Урд хөршид анх бүртгэгдэж, өдгөө монголчуудын хамгийн их зорчдог БНСУ, Япон, Тайван зэрэг Азийн орнууд болон Хятадын томоохон хотууд АНУ, Филиппин, Нигер зэрэг орнуудад бүртгэгдсэн коронавирусын аюул бидэнд ойрхон байна. Анхны тохиолдол бүртгэгдээд нэг сар ч болоогүй энэ вирусээр өдгөө дэлхий нийтэд 440 хүн халдварлаж, есөн хүн нас бараад байгаа юм.

Хамгийн ноцтой нь өндөр зэрэглэлийн тусгаарлах хувцастай байсан эмнэлгийн ажилтан ч уг халдвараар өвчилжээ. Хятадын халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн “Вирус хэдийнэ анхны илрэлтийн үе шатаа давсан” гэж мэдэгдсэн бол тус төвийн эрдэмтэн “Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ганц арга нь карантень буюу хөл хорио тогтоох” гэж хувийн байр сууриа илэрхийлснийг Вашингтон пост сонин хамгийн сүүлд нийтэлжээ. Дэлхий нийтийн анхаарлыг татаж, айдас дагуулаад буй уг вирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг улс орнууд хэрэгжүүлээд эхэлсэн. Анхлан мал амьтнаас халдварлана гэж мэдэгдэж байсан уг вирус хүнээс хүнд халддаг нь нотлогдсоны дараа дэлхийн улс орнууд нисэх буудал, усан болон хуурай замын боомтууддаа хяналт, шалгалтаа чангатгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр хэмжээнд авч байна. Тэр тусмаа БНХАУ-руу зорчиж, эсвэл тэндээс ирж байгаа иргэдээс энэ өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг нарийн шалган, нэвтрүүлж байгаа юм. Харин БНХАУ-тай хамгийн ойр, агаар болон газраар шууд холбогдсон, зорчих хөдөлгөөн ихтэй Монгол Улсын хувьд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хийж байгаа вэ гэдэг нь чухал. ЭМЯ-наас өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр энэ талаар “Замын-Үүдэд термо камер ажиллаж байгаа. Үүнээс гадна зорчигчдын эрүүл мэндийн мэдээллийг аваад амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ авч байгаа” хэмээн тус яамны Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл дарга хэллээ. Мөн тэрбээр “Гадаад харилцааны яам, БОАЖЯ, МХЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлсэн”гэв. Албаныхны өгч буй энэ мэдээллээр бол Монгол Улс урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сул хэрэгжүүлж байна. Учир нь өвчний голомтоор бүртгэгдээд буй Ухань хотод Монголын 250 орчим оюутан суралцдаг бөгөөд, Хятадын цагаан сарын баяр таарсан тул ихэнх нь нутагтаа ирээд буй. Гэхдээ тэдний бараг 80 хувь нь Монголд ирсний дараа манай албаныхан хил, гааль дээрх хяналтаа хэрэгжүүлж эхэлсэн нь болгоомжлох шалтгаан. Харин эх орондоо байгаа 160 гаруй оюутнаас өнөөдөр /өчигдөр/ ГХЯ, ЭМЯ, БНХАУ-ын Монголын элчин сайдын яамнаас “хэзээ Монгол буцсан тухай” судалгааг авч эхэлсэн гэнэ. Гэвч энэ нь өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн арга хэмжээ болж байна. Учир нь БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Нямсүрэн “Ухань хотод байсан Монгол оюутнууд тус өвчин гарахаас өмнө, зарим нь дөнгөж илэрч байх үед нь ирсэн болохоор ямар ч зүйл асуугаагүй. Харин намайг хэдхэн хоногийн өмнө ирэхэд “өвчтэй хүнтэй ойр байсан уу, гүйлгэсэн үү зэрэг энгийн асуулт бөглүүлж байсан гэв. Ухань бол БНХАУ-ын том боомт хотуудын нэг. Өнгөрсөн жил нийт 27 сая зорчигч Ухань олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн байна. Тус онгоцны буудал нь Хятадаар дамжин өнгөрч буй жуулчдыг татах зорилгоор зургаан өдөр саатах виз санал болгодог.

Тус хотоос Нью Йорк, Сан Франциско, Лондон, Парис, Ром болон Москва гээд маш олон улс руу шууд нислэг хийх боломжтой. Ухань нь Бээжин-Гванжоу болон Шанхай-Ченду агаарын корридорын уулзвар болдог тул Хятадын дотоодын нисэхийн хамгийн ачаалалтай онгоцны буудлуудын тоонд ордог аж. Өөрөөр хэлбэл аюулт өвчний вирус Хятадын хамгийн их хөл хөдөлгөөнтэй боомт хотоос тээврийн ямар ч хэлбэрээр бусад улсууд руу халдварлах нөхцөл бий гэсэн үг.