“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлснээр  10 жилийн хугацаанд 98002 иргэн газар өмчлөн авсан нь нийслэлийн нийт хүн ам /1.226.991/-ын дөнгөж 8%-тай тэнцэж байна.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын нэгнээс газар өмчлөх хүсэлтэй иргэдийн саналыг Дүүргийн өмч, газрын харилцааны алба цахимаар хүлээн авах юм байна.

Албаныхны тайлбараар ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдийн газар өмчлөх хүсэлтийг авах гэнэ. Газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдлөө өгөхдөө заавал өөрийн биеэр ирж өгөх шаардлагагүй бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын http://www.umch.ub.gov.mn/ цахим хуудсанд хандахад болох юм. Иргэдийн хүсэлтийг хүлээн авсаны дараа сугалаагаар газрыг өмчлүүлэх аж.

Нийслэлийн 52 байршилд 15309 га бүхий газрыг иргэнд өмчлүүлэхээр НИТХ-аас өнгөрсөн онд шийдвэрлэжээ. Ингэснээр 164620 орчим иргэн шинээр газар өмчлөх эрхтэй болж байгаа юм.

Х.Даваа