-ХЭРГИЙН МӨРӨӨР- 

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” компанийн уурхайд дэлбэрэлт болж, ажилтнууд нь дэлбэрэлтэд өртөн, хүнд гэмтсэн талаар манай сонин мэдээлсэн.

Тодруулбал, далд уурхайд тэсэлгээ хийхээр тэсэлгээний материал, хэрэгслээ бэлтгэж байсан агуулахад нь дэлбэрэлт болж, тэнд ажиллаж байсан таван хүний гурав нь гэмтсэн. Тэдний нэг нь нэлээд хүнд, хоёр дахь нь хүндэвтэр, гурав дахь нь хөнгөн гэмтэлтэй, нийслэлд хүргэгдэн ирээд буй юм. Хоёр жилийн өмнө уурхайн баяжуулах үйлдвэрт цианид алдаж, ажилчид нь хордсоноор уг компани “олны танил” болсон. Түүнээс хойш ч ажилчид нь гараа тасдуулсан, нурангид дарагдсан зэрэг ослын мэдээ тасардаггүй байв. Байс хийгээд ноцтой осол гаргадаг уг компанийн хариуцлагагүй үйл ажиллагааны талаар бид үргэлжлүүлэн сурвалжилж байна.

Залуус нүдгүй, гаргүй, эд эрхтэнгүй болсоор л байна. Та бүхэн яавал цочроо авах вэ эрхтэн дархтнууд аа

200 гаруйхан ажилчинтай жижиг уурхай богино хугацаанд ажиллахдаа өдий төдий залуусын эрүүл мэнд, эд эрхтнээр “тоглож”, насан туршид нь тахир дутуу болгосон талаар эх сурвалж хэлж буй. Энэ бол “Наран мандал” компанийн хэр хариуцлагагүй, мэргэжлийн бус болохыг бэлээхэн хэлээд өгч буй үзүүлэлт. Цагаан цахирын уурхайд ажлаа хийж яваад эрүүл мэндээрээ хохирсон хамгийн сүүлчийн жишээ нь саяын гурван залуу.

Дэлбэрэлтэд өртсөн тэдний зарим нь хоёр нүд, гарын хуруунууд, төмсөгөө алдаж, зарим нь өрөөсөн нүдгүй болсон. Гэтэл компани ажлаа хийж яваад амиа алдахын наахна очсон уурхайчдаас, тэдний ар гэрээс уучлал гуйхын оронд бурууг өөрсдөөсөө зайлуулах арга саам л хайж харагдах нь дэндүү ёс зүйгүй. “Наран мандал” компани “Манай туслан гүйцэтгэгч компани үйлдвэрлэлийн осол гаргаж, ажилчид нь гэмтсэн. Бидэнд хамаагүй” гэсэн тайлбарыг хийгээд буй бөгөөд орон нутагт тэрбум, тэрбумаар хөрөнгө оруулсан гэж цээжээ дэлдэн, нутгийн иргэдийг доромжилон, загнаж, сүрдүүлж байна.

200 гаруйхан ажилтантай жижиг уурхайд ийм богино хугацаатай өдий олон удаа үйлдвэрлэлийн осол гарч буй нь байдаг л зүйл хэрэг үү.

Тэр мөнгийг нь авснаараа иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг золиослох эрхийг уг компанид өгсөн юм уу. Хууль, хяналт, төрийн байгууллагын толгой дээр гарсан “Наран мандал” компани залуусын чинь амь нас, эд эрхтэн, эрүүл мэндээр тоглож л байг уу, Г.Батжаргал дарга аа.

200 гаруйхан ажилтантай жижиг уурхайд ийм богино хугацаатай өдий олон удаа үйлдвэрлэлийн осол гарч буй нь байдаг л зүйл хэрэг үү. Аюулгүй ажиллагааны норм стандарт, дүрэм журмаа мөрдөж ажилладаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахидаг газарт ийм олон үйлдвэрлэлийн осол гарч, хүмүүс эрүүл мэнд, эд эрхтнээрээ хохирох уу. Энэ явдал үргэлжилсээр л байг уу, МХЕГ, Н.Цагаанхүү дарга аа.

Алт л олборлож байвал эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд огт хамаагүй юу. Хүнд ээлгүй, ийм хариуцлагагүй, аюултай уурхайг өөгшүүлж, толгойг нь илсээр байх уу. Хариуцлагагүй уурхайнуудаа хариуцлагатай болгох ажлаа хэзээ хийх вэ, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар аа.

Хууль, хяналтын байгууллагад итгэж болох уу

Ослын газарт аймгийн онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулсан хамтарсан баг ажиллаж, үзлэг хийсэн. Гэвч тэнд болсон явдлын талаар мэдээлэл өгөх хүн байгаагүйн дээр дэлбэрэлт болсон тэсэлгээний хэрэгслийн агуулахад орж ч үзээгүй талаар эх сурвалж хэлж буй. Тэгэхээр хэргийн газрын анхны үзлэг ямархуу болсон нь тодорхой байгаа биз.

Аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэх ч тэндээс шударга дүгнэлт гарах, эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Учир нь аймгийн хууль, хяналтын байгууллага болон компанийн зүгээс бодит мэдээлэл өгөхгүй, нууцалсан байдалтай олон хонож буй нь хардлага төрүүлж байгаа юм. Мөн ослын талаар ямар нэг дүгнэлт гараагүй байхад аймгийн Засаг дарга илт компанийн талд байр суурь илэрхийлсэн нь хардлагыг лавшруулах нэг шалтгаан болж байна.

Тодруулбал, Баянхонгор аймгийн албан мэдээллийг нийтэлдэг “Нээлттэй засаг - Нэг Баянхонгор” фэйсбүүк хуудсанд “Наран мандал” ХХК-ийн ажилчид Засаг дарга Г.Батжаргалд уурхайг хэвийн үйл ажиллагаанд оруулах хүсэлт тавилаа. “Наран мандал” уурхайн туслан гүйцэтгэгч “Пироп эрдэнэ” компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас үйлдвэрийн осол гарч, гурван хүн хүнд гэмтжээ. Үүний улмаас холбогдох байгууллагуудаас уурхайг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа бөгөөд тус компанид Баянхонгор аймгаас ажилладаг 200 гаруй иргэний төлөөлөл болсон 20 гаруй залуу Засаг даргатай уулзав. “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн ажилчид “Уурхайг хэвийн үйл ажиллагаанд оруулж өгнө үү” гэсэн 300 гаруй ажилтны гарын үсэгтэй хүсэлтийг Засаг дарга Г.Батжаргалд өргөн барилаа.

Засаг дарга Г.Батжаргал “Баянхонгор аймгийн 200 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангаж, тэдний ар гэр, амьдрал ахуйд бодитоор нэмэр нөөлөг болж буй “Наран мандал” ХХК-ийг зогсоох, гацаах бодол надад байхгүй. Гэхдээ танай компанийн зүгээс тэр тэсэлгээний туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй хариуцлага сайтар тооцох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд тавих, мөн гэмтэж бэртсэн иргэдийн эрүүл мэндэд дорвитой анхаарах ёстой. Цаашдаа холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн, хяналт шалгалтын байгууллагууд үйл ажиллагааг хэвийн явуулж болно гэж үзсэн нөхцөлд миний бие аймгийн маань 200 иргэн, тэдний, ар гэр, ам бүлээр тооцоход 1000 гаруй хүнийг ажил орлогоос нь салгах аливаа нэг оролдлогыг дэмжихгүй” гэж мэдэгдлээ” гэсэн байгаа юм. Энэ нь орон нутгийн удирдлагаар дамжуулж шийдвэр гаргалтад нөлөөлөх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж буй.

Залуусыг сүрдүүлж эхэлжээ

Уурхайчин залуусын эрх ашгийг хамгаалж, хариуцлагагүй уурхайгаас хариуцлага нэхэхээ мэдэгдээд байсан нутгийн залуусыг сүрдүүлж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, нэр, нүүрээ ил гаргаж мэдээлэл өгсөн, хэвлэлийн хурал хийсэн залуусыг цагдаагийн байгууллагад өгнө гэж сүрдүүлсэн, олон нийтийн сүлжээгээр нэр хоч өгч доромжилсон явдал гарсаар байгаа аж. Бидэнд мэдээлэл өгсөн иргэн “Бид залуу хүмүүс, амьдрал үргэлжилнэ. Энэ компани хуульчдын том багтай гэж ярьдаг, цаашид өөр ажилд ороход чинь ч хаалт тавьж болно гэж сүрдүүлдэг. Орон нутгийнхан бодит байдлыг нь хэлье, нэгдье, нийлье гэдэг байсан бол одоо хэлэх үг, хийх үйлдэлдээ хянамгай байхгүй бол эргээд өөрсдөө юманд орооцолдчих вий гэсэн айдастай байдаг болсон. 
“Наран мандал” 200 гаруй ажилчинтай. Тэднийгээ олон нийтийн сүлжээнд зохион байгуулалтад оруулж, “Уурхайгаа аваръя”, “Энэ бол бидний хоолоо олж иддэг газар” гэх мэтийн зүйл бичих, хариуцлагагүй байдлынх нь талаар үнэн бодит зүйл бичсэн хүн рүү бөөнөөрөө дайрч, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх ажлыг системтэйгээр хийж байна” гэсэн. Тэр нь ч үнэн болох нь нийгмийн сүлжээгээр батлагдаж эхлэв.

“Наран мандал” компанийн ажилтан эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудастаа “Энд байгаа хүмүүс бүгд л “Наран мандал” ХХК-д ажиллаж байсан. Янз бүрийн шалтгаанаар ажлаас гарсан нь бүгд өөрсдийн хайхрамжгүй болон буруу үйлдлээс болсон. Нэгэн цагт цалинг нь авч, ар гэрээ тэжээж байсан хүмүүс гэхэд арай хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандаж байна даа залуус аа. Миний мэдэхийн л компанийн зүгээс байж болох бүх арга хэмжээг авсан, шаардлагатай гэсэн бүх талаар тусалсан байх. Тэр уурхайд чинь олон зуун залуусаа байг гэхэд чиний ах, хамаатны эгч чинь ар гэрийнхээ төлөө ажиллаж, амьдралаа дээшлүүлж байгаа бус уу. Удирдлагын зүгээс ч гэсэн ямар шалтгаанаар та бүхэн ажлаас гарсан бэ гэдэг бүх баримт нь байгаа байх. Дэлгэлээ гэхэд та хэд л эвгүй байдалд орж, нутаг усны чинь нэр хүнд унана шүү.

Энэ аймагт Цагаан цахир шиг үлгэр жишээ уурхай тун ховор байх. Зөвхөн аймагт л гэхэд агаарын бохирдол буруулах зорилгоор 100 сая гаруй төгрөг хандивласан, сумд өнөөдрийг хүртэл тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх. Ингэж хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан уурхай байвал мутраараа бичсэн энэ зүйлдээ уучлалт гуйя. Эцэст нь хэлэхэд, энэ үйлдэл тань дараагийн ажилд орох явцад (чинь) л хүндрэл учруулах байх, уурхай бол яах вэ, явдгаараа явах л байх.

Монголын уул уурхайн хөгжлийг ийм л паразитууд хамгийн ихээр доош татаж байгааг бүгд мэднэ. Паразитуудын хамгийн том зэвсэг бол орон нутгийн хөдөлгөөн болон хэвлэл мэдээлэл. Хүссэн болгон нь ажилладаг салбар гэж эндүүрэн үйлдвэрлэлийн осолд орно, амь насаа алдана. Гэвч энэ салбарт мэргэжлийн хүмүүс амжилт олдогоос гадна, ажлаа гэсэн сэтгэлтэй нь үлддэг” гэх мэтээр нутгийн иргэд, уурхайчид, хэвлэл мэдээллийнхнийг доромжилж, сүрдүүлсэн нийтлэлийг залуус руу хаяглажээ.

Энэ мэтээр компанийн хариуцлагагүй байдлыг талаар үг дуугарсан нутгийн залуусыг доромжилж, сүрдүүлэх, өөрсдийн үйл ажиллагааг дөвийлгөн сурталчлах пиарыг идэвхжүүлэн, үүндээ ажилчдаа татан оролцуулж, олон нийтийн хандлага, сэтгэл зүйд нөлөөлөх ажил хийж эхэлсэн байна. Гурвын гурван залуу үйлдвэрлэлийн осолд орж, эд эрхтэн, эрүүл мэндээсээ салчихаад байхад тэр арьсаа хамгаалахыг л оролдож, өөрсдөөсөө зайлуулахыг хичээж буй нь даанч харамсалтай.

Эх сурвалж. Үндэсний шуудан сонин