Хүмүүс бидэнд өндрөөс айх, харанхуйгаас айх, зүү тариураас айх гэхчилэн айдсын олон янз хэлбэр байдаг. Гэтэл бас нэгэн айдас манай нийгэмд газар аваад байгаа нь харь үгээс айх айдас ажээ.

Гудамж талбай харь үгээр дүүрлээ, хүүхэд залуус маань харь үгээр их ярих боллоо, сонин хэвлэл, радио телевизийн нийтлэл, нэвтрүүлэг харь үг их хэрэглэж байна гэсэн шүүмжлэлийн цаана тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд санаа зовох, үл итгэх болгоомжлол газар авчээ. Тэгвэл үнэхээр харь үгээс болж үндэстний хэл, соёл мөхдөг юм болов уу?

Дэлхийд түгэн дэлгэрсэн хэлнүүдийн харь болон уугуул үгийн сангийн харьцааг бодож үзвэл их сонирхолтой дүн гардаг. Тухайлбал, англи хэлний уугуул үг нийт үгийн сангийнхаа 30 хувьд чүү хүрч байх жишээтэй. Монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүнийг судалсан бүтээлүүдэд ийм бодит тоо, хувь одоо болтол алга. Утга зохиолын хэлний харь үгийн толиудын үгийн сан 2-3 мянган үгтэй байгаа боловч бүх харь үгийг гарлаар нь гаргаж, бүртгэж амжаагүй цоорхойг нөхөхөөр Хэл зохиолын хүрээлэн ажиллаж байна.

Энэ мэтээр орчин цагийн аль ч хэл уугуул үгээсээ гадна нутгийн аялгуу, харь хэлнээс орсон үгсийн цуглуулга болсон байдаг. Харь гэдгийг нь мэдэхийн аргагүй нутагшуулж авсан үгс байхад (зарим судлаачид үүнийг ихээхэн талархаж дэмждэг) аль хэлний үг болох нь шууд танигдаж байх үгс (зарим нь үүнийг дэмждэг) олон.

Харь үгийг дотор нь гадаад үг (иностранные слова), харь үг (чужие слова), ормол үг, зээлдмэл үг (заимствованные слова) гэж ангилдаг бөгөөд эдгээрийг судалгааны түвшинд мөн нарийвчлан ангилж үзнэ.

Энэхүү нийтлэлийг эхлэхэд олон улсад түгэн дэлгэрсэн хэлний талаар санаандгүй дурдаагүй юм. Тэдгээр хэл нь хоёр янз байна. Эхний бүлэгт орчин үеийн шинжлэх ухаан, технолог хөгжихөд түүний нэр томьёог өөрийнхөө нэрлэж түгээсэн тул олон улсад үгийн сангаа тарааж чадсан, улмаар дэлхий даяар түгэн дэлгэрэхдээ энэ давуу талаа ашиглан, олон улсын үгийн санг өөриймшүүлэн нутагшуулж, үгийн сангийн нөөцөө тоо томшгүйгээр нэмж хөгжсөөр байгаа, тухайлбал, англи, орос зэрэг хэл багтана. Эдгээр хэлэнд харь хэлний үгийн сангаас болж мөхөх тухай ойлголт байхгүй. Удаах бүлэгт тухайн хэлээр хэлэлцэгч хүн амынхаа тооны давуу талыг ашиглан, дэлхийн нөлөө бүхий хэлний тоонд багтсан хэл, тухайлбал, араб, испани, хятад хэл багтана.

Тэгвэл эдгээр бүлэгт хамруулаагүй хэлнүүдийн хувьд харь үг, харь хэлний нөлөөллийн сэдэв тун эмзэг буудаг байна. Ялангуяа тухайн хэлээр хэлэлцэгч, өвлөн уламжлагчийн тоо цөөтэй монгол зэрэг улс үндэстэнд хүссэн хүсээгүй болгоомжлох сэтгэгдэл төрүүлсээр иржээ. Энэ төрлийн олон хэл 14 хоногт нэг хэл гэсэн хурдаар мөхөж буй аж. Ийм учраас ямар хэл мөхөж байна вэ гэж асуух биш, ямар ард түмний хэл мөхөж байна вэ гэж асуух нь оновчтой болов уу. Орос улсын бүрэлдэхүүнд ороод 300-400 жилийн нүүр үзсэн монгол төрлийн халимаг, буриад хэл, цаашлаад түрэг төрлийн олон хэл улсынхаа гол хэл болох орос хэлэнд байраа тавьж өгөөд, хэрэглээ нь хумигдаж, улмаар мөхөх аюултай тулгарчээ. Хятад улсын бүрэлдэхүүнд буй Өвөр монголчууд түүхийн хатуу нугачаан дунд үндэсний хэл бичиг, соёлоо дээдлэн хамгаалсаар ирсэндээ өдий дайтай оршин байна. Монгол хэлээр телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, сонин, сэтгүүл, ном хэвлэлээ эрхэлж байна. Дэлхийн олон орны зохиол бүтээлийг монгол хэлээр орчуулан гаргаж байна. Энэ бүхэн бидэнд нэг зүйлийг хэлэх бизээ.

Нэгд, өнөөдрийн латин үсгээр голдуу байгаа англи үгийг монголчууд бид шинэ сайхан юм гэж боджээ. Моодонд орох гэж ярьдаг шүү дээ. Зөвлөлтийн үед Улаанбаатарт түгэн дэлгэрсэн кулинария, шашлык, район, вокзал, буфет, бааз зэргийн олон үгийг мөн л тэгж моодорхсон байх. Үндэсний ухамсар сэргэсэн 90-ээд онд эдний олонх мартагтан орхигдсон. Тэр үед хүлээс алдарсан үндэсний хэл, бичиг, соёлоо гэсэн сэтгэл үүнд нөлөөлсөн. Зүй ёсны үзэгдэл. Гэтэл тэр сэтгэл минь барууны гэгддэг хөгжил, технологийн гайхалтай, гэрэл гялбаанд бишрэн хувирах боллоо. Bar, sauna, pub, fasion, tower, hotel, air-market... гээд хөвөрлөө. Бид энэ бүхнийг гадаад стандартаар нь бүтээн байгуулж, худалдан авч, хэрэглэж байна. Нэр, нэрлэлтийг нь бас худалдан авч байна.

Хоёрт, харь хэлний үгийг арай гэж кирил үсгээр журамлан тогтоох болоход яаж бичих вэ, яаж орчуулах вэ, зөв үү, буруу юу гэж маргалаа. Монгол улсад латин үгийг кирил үсгээр буулган хөрвүүлэх стандарт байдаг. Гэтэл тэр бүх латин бичлэгтэй үгийг кирил үсгээр ингэж бичнэ гэсэн албан ёсны толь бичиг байдаггүйгээс иргэд тэдгээр үгийг бар, саун, фэйшин, товэр, хотель, эйрмаркэт гэх мэтээр бичихээсээ айж, болгоомжлоод байна. Тэдний утга нь уушийн газар, халуун уур, үзэсгэлэн, цамхаг, зочид буудал, онгоцны тасалбар худалдаа гэдгийг мэдэж байлаа ч хэл шинжлэлийн судалгаанд тулгуурлан баталгаатай орчуулж өгдөг тогтолцоо, түүнд зориулсан зохион байгуулалт алга. Хүний сэтгэхүй үйлдэлтэйгээ адилхан хөдөлмөр хэмнэхийг хичээдэг тул аль болох товч хэлж, бичдэгийг нь сонгоно. Монголоор оноох нь тун нарийн орон зайд байндаа тусдаг ажил юм. Үүнийг хийх хүн ховор, ажлыг нь үнэлэхгүй байна.

Гуравт, монголчууд бид харь үгийг өөриймшүүлэн монголчилж авдаг арвин их уламжлал, арга барилтай. Хэлбэрээ зохих төвшинд хадгалдаг боловч тухайн хэлээр хэлэлцэгч нь танихгүй, уугуул хэлнийхээ үгээс бид танихгүй болж хувиран монголжсон болд, төмөр, дэвтэр, очир, базар, байцаа, цуйван, байшин, цонх гээд жагсааж болно. Эв хамтын ёс, өөрчлөн байгуулалт, уурын тэрэг гээд орчуулсан жишээ олныг хэлнэ. Амаржийн, чаатар, апьраас гэж дуулдаг, дууддаг үгээ амартизатор, театр, операци гэж бичих ёс, шинэ үсгийн дүрмээр баталгаажин гарч иржээ. Орос хэлнээс бид бараг үг аваагүй хирнээ орос хэлээр дамжуулж өрнө дахины хэлний үгийг олон зуугаар авахдаа орос хэлний зөв бичих зүйг дагажээ. Монгол хэлний зүйдээ дагуулах шаардлага эрт орой боловч ирнэ.

Дэлхийд шинжпэх ухаан, технологоор тэргүүлэгч Япон улс харь үгийг бичих катагана бичигтэй. Тэгэхдээ харь үгийг хэлж, бичих гэж шинэ авиа зохиох буюу оруулж ирэх гэж хичээдэггүй. Байгаа боломж нөөцдөө тулгуурлаж хийсэн байна. Англи хэлний telephone card гэсэн үгийг К гэж бичнэ, [terefon-kado] гэж дуудна, soundtrack гэхийг -у-у Ь 7 гэж бичнэ, [san-tora] гээд л хэлчихнэ. Англи үг мөртлөө япон үг шиг сонстоно. Бусад олон хэлэнд их, бага хэмжээгээр энэ хууль үйлчилдэг. Монгол хэлэнд тэлбээн хаарт, соонтэрээг гэсэн маягтай хэлж, бичих ёстой.

Харь үгийг дагалдсан бас нэгэн айдас бол түүний орчуулгатай холбоотой. Нэгэн үеийн тэргүүний сэхээтнүүд маань их зүйл орчуулж, шинжлэх ухаан, технологийн их мэдлэгийг оруулж иржээ. Сайн зүйлийн хажуугаар саар зүйл ч цөөнгүй бий болсон нь өнөөгийн бидний үг яриа, бичгийн хэлэнд гүн бат суусан хуулбар орчуулгын үгийн сан, бүр аймшигтай нь үг холбох, найруулах монгол бус арга, загвар хэлбэржин тогтсон явдал юм. Буруу буюу муу орчуулж, харь хэлний зүй, бүтэц, утгыг шүтсэнээс үг нь монголч, өгүүлбэр нь гадаад болж тогтсон жишээ арвин байна. Энэ бол үндэсний сэтгэхүйг эвдэгч гол хүчин зүйл юм. Монгол ахуй, сэтгэхүйгээсээ холдох тусам үр хүүхэд маань морь унах гэхийг морин дээр суух, нагац, авга гэхийг ээж, аавын ах дүү, хурга, ишиг гэхийг хонь, ямааны хүүхэд, тугаллах, унагалах гэхийг эмэгтэй үхэр төрөх, охин морь хүүхэд гаргах гэж ярьж эхэллээ.

Монголчууд бид энэ аюулыг анзаарч мэддэггүй хэр нь харь үгийн тооноос их айцгааж байна. Энэ тоон дотор монгол хэлэнд орохгүй харь улс орны газар усны нэр, мөнгөний нэгж, бүтээгдэхүүний нэрлэлт гээд байнга давтагддаг үгс ч бий. Бодох л зүйл шүү дээ. Төр засаг, олон нийт маань үүнийг ойлгоод, зөв зам мөрд эх орончоор хандах аваас учрыг нь хэлж, хужрыг нь тунгааж өгөх шинжлэх ухаан, эрдэмтэн мэргэд нь байна.

Хэл оршихын нөхцөл нь түүний үнэ цэн, яриа, бичгийн хэрэглээнд тулгуурласан амьд хөгжил ажээ. Энэ нөхцлийг хангасан хэлэнд харь хэл, соёл нөлөөлж чадахгүйгээр барам хөгжүүлж, хүчирхэгжүүлж өгдөг бол өөрсдөө тоохоо байсан, ярьдаггүй, бичдэггүй хэл бол харь хэл, соёлын нөлөөтэй, нөлөөгүй, гадаад үгтэй, үггүй алга болж мартагддаг байна. Өөрсдөө бид эх хэлээ дээдлэн үзэж, учир утгыг нь мэдэж, хэрэглэж байгаа цагт монгол хэл оршсоор байх болно. Үүний тулд төр, хувьгүй их зүйл хийсээр ирсэн, цаашид улам ихийг хийх шаардлагатай болж байна.

Харь үгийг зөв зохистой өөриймшүүлэн нутагшуулж авдаг, тэр чинээгээрээ эх хэлнийхээ үгийн сан, хэрэглээний чадамжийг нэмэгдүүлж ирсэн баялаг сайхан мэдлэг, туршлагаа судалж, сурталчилж, хэрэглэхгүй, харь хэлний дүрэм ёсыг сохроор шүтсээр явахын урхагт муу түүх нэг бус удаа тохиосныг, одоо ч амь бөхтэй оршсоор байгааг мартаж болохгүй. Монголыг монголоор нь авч үлдэх, монгол хэл, соёлоо уг ёсоор нь өвлөн хөгжүүлэх ухаан, уламжлалыг өвөг дээдэс минь бидэнд үлдээсэн.
Харийн юм бүхнийг сайхан гэж авчихаад, өөрийн юм бүхнийг муухай гэж гээж одох салан баавгай шиг явбал монгол ганц дэлхий олон болохоор нэг мэдэхэд өвдөг нугаран суун тусах болуузай.

Хэл зохиолын хүрээлэн С.Бат-Эрдэнэ