орж байсныг би ерөөсөө санахгүй юм. Би 1990-ээд оноос хойш МОХ, МоАХ-ны Тэргүүлэгч гишүүн, МоАХ-ны МУИС дахь анхны салбар зөвлөлийн зохицуулагч зэрэг ажил хийж олон жил явсан. МоАХ-ны эгнээнд зогсолтгүй явсан хүмүүсийн нэг, анхдагчдын нэг шүү дээ. Одоо бол миний санаа зовж байна. МоАХ бол ардчиллын төлөөх байгууллагууд дотроо институцилаг байгууллага юм шүү дээ. Өөрөөр хэлбэл,ардчиллыг түгээн дэлгэрүүлж, үнэт зүйлсийг хадгалж, түүний манаач болдог байгууллага юм. Иргэний нийгмийн байгууллагууд байна. Тэднийг тийм биш гэж бас хэлж болохгүй. Гэхдээ МоАХ шиг тийм их үүргийг тэд анхнаасаа үүрч байгаагүй. Төсөл хэрэгжүүлнэ. Эмэгтэйчүүдийн эрх ч гэдэг юм уу, хүний эрхийн тодорхой нэг салбарыг л хариуцна.

-Одоо үедМоАХ иргэний нийгмийн байгууллагаас юугаараа өөр гэж?

-МоАХ бол анхнаасаа асар өргөн, том, ард түмний хөдөлгөөн байсан. Тэр хөдөлгөөн эргээд ТББ-ын хэмжээнд ороод ирэхээрээ институцилаг чанар нь үргэлжилж байх ёстой байдаг юм байна. МоАХ руу хүмүүс найдаж харж байдаг юм байна. Ардчиллын төлөөх намуудтай харилцах харилцаанд том үүрэгтэй байдаг юм байна.

Гэтэл энэ байгууллага маань өнөөдөр юу гэж хэлэхэд ч хэцүү боллоо.

-Үүнд дан ганц МоАХ-ны удирдлага буруутай гэж та хэлээд байх шиг. Гишүүд байгууллагаа ийм болгосонд буруугүй гэж үү?

-Би МоАХ-ны ганцхан удирдлагын талаар ч шүүмжилж яриад байгаа юм биш. Ганц даргын тухай яриад байгаа юм биш. Аймаг, дүүргүүд дээр байгаа МоАХ-ны салбар зөвлөлүүдийн удирдлага гэхэд үндсэндээ 10-20 жил болсон хүмүүс. Гишүүдээ загнадаг, зоддог, зандардаг, үндсэндээ жижиг жижиг ван, ноёдууд болчихсон. Тухайн дүүрэг, аймгийнхаа АН-ын байгууллагын хавсрага төдий болсон. Дүүрэг, аймгийн АН, засаг, захиргааны удирдлагын хяналт дор МоАХ-ны гишүүдийг дуулгавартай байлгах тийм үүргийг ч аягүй бол хүлээчихсэн байж магадгүй гэж би сэжиглэж байгаа. Гишүүдийнхээ дуу хоолойг сонсдоггүй, гадуурхдаг. Ийм хүмүүс яагаад бий болоод байна вэ гэдэг нь төв МоАХ-ны удирдлагатай л холбоотой. Өөр хаанаас ч гаднын хүн хүрч ирээд МоАХ-г тийм муу муухай болгочихоогүй. Гишүүд бидний хариуцлага байна. Дээрээс нь удирдлагын асуудал байна.

Тийм учраас МоАХ-ны хурлыг ном ёсоор нь хийж, дүрэм, журмаа шинэчилж, ном журамд нь оруулах цаг болсон гэж миний хувьд, жирийн гишүүний хувьд чин сэтгэлээсээ хүсч байгаа юм. С.Эрдэнэ гишүүний ярьдгаар хэлье л дээ. Ямар нэг хүний даалгавар, ямар нэг хүний дээрээс өгсөн үүрэг, хэн нэгний нөлөөнд орж ярьдаг тийм жижиг гар ч би биш. Тиймгүй бол юугаа хийж 25 жил бие дааж явах вэ дээ. Хэн нэгний үгэнд орж,дуулгавартай үүрэг гүйцэтгэж явсан бол би ямар нэг аятайхан албан тушаал шүүрчихсэн л явж байх байсан байлгүй дээ.

-Х.Баттулга даргад хийсэн эерэг алхмууд байхгүй юм уу. Бас МоАХ-ны идэвхтэй үүргийг өнөөдөр УИХ дахь МоАХ фракц гүйцэтгэж байна гэж хэлж болох уу?

-Энэ дашрамд хэлэхэд МоАХ-ны тэргүүнийг одоо хийж байгаа УИХ-ын гишүүн, журмын нөхөр Халтмаагийн Баттулга маань ямар нэг сэжиг таамагт автагдаж, араас хутга шааж байгаа байдлаар үүнийг хүлээж авч, гомдож, эмзэглээд хэрэггүй. Би фейсбүүк дээр, твиттерээр тов тодорхой бичсэн байгаа. “Та одоо нэртэй, хүндтэй байгаа дээрээ ажлаа өгөх хэрэгтэй” гэж. Түүнд хийсэн, бүтээсэн зүйл зөндөө байгаа. Олон гишүүний амьдралыг өөд татсан. МоАХ-ны дүр төрхийг өөрчилж чадсан. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдтэй хамтарч ажилласан. 2006,2007,2008 оны иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч ажиллаж чадсан. МоАХ-ны нэр хүндийг зохих хэмжээгээр өөд татсан боловч өнөөдрийн байдлаар тэгж чадахгүй байна. УИХ дахь МоАХ фракц бол өөр тусдаа бүтэц байгаа юм. УИХ-ын гишүүд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд АН-ынхаа бүлэг дотор ямар хэсэг, бүлэг, фракцид хуваагдах нь тусдаа асуудал. МоАХ бол өөр. Олон мянган хүний эрх ашгийг хамгаалж, өдөр тутам идэвхтэй үйл ажиллагаа явуулж, гишүүдтэйгээ амьд харилцаатай байх ёстой. Ийм хоёр өөр зүйл байгаа юм. Бид бол МоАХ-ныхоо үйл ажиллагааг арай өөрчилье. Гишүүдийнхээ дуу хоолойг сонсоё. МоАХ-г шинэ залуу гишүүдээр бэхжүүлье гэж байгаа. МоАХ-г дэмжиж сонирхсон залуус зөндөө байна.

-Дэмждэг залуус олон гэснээс МоАХ залуу үеэ хэрхэн бэлтгэж байгаа вэ. Дандаа 1990 оны партизануудаас бүрдсэн байгууллага л гэж дийлэнх хүн ойлгодог шүү дээ?

-МоАХ дээр би өрөө түрээслээд өдөр тутам сууж ажилладаг. Би төрийн өмчит “Монгол тамга” компанийн захиралаар ажиллаж байгаа. Тэнд ажлаа хийгээд сууж байхад шинэ хуучин гишүүд, залуучууд гээд олон хүн орж ирдэг. МоАХ-г сонирхож байна. Дүрэм, журам нь юу байдаг юм гэсэн залуучууд олон байдаг. МоАХ-г авсандаа л авч орох гээгүй бол нэг үе солигдож таарна даа. Хамгийн залуу гишүүдийн нэг байсан би 51 хүрч байна. Нийгэмд байгаа олон залуусын улс төрийн байр суурийг хэн илэрхийлэх юм бэ. Янз бүрийн байгууллага илэрхийлнэ. Гэхдээ МоАХ тэр залуусаас нэг хэсгийг өөртөө татах эрхтэй шүү дээ. Тийм шаардлагатай. Тэгэхэд аймаг, дүүрэг, хороод дээр МоАХ залуучуудаа түлхдэг. Ийм хаалга хаалттай, битүү байгууллага болчихсон. Аль 1990 онд сууж байсан хэдэн хүн одоо ширээ тойроод л сууж байгаа нь үнэн шүү дээ. Бүх юм мессежний улс төр болсон. Ийм мессежний улс төрөөсөө гарцгаагаач ээ, улстөрчид өө.

-МоАХ-д тэгвэл дотоод ардчилал гэж байна уу?

-Нээлттэй нийгэм байгуулна гэчихээд өөрсдөө хаалттай байгууллага байгуулчихаад сууж байна. Ингэж яаж болох вэ. Дүрэм, журмаа ч баримталдаггүй. Удирдах зөвлөл нь хэзээ хуралдах нь ч бүү мэд. Шийдвэр яаж гарсан нь ч бүү мэд. Дүүрэг, аймгуудад МоАХ нь ямар зарчмаар хуралдаж, ямар шийдвэр гаргадаг нь ч бүү мэд. МоАХ, АН нь дотоод ардчиллаа ийм болгочихоод нийгэмд ардчиллын үнэт зүйлсийн талаар ярьж, зааварлаж, ардчиллын анхны лиценз эзэмшигчид шиг аашилж болохгүй шүү дээ.

-Нээрээ ардчиллын зарим нөхөд лиценз эзэмшигч шиг болсон нь үнэн байх аа. Уг нь ардчилал бол Монголын нийт ард түмний бүтээл биз дээ?

-Энэ үнэнийг ард түмнээс нуух юм алга. АН дотор байгаа бүлэг, фракц, албан тушаал, амин хувийн тэмцэл нь МоАХ-д бүх түвшиндээ нөлөөлчихөв үү дээ гэж би бодож байгаа. Ийм зүйлийг би МоАХ, АН-ын анхны гишүүний хувьд олж харж байна. Энэ тухай хэлэх гэсэн юм. МоАХ бол 1990 оны ардчиллын үнэт зүйлсээ хамгаалдаг байгууллага. Ардчиллын анхдагчдын ямар нэг албан тушаалд дурладаггүй, ямар нэг өмч хөрөнгөгүй, цэвэр үзэл бодлоороо, улс орноо сайхан болгоё, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлье гэсэн ариун гэгээн сайн үйлсийг эхлүүлж байсан тэр үнэт зүйлс дээр нь МоАХ-г буцааж авчирч тавимаар байна. МоАХ-г олон түмэнд нээлтэй байгууллага байлгахыг л би сонирхож байгаа юм.

-Нэг хэсэг МоАХ түүхэн үүргээ гүйцэтгэсэн байна. Татан буулгая. Эсвэл нам болгоё гэсэн яриа гарч байсан. МоАХ бол уг нь ардчиллын бэлгэ тэмдэг. Гэтэл түүнийг татан буулгах, эсвэл нам болгоод хаячихъя гэдгийн цаана нам болгож улс төрийн бохир тоглоомд оруулах, үгүй бол бүр байхгүй болгоод ардчиллын гол ноён нурууг үгүй хийх далд санаа яваад байна гэж үзэж болох уу?

-Тийм шүү дээ. Нам болгомоор байвал МоАХ-ны гишүүд л шийднэ. Гэтэл нэг хэсэг хүн гарч ирээд нам болгоно гээд байгаа нь өөрсдийнх нь улс төрийн явцуу сонирхолд МоАХ гэдэг бэлэн том материал харагдаад байна л даа. Тэгээд үнэт зүйлсээс нь холдуулах гээд байна. Тэгмээргүй байна. Нам болгоё гэж удаа дараа яригдаж байсан. Удаа дараа сан болгоно гэж ярьж байсан. Сүүлдээ татан буулгана гэдэг нь бүр их хорлонтой. МоАХүүргээ гүйцэтгээд татан буугдана гэж үзэх юм бол эсвэл Монголын ардчилал бүр болдгоороо болоод ханачихсан юм байна. Эсвэл ардчиллаас бүр ухарч байгаа юм байна. МоАХ гэдэг ардчиллын амин сүнсийг байхгүй болгох гээд байна шүү дээ. Тэгчихээд ямар дэглэм, дарангуйлал руу явуулах гээд байгаа юм. Ямар улс орнуудтай таацуулж нийцүүлэх гээд байгаа юм. Их сонин асуудал үүснэ биз дээ. Их холын захиалга ч явж байж магадгүй. Тийм учраас МоАХ-ны анхдагч гишүүд бид үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тал талаас нь янз бүрийн байдлаар байр сууриа илэрхийлж байна. Би л түрүүлээд дуугарчихсан болохоос биш олон хүний санаа сэтгэлийг л илэрхийлж ярьж байгаа юм шүү гэдгийг энэ дашрамд хэлэхгүй бол болохгүй байх аа.

- МоАХ-ны үйл ажиллагаа одоо хэр идэвхтэй явж байгаа вэ?

-МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга Эрдэнэцогт холбооныхоо ёс зүйн болоод аймаг, дүүргийн холбоодын үйл ажиллагааны дүрэм, журмыг шинэчлэхээр оролдож байна. “Ардчилал” сонин дээр төслийг хэвлүүлсэн. Түүнийг гишүүдээр хэлэлцүүлэх ёстой. Аймаг, дүүргүүд дээр тамгаа аваад зугтаачихдаг, “Тэр дээд удирдлага хамаагүй, Женко чинь юу юм” гээд таахалзаад явж байдаг хүмүүс бий болчихлоо. Говь-Алтай аймгийн Дашпунцаг ичих ч үгүй “Тэр Женко чинь юу юм” гэдэг болсон. Өчнөөн сая төгрөг аваад үхэр мал, бэлтгэл гээд явж байсан нөхөр. АН-ын ҮЗХ-д орно гэж Женко даргынхаа мөнгийг үрэн таран хийгээд явж байсан хүн. Х.Баттулга дарга иймэрхүү хүмүүсийн үгэнд орж мөнгө төгрөг зарцуулдаг. Гэтэл жинхэнэ улс төрийн бодлогыг нь дэмжиж, үнэхээр гаргасан дутагдал байвал үнэнээр нь хэлдэг гишүүдээ Х.Баттулга дарга хардаж сэрддэг. Ийм байдлаар цаашаа удаан явж болохгүй нь ээ.

-Х.Баттулга даргад “Одоо баяртай” гэж та хэлэх гэж байна уу?

-Х.Баттулга дарга хурлаа хүндэтгэлтэй сайхан хийгээд, хийсэн ажлаа тайлагнаад, алгаа ташуулаад хүндтэй явах хэрэгтэй. Гишүүд дараагийн шинэ удирдлагаа сонгог л дээ.

Ховдын Адъшаа гэж байна. Ховдын МоАХ-ны анхдагчид Улаанбаатарт, Эрдэнэт, Дарханд олон байдаг юм байна. Өнгөрсөн зун МоАХ-ны цагаан байранд Ховдын холбооныхныг нутгаас нь хүртэл зардлыг нь гаргаж авчирч хуралдуулаад, Адъшаа өөрийгөө дэмжүүлээд бөөн бужигнаан болсон. Адъшаа бол өмнө нь Гаалийн Х.Баатарын авлигын хам хэрэгтэн байсан хүн. Яах вэ, тэр холбогдсон асуудал нь дуусаад, Монгол Улсын иргэн үзэл бодлоороо ардчиллыг сонгосон байж болно. Гэтэл МоАХ-ны гишүүд нэг тийм хүмүүсээс алгаа тосдог хүмүүс болоод хувирчихаж.

-Нөгөө эрэмгий, дайчин, ардчиллын тэргүүнд явдаг нь байхгүй болчихсон уу?

-МоАХ-ны гишүүд өөрсдийн улс төрийн хатуу байр суурьтай. Тэр байр сууринаас өнөөгийн манай улс төрийн лидерүүд гарч ирсэн шүү дээ. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Зориг, АН-ын сор болсон улстөрчид маань хатуу үзэл бодол, итгэл үнэмшилтэй, үнэт зүйлстэй хүмүүс дундаас төрж гарсан.

Гэтэл өнөөдөр МоАХ-ны гишүүд бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон нь удирдлагын үйл ажиллагаатай л холбоотой. Нийгмийн амьдрал 1990 онд одоогийнхоос хэцүү байсан шүү дээ. МоАХ-ны гишүүдийг өнөөдөр бүх түвшинд хяхаж хавчиж, ажил төрөл муутай л байна. Тэр бол үнэн. Амьдрал ахуй хамгийн хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ л үзэл бодол, байр сууриндаа үнэнч, “Арван лангийн ембүүн дээр алгаа тосдог” гэдэг шиг арай байгаагүй л юм. Энэ байдлаараа МоАХ цаашдаа явбал хэцүүдэх нь ээ л гэж би хэлж байгаа.

-Өнөөгийн улс төр, намуудын байдлыг МоАХ-ны гишүүд юу гэж үнэлж байна. Холбооныхон уулзахдаа ярьдаг уу?

-Гишүүдийнхээ байр суурийг нэгтгээд хэлэх нь зөв байх. АН дахь бүлэглэл, фракцын асуудал бол тохиолдлын хэрэг биш. Ерөөсөө л албан тушаал, амин хувийн ашиг сонирхлоос үүссэн. Талийгаач С.Зоригийн 1990 онд хэлж байсан эрх ашгийн эрэмбийг бүр эсрэгээр нь тонгоруулаад, хамгийн сүүлд улс орны эрх ашгийг тавьчихсан. Тэгээд нам, фракцын эрх ашиг, бүр нэгдүгээрт нь хувь хүний өөрийнхөө эрх ашгийг тавьчихсан байх жишээтэй. Ийм байж болохгүй. АН-ын дотор байгаа бүлэглэл, фракциуд ил гарах хэрэгтэй. Янз бүрийн фракциуд юм шиг мөртлөө хоорондоо подфракциуд бас байх шиг байгаа юм. Хоёр фракцийн хооронд хагас дамжуулагч маягийн нөхөд байна. Энэ чинь аюултай шүү дээ. Тэнд “Би Алтангадасынх” гээд тууж явснаа энд МоАХ-г яриад тууж явдаг. Тэнд “Шонхор” фракцийн идэхтэй гишүүний дүрээр толгой хоргодож явж байснаа энд МоАХ-ны дүүргийн дарга хийж яваа нөхөд зөндөө байна.

Сонгинохайрхан дүүргийн МоАХ-ны дарга Болдбаатар гэж нөхөр байна. Хүн амаараа Улаанбаатарын хоёр дахь том дүүрэг, хуучин цагт Монголын хамаг том үйлдвэрлэл төвлөрч байсан газар шүү дээ. Одоо тэнд хөдөө орон нутгаас маш олон хүн шилжин ирж суурьшиж байна. Тэр хүмүүс өөрсөд дээр нь их гоё зангиатай мундаг хүн ирэхээр гоё хүн л гэж бодно шүү дээ. Гэтэл жинхэнэ дээрээ МоАХ-д 2000-д онд л орж ирсэн хүн. Бидний 1990 оны хүнд хэцүү цагийг тэр хүн туулаагүй. Үнэт зүйлс, үзэл баримтлал яаж бүрдэж бий болсныг мэдрээгүй. МоАХ-ны анхны гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн араас дагаж гүйсээр байгаад нэг мэдэхэд Болдбаатар гэдэг дарга гарч ирээд л Тээврийн хөгжлийн үндэсний төвийн дарга болоод л, дараа нь ЭМС-ын дэд сайд болчихсон. Дэд сайд болчихоод цэвэр өөрийн хувийн ашиг сонирхлоороо эмийн сан ажиллуулж, өөрийнхөө аптект төсвөөс үнийн зөрүүг нь олгодог эмүүдийг хуваарилуулсан байх жишээтэй. Сонгинохайрхан дүүргийн МоАХ-ны гишүүд дунд “Аптек Болдоо” нэртэй болчихсон. Энэ арай дэндүү. Хамгийн аюултай нь энэ хүн Сонгинохайрхан дүүргийн МоАХ-ны дарга гэчихээд Алтангадас фракцийнхантай сүжрээд яваад байгаа.

ТӨХ-ны дарга байсан Д.Цогтбаатар Сонгинохайрхан дүүргийг төлөөлсөн ҮЗХ-ны гишүүнээр ажилладаг. Их идэвхтэй гишүүн. Д.Цогтбаатар маань “Үгүй энэ чинь юу болж байгаа юм. Ийм МоАХ-ны дарга байж болдог юм уу” гэж байна лээ. Ийм жишээ зөндөө байгаа. Асуудалгүй, маргаанүй, но-гүй тийм дүүрэг, хороо, нам, холбоо гэж байхгүй болжээ. Энэ өөрөө АН, МоАХ-ны асар том хямралын шинж шүү дээ.

-Одоо энэ хямралаас яаж гэтлэх вэ?

-МоАХ-ны хувьд тусдаа. ТББ учраас хурлаа хийгээд, удирдлагаа солиод, удирдах зөвлөлөө өөрчлөөд явах арга байна. АН-ын хувьд хэцүү. АН-ын дүрэмд заасан хямралаас гарах ганц л гарц байдаг. Намынхаа их хурлыг л хийх ёстой. Ямар ч гоё хурал хийж болно. Гэхдээ МоАХ-ны өнгөрсөн хурлууд шиг алга нижигнүүлсэн нэг их гоёмсог хурал хийж болохгүй. Хурлын төлөөлөгчдийг гишүүд өөрсдөө сонгоод, 1990-ээд онд хийдэг байсан шиг тийм хурал яагаад хийж болохгүй байгаа юм бэ. Үүнийг би гайхдаг юм. АН, МоАХ-ны одоогийн хурлуудыг харахад дарга нар өөрийнхөө хүмүүсийг утасдаж цуглуулаад л, яг байх ёстой, оролцох ёстой хүмүүс нь байдаггүй. Манай партизанууд, байр сууриа идэвхтэй илэрхийлдэг, тодорхой хэмжээний улс төрийн боловсролтой, мэдлэгтэй хүмүүс нь байхгүй. Хуралд оруулдаггүй.

“Ардчилал” сонины эрхлэгч, ардчиллын анхдагчдын нэг С.Амарсанааг хар л даа. Бүр шахагдчихсан. Байр сууриа илэрхийлэх ёстой хүн чив чимээгүй л сууж байна. УИХ-ын гишүүн байсан Д.Хувьтөгөлдөр байна. Хаа явна. Байхгүй.МоАХ-ны нэлээд том идэвхтэн, зүтгэлтэн, улстөрч хүн шүү дээ. Тэд дуугүй байгаа нь МоАХ-ны удирдлагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагийн л шинж шүү дээ. Тэрнээс биш тэд “Ингэе, тэгье” гээд гүйгээд л ирэх ёстой.

-Ардчилагчид УИХ-ын 2016 оны сонгуульд яаж оролцох ёстой вэ?

-Миний бодлоор ардчилалд элэгтэй нам, хөдөлгөөн, байгууллагуудаа нэгтгэж татаж авах хэрэгтэй. Үүнийг олон хүн дэмжих байх. Монгол Улсаа 1990 онд сонгож авсан замаас нь л хазайлгахгүй гэсэн бодол дээр нэгдэх юм бол болно. Тэр фракц, бүлэглэл ямар хамаатай юм. Хоорондоо наймаалцаж заваарч байхаар ИЗНН, бусад намууддаа суудал, сандлыг нь хуваарилаад сайхан тохирох л ёстой. Хүчтэй эвсэл байгуулагдах юм бол эвслийн гэрээндээ баригдаад нэг нам доторх замбараагүй үйлдлийг хязгаарлаж өгнө шүү дээ. Манай улс Үндсэн хуулиндаа “Хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулна” гээд заачихсан. Өөр хачин гоё, шинэ зам гэж байхгүй. Үүнд эрэмгий, дайчин, анхдагчдаа нэгтгэсэн МоАХ-ны үүрэг улам их байх болно.

 

Д.Өнөр