-ЭРVVГИЙН ХУУЛИЙН ЗААЛТАА ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон этгээдэд Монгол Улсын төрөөс өршөөл үзүүлэхгүй. Хөрөнгө мөнгөтэй, ядуу гуйлгачин, дуучин, жүжигчин, мэргэлдэг, настай, залуу хэн ч байсан хар тамхины хэрэгт орооцолдсон бол өршөөл байхгүй. Тийм ч учраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хар тамхины хэрэгт орооцолдсон этгээдийг хүний амь егүүтгэсэн хүнтэй адил хэмжээнд үзэж, ял эдлүүлнэ. Авсан ял, өгсөн шийтгэлийг дуустал эдлүүлэх болно” хэмээн 2012 онд хэлж байлаа. Түүний хэлсэнээр бол хар тамхи хэрэглэсэн, хэрэглэхийг завдсан гэх нөхдүүдэд хуулийн цоорхой олдохгүй болж таарч байна. Гэтэл 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллага бараг 20 хол давсан хар тамхины бүлэглэлийг илрүүлэн шалгасан байдаг. 2012 онд гэхэд 22 хол­богдогчтой дөрвөн бүлэглэлийг илрүүлсэн байдаг. Харин энэ он гарсаар хэд хэдэн удаагийн шалгалтаар энэ төрлийн гэмт хэргийн шижүүрээс атгаж, шалгасан, байцаасан. Үр дүнд нь хэд хэдэн томоохон хар тамхины сүлжээг илрүүлэн баривчилсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч хагас сайн өдөр буюу энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах “DHL” рестораны VIP зааланд мөрийтэй тоглоом тоглож байсан 15 орчим хүнийг Эрүүгийн цагдаа болон Мөрдөн байцаах газрынхан иргэний мэдээллийн дагуу шалгажээ. Энэ 15 хүн дотор олны танил хэд хэдэн эрхэм байсан аж. Тухайлбал, “Люмино” хамтлагийн дуучин Баажи буюу Б.Батхишиг, Мунзуу хочит Г.Нямдорж, Б.Бүрэнжаргал, Б.Бадрахжаргал нар байлцсан гэнэ. Мөн тэдэнтэй цуг н.Очирболд, А.Мөрөн гэх хүн байсан аж. Б.Бүрэнжаргал, Б.Бадрахжаргал нь Өмнөговь аймгаас УИХ-ын 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж ялагдал хүлээсэн Х.Бадамсүрэнгийн эрх жаалууд аж. Улмаар тэднийг шалгах явцад н.Очирболдын биеэс их хэмжээний хар тамхины төрлийн ургамал гарсан байна. Мөн Б.Бүрэнжаргалын биеэс тугалган цаасанд боодолтой “шавар” хэмээх хар тамхины төрлийн ургамал гарч ирсэн аж. Одоогоор энэ ургамал нь хар тамхины ямар төрөл болохыг лабораторид шинжилж байна. Хариу ажлын тав хоногийн дотор гарах аж. “Шавар” хэмээх хар тамхины төрлийн ургамал нь БНХАУ-аас орж ирдэг бөгөөд үнэ нь 15-20 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Улмаар энэ төрлийн мансууруулах бодисыг шатааж, үнэрийг нь үнэртэж мансуурдаг гэх.

Монгол Улсад мөрийтэй тоглоом тоглохыг хуулиар хориглосон байдаг. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас мөрийтэй тоглоом тоглох, донтох асуудал сүүлийн үед ихсэх хандлагатай болж. Бүр энэ төрлийн мөрийтэй тоглоомд олны танил эрхмүүд, тэдний хүүхэд холбогдох болсныг эх сурвалж онцлон хэлж байлаа. Гэхдээ хууль хяналтынхан энэ төрлийн гэмт хэрэгт олны танил хүний хүүхэд холбогдсон нь тогтоогддог ч хуулийн гадуур үлдэж буйг нуугаагүй юм. Мөн хуулиар тэнсэн харгалзах ял сонсдог ч дахин гэмт хэрэгт холбогдож уснаас хуурай гарахыг оролддог тухай өгүүллээ.

Манай улсад хар тамхины төрлийн ургамалд донтогсдыг судлах судалгаа 1999 онд хийж байсан байна. Энэ үед манай улсад 45 хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэдэг нь тогтоогдож байж. Харин 2005 онд энэ тоо 320 болсон байжээ. Хамгийн сүүлд энэ тоо 16 мянга хол давсан тухай албаныхан дуулгаж байх юм. Гол анхаарал татсан зүйл нь олны танил хүмүүсийн танхил хүүхдүүд энэ төрлийн мансууруулах бодист донтож, бараг хэрэглэгч болсон тоон судалгаа гарч.

Мансууруулах бодисын хэ­рэг­лээг хоёр төрөлд хуваадаг. Эмнэлэгт эмийн журмаар мэдээ алдуулах, өвчин намдаахад тодорхой тунгаар хэрэглэдэг эм болон тариа бий. Харин нөгөө хэсэг нь vvнийг зvй бус буюу мансуурахын тулд хэрэглэгчид олон бий.

Дэлхийд хар тамхи хэрэглэгч 200 орон байдаг. Харин одоохондоо манайх энэ жагсаалтанд арай багтчихаагvй байгаа. Учир нь олон улсын хяналтад орсон сэтгэцэд маш хvчтэй нөлөө vзvvлдэг геройн, кокайн зэрэг бодисыг манайд хэрэглэсэн тохиолдол бvртгэгдээгvй. Энэ нь морфиноос 100 дахин хvчтэй vйлчилгээтэй. Гэвч бид хар тамхи хэрэглэгч орон биш гээд тайвшрах болохгүй болжээ, цаана чинь.

Хилээр хар тамхи оруулахыг завдсан тохиолдолд манай эрvvгийн хуульд торгох, эсвэл тэнсэн харгалзах ял өгөх арга хэмжээ л авдаг. Харин манай хөрш орнуудад мансууруулах бодис хилээр оруулахыг завдвал шууд цаазаар авдаг юм байна. Эрvvгийн хуулийн заалтаа чангатгах хэрэгтэй нь эндээс харагдана. Тэр бvv хэл хойд хөршид нэг удаагийн тариурыг эмийн сангуудад зарахыг хориглодог гэнэ. Орост хар тамхи хэрэглэгч 4.5 сая, Хятадад гурван сая орчим хvн байдаг. Тэгэхээр манай орон энэ хоёр их гvрний их хэмжээний хар тамхи татдаг улсуудтай хил залгаа учраас бид хилээр дамжих мансуурлын хуулийг чангатгаж байж л vvнээс хол байхгvй бол хоёрхон сая хvн амтай бидэнд аюулын харанга нөмрөх нь нvд ирмэх л зуур байх даа. Монголын ирээдvй хар тамхинд донтох вий. Төр засгаас хар тамхитай холбоотой гэмт хэрэгт хатуухан хариуцлага тооцож, эмгэнэл нvvрлэхээс өмнө амжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваасай.

М.АРИУНТУУЛ