ХАНИАДЫГ ДАРЖ ЧАДАХГҮЙ НЬ, ӨӨРСДӨӨ УЧРАА ОЛЦГОО ГЭСНЭЭС ӨӨРЦГҮЙ

Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар ханиадтай хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд ажлаас нь 3-5 хоногийнцалинтай чөлөө олгох шийдвэр гаргав. Гэхдээ энэ хөнгөлөлт зөвхөн төрийн албан хаагчдад очно.

Харин төрийн албан хаагчдын цалинг төлсөн татвараараа бүрдүүлдэг хувийн хэвшлийнхэнд энэ зохицуулалт үйлчлэх албагүй. Хэрэв тухайн байгууллага хүсвэл цалинтай чөлөө олгоно, хүсэхгүй бол яах ч аргагүй гэсэн үг. Эрүүл мэндийн сайдын энэхүү мэдэгдэл эцэг эхчүүдэд сайхан л сонсогдсон. Харин хувийн хэвшилд ажилладаг зарим нь төрийн албаныханд багахан атаархсан биз.

Гэхдээ ийм шийдвэр гаргаснаараа Засгийн газар, Эрүүл мэндийн яам аль хэдийн хяналтаасаа алдсан ханиад томуугийн дэгдэлтэд бууж өгснөө “зарласан” хэрэг болж байна. Нэг ёсондоо “Бид ханиад томууг дарж чадахааргүй болчихлоо. Та нар хэд хоног гэртээ хүүхдээ асарч, эдгээхийг бод” гэж хэлсэнтэй агаар нэг сонсогдож байна.

Нэг ёсондоо “бид ханиад томууг дарж чадахааргүй болчихлоо. Та нар хэд хоног гэртээ хүүхдээ асарч, эдгээхийг бод” гэж хэлсэнтэй агаар нэг сонсогдож байна.

Уг нь хариуцсан яам, агентлаг, сайд, дарга нар томуугийн тархалтаас урьдчилан сэргийлж, газар авахуулалгүй намжаах үндсэн үүрэгтэй.

Гэвч ажлаа хангалттай хийгээгүйн улмаас ханиадыг бүх нийтийн цар тахлын хэмжээнд хүртэл нь хүндрүүлчихлээ. Ингээд эцэст нь гал унтраах төдий өрөвдөлтэй арга хэмжээ авдгаа хэзээ болих вэ.

Өнгөрсөн 12 дугаар сард жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг цэвэр агаарт тав хоног амрааж, зардлыг нь улс даах марзан гэмээр санал дэвшүүлж байв. Энэ санаачилгаа хэрэгжүүлэхийн тулд 8.7 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана хэмээн хэсэг шуугисан.

Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад аргагүйн эрхэнд саналаа эргүүлэн татахад хүрсэн. “Бид нар утааг арилгаж чадахгүй нь ээ. Тиймээс та бүхэн утаанаас гадуур тав хоног амарчихаад ир. Мөнгийг нь улсын төсвөөс өгчихнө, санаа зоволтгүй” гэж буй нь олны дургүйцлийг төрүүлэхээс яахав. Тэгвэл өвдсөн хүүхдээ гэртээ асрах эцэг эхэд цалинтай чөлөө өгөх шийдвэр үүнээс огт ялгаа алга. Ханиад томуу угаасаа гардаг юм, бид нар дарж чадахгүй юм байна, та нар өөрсдөө учраа олцгоо гэж буйгаас өөрцгүй сонсогдож байна.

Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ муу, эмнэлгийн хүртээмж тааруу, эм тарианы хангалт дутуу болохоор ханиад ингэж газар аваад байгааг манай дарга нар мэдэж байна уу? Унхиагүй төрийн шуналтай түшмэд агаарын бохирдлын эсрэг ажил хийхээр төсөвлөсөн хөрөнгийг хувааж идсээр байгаад агаар нь угаар болж, өвөл туссан улирлын томуу шууд хатгаа болон бидний нялх үрсийг тарчлаасаар байна.

Дайны үеийн цэргийн эмнэлэг шиг зөрөх зайгүй шахам эгнэж хэвтсэн ханиад, хатгаатай хүүхдүүд яаж ч хурдан эдгэж, эмнэлгээс гарах вэ дээ. Гарлаа ч өнөөх л угаараараа амьсгалж, уушги нь буцаад гэмтэж байна.

Зүй нь, олдохгүй байгаа эм тарианы хүртээмжээ сайжруулж, эмнэлгийн үйлчилгээгээ чанаржуулж, багачуудаа вакцинд хамруулах замаар томуутай тэмцэх ёстой баймаар. Гэтэл дорвитой арга хэмжээ авахгүй байсаар хүндрүүлчихээд дараа нь чөлөө авч хүүхдээ асар гэж хэлэх ч гэж дээ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэж л энийг хэлэх байх.

Эм тарианы хангалт дутуу болохоор ханиад ингэж газар аваад байна

Дарга нарын оффисыг ганц зуны дотор барьчихдаг, хүүхдийн эмнэлгийг арван жил сунжруулдаг сэтгэлгүй төртэйгөө улам ихээр мэдэрч сууна даа, энэ өдрүүдэд.

Амьсгалах аргагүй боллоо, агаарын бохирдол хэтэрлээ хэмээн шүүмжлээд эхлэхээр “Ээжүүдийг хүүхдүүдтэй нь хамт тав хоног сувилалд амраана” гэв.

Бүхэл бүтэн цэцэрлэг барьчих мөнгөөр ердөө тав хоног цэнгэг агаар амьсгалуулах засгийн шийдвэрийг шүүмжлээд эхлэнгүүт “болилоо” гэсэн. Гэтэл одоо ханиад томуу хэтэрлээ гэхээр “цалинтай чөлөө олгоё” гэж хадуурав. Ниргэсэн хойно нь хашхирах биш, урьдаас сэргийлж, арга хэмжээ авахыг л та нараас хүсээд байгааг хэзээ ойлгох вэ.

Засгийн газрын мэдээ сонин