Охид бүсгүйчүүдийг орой үдшийн цагаар ганцаараа битгий яв. Таксинд суух бол албан ёсны зөвшөөрөлтэй газраас такси дууд. Хувийн таксинд сууж байгаа бол  дугаарыг нь харах шаардлагатай байгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байгаа. Гэвч хувийн унаагаараа таксинд явж байгаа иргэд дээрэм хийх тохиолдол гарсаар байна.

Тухайлбал өчигдөр ганцаараа явсан бүсгүй Урт цагаанаас Гандан  хүргүүлсэн байна.  Энэ үеэр бүсгүйг боож хутга тулган гар утасны зөөврийн цэнэглэгч,  200 000 төгрөгийг нь авчээ. Улмаар машинаасаа буулгаж АТМ дээр очиж “Хаан” банкны картнаас 1 900 000 төгрөгийг уншуулан авч, дээрэмдсэн байна.  Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм.

Хэрвээ Монгол улсад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа такси үйлчилгээ хангалттай байсан бол өнөөдөр нэг бүсгүй ийм хэргийн хохирогч болохгүй байв.  Үүнд анхаарал хандуулаагүйн улмаас жилд цөөнгүй хүн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог. Уламжлал ёсоороо цагдаа нь гэмт хэрэгтнүүдийг илрүүлдэг, гэмт этгээдүүд ял авдаг, хохирогч хохироод л үлддэг. Хамгийн гол нь энэ асуудал олон жилийн турш нийслэлчүүдийн тулгамдсан асуудал хэвээрээ байгаа.

Анхаарал хандуулах ёстой Нийслэлийн тээврийн газар нь, Зам тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба  юу хийж байна вэ? Хэдэн байгууллага хоорондоо албан бичиг шидэж асуудлыг шийдэхгүй байсаар... Энэ хугацаанд хувиараа такси эрхлэгчид нь шөнөдөө 1500, өдөртөө 1000 төгрөгөөр явдаг. Үйлчилгээ үзүүлэхэд хэт бохир, тухгүй, машиндаа тамхи татдаг, үйлчлүүлэгчтэй бүдүүлэг харьцдаг, шаардлага тавихад хэрэлдэж, үйлчлүүлэгчээ зодсон, илүү мөнгө нэхсэн тохиолдол бүртгэгдсээр байна. Цаашлаад зохион байгуулалтад орж хүмүүсийг дээрэмддэг бүлэг хүртэл байсан нь нууц биш.

Албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээний газруудыг нэмэхэд салбарын сайд нь бодлогоор дэмжих юм бол, охид бүсгүйчүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүй юм.

Сайд тогтдоггүй салбарыг ажлаа хийх хүртэл нийслэлчүүд та бүхэн таксинд суухдаа дугаарыг нь харж байх, орой үдшийн цагаар хоёр хүнтэй унаанд суухгүй байх зэргээр өөрийгөө болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү!!!