ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан юм. Б.Амархүүд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн тухай бид мэдээлсэн. 

Тэгвэл дуучин Б.Амархүүг бусдад мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад "Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл түүж бэлтгэсэн, бусдад худалдсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн" гэв.