Таиландад хулгайн хэргээр монголын гурван иргэнийг барьсан талаарх мэдээлэл тус улсын хэвлэл болон телевизээр орон даяар таржээ. Эдгээр иргэдийн Монгол улсын иргэний үнэмлэх бичиг баримтыг нь бариулсан зургийг улс даяараа харуулж, хэдхэн хариуцлагагүй аялагчаас болж улс орны нэр хүнд унагасан мэдээллийг орчуулан хүргэж байна.  

Бангкок пост сайтад мэдээлснээр, гурван монгол иргэн Суварнабхуми нисэх онгоцны буудалд хоёр долоо хоногийн өмнө гадаадын жуулчны халааснаас их хэмжээний мөнгө хулгайлсан бичлэг хяналтын камерт бичигджээ. Харин тэд энэхүү хэргээ хийсний дараа эх орон руугаа буцсан ч дахин хулгай хийхээр Таиландад ирэх үеэр нь тэднийг барьжээ. 

Эдгээр бүлэг этгээдийн хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байсан. Тэд энэ сарын 18-ны даваа гарагийн өглөө нисэх онгоцны буудалд ирэхэд нь хяналтын цагдаагийн ажилтнууд саатуулан баривчилжээ. 
Б.Хишигбат /40 настай/, Т.Бүрэнжаргал /41 настай/, Б.Уранзаяа /35 настай/ нар 200 мянга гаруй батт өртөг бүхий 8665 ам.доллар, 3650 евро, 900 000 иен, 1355 аргентин песо, 400 000 донг, 500 австрали доллартай явж байхад нь саатуулсан байна. 

Гуравдугаар сарын 8-нд герман жуулчин Вокер Вилли Маус Суварнабхуми нисэх онгоцны буудлын цагдаагийн газарт хэтэвчээ гээчихлээ хэмээн гомдол мэдүүлжээ. Хяналтын камераар түүний явсан газруудыг шүүн харахад гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүн түүнийг даган явж байхдаа хэтэвчийг нь хулгайлсан байсныг олж мэдсэн байна. Үүний дараа эдгээр этгээд нутаг буцсан аж. Гэсэн ч тэдний гурав нь 18-нд эргэн Таиландад ирсэн даруйдаа баригдсан нь энэ юм хэмээн Таиландын хэвлэлээр мэдээлжээ.

Ямартаа ч монгол иргэд маань гадаадын улсад хуулийн хариуцлага хүлээх болж. Цаашид гадаад улсыг зорихдоо хариуцлагатай аялан улс орны нэрээ энэ мэтээр бүү сэвтээгээч монголчууд аа.