“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж буй билээ.

Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны байгуулсан "Монголын зэс" гэх халхавч компаний удирдлагууд болох Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй юм. 

Улмаар тэднийг цагдан хорих саналаа прокурор гаргасан боловч тодорхой бус шалтгаанаар шүүх хурал нь хойшилсоор байгаа юм.

 

Түүнчлэн Худалдаа Хөгжлийн Банкны эзэдтэй холбоотой элдэв хулгай луйврын асуудал шинээр сөхөгдсөөр байна.

ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсанчилан: “Ноцтой зөрчилтэй” гэх ангилалд багтсан 9 аж ахуйн нэгжийн тоонд “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК зэрэг ХХБ-ий ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн компаниуд багтсан байв.

Мөн Тост Тосон бумбын нуруунд олборлолт хийж буй компаний хувьцааны бараг тал хэсгийг хүртэл "Сахал" Д.Эрдэнэбилэг эзэмшиж буй нь ил болсон билээ.

Энэ бүх Худалдаа Хөгжлийн Банкны эзэд, удирдлагуудын хирээс хэтэрсэн луйврыг Монголын төрийн эрх барих дээд байгууллагын удирдлага нь хүртэл буюу

 

УИХ-ын дарга Г.Занданшатар хөндөж, :  "Монгол Улсын мөнгөн хөрөнгийн 95 гаруй хувь нь банкны салбарт төвлөрсөн. Гэтэл банкууд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй өөр бизнест хутгалддаг, банкны эзэд банкны буюу олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй болсон тухай ярих боллоо.

 Ийм байж таарахгүй учраас хуулийн зохицуулалт, Монголбанкны хяналт чухал. УИХ-ын зүгээс Төвбанкаа байнга дэмжиж, салбарын тулгуур хуулиудыг шинэчлэн баталсан ч үр дүн хүлээлтэд хүрэхгүй байна. Иймд арилжааны банкуудад тавих хяналт, шалгалтаа идэвхжүүлж, эрсдэл, засаглалын үнэлгээг сайжруулах шаардлагатай байна" хэмээсэн юм.

Ийнхүү Монголын төрийн удирдлагын зүгээс ч үйл ажиллагааныхаа тухай шүүмжлэлд өртөж, хуулийн байгууллагаар ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал  онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж буй байдал нь Худалдаа Хөгжлийн Банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлжээ.

Нэгэнт нуух аргагүй болсон энэ үнэнийг тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон ч хүлээн зөвшөөрчээ.

 

Тодруулбал Худалдаа Хөгжлийн Банк 9.125 хувийн хүүтэй, 460 сая ам.долларын бонд босгохоор болж, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон Хонк Конгд ажиллаж байжээ. Гэвч бондын хөрөнгө оруулагчид эцсийн мөчид хойшлуулах санал тавьжээ. 

Өөрөөр хэлбэл олон улсын хөрөнгө оруулагчид "Худалдаа Хөгжлийн Банк"-ы үйл ажиллагаа, тогтвортой байдалд эргэлзэж эхэлсэн бололтой.

Үнэхээр ч Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар эрүүгийн хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдвол тус банкны үйл ажиллагаанд ноцтой үр дагавар дагуулах нь тодорхой билээ.

Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхоны хувьд Монголын төр, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, :"Ийм явуургүй алхам нь үндэсний санхүүгийн тогтвортой байдлаа алдах, гадаадын банкуудын өгөөш болж, үндэсний эдийн засгийн судас болдог банк санхүүгийн системээ нураах аюултай. " гэжээ.

П.Мандах

sonin.mn