Нийслэл хот өвөлдөө агаар нь утаагаар бохирдож, дулааны улиралдаа хөрс нь бохирдож Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотод амьдрах аргагүй боллоо гээд хэлчихэж нэг их үнэнээс хол зөрөхгүй. 

Улаанбаатар хотын хөрсний бохирдол туйлдаа хүрч, гамшгийн хэмжээнд хүрсэнийг дээр доргүй амтай болгон дуугарч байгаа ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээг аваагүй юм. Сүүлийн 20 гаруй жилийн турш агаарын бохирдлын тухай дээр, дооргүй ярьж олон ч төсөл хэрэгжүүлж, тэрбум төгрөгийг зарцуулсан ч утаагаа нүдэнд харагдахуйц багасгаагүй л сууна.

"Хар тугалга" гэгч бодис нь байгаль дээр дангаараа орших нь маш ховор боловч 80 орчим эрдсийн найрлагад ордог учраас элбэг гээд хэлчихвэл буруудахгүй. Амархан хайлдаг, боловсруулахад хялбар учраас эртнээс өргөн хэрэглэгддэг байжээ. Жишээлбэл, халбаг сэрээ, саяхныг хүртэл ундны усныхаа савыг хүртэл тугалгаар хийж байсан гэдэг.  Мөн автомашины зам, авто угаалгын газар, машин засварын газрын ойролцоох хөрсөнд энэ металлын агууламж өндөр. Маш хортой хүнд металлд тооцогддог хар тугал ганы хор хүний оюун ухаан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг анагаах ухаан нотолсноос хойш ДЭМБ энэ талд анхаарал тавьсаар байгаа.

Ийн агаарын бохирдлоос ч илүү аюултай зүйл болох хөрсний бохирдол гэгчтэй бид нүүр тулаад ирэв. Энэ нь гадаргын ус болоод гүний усанд нөлөөлж, хүний нүдэнд анзаарагдахааргүй олон зүйлээс бид хар тугалганы хор авсаар байдаг ч хөрсөнд уг элемент нь тархах болсон нь бидний эрүүл мэндэд заналхийлж буй хэрэг.

Хөрсний  бохирдлын гол шалтгаан нь гэр хорооллын жорлон, угаадас, ил задгай хаях хог хаягдал. Гэр хорооллын айлууд  хашаандаа жорлон, угаадасны нүх ухдаг ч бараг 100 хувь стандартын шаардлага хангахгүй, хөрсөнд шууд шингээх байдлаар ашиглаж байгаа гэж мэргэжлийнхэн хэлдэг. Уг нь ухсан нүхэндээ тусгаарлагч хийж, зориулалтын сорогч машины соруулан зайлуулах стандарттай байдаг аж. Гэтэл манайд тусгаарлагч нь ч байхгүй, сордог машин нь ч тийм ч хүрэлцээтэй биш. Соруулдаг цөөхөн хэсэг нь бохироо төв цэвэрлэх байгууламж руу нийлдэг ч байгууламжийн асуудал доголдолтой учраас эргээд байгаль дэлхийдээ хор хөнөөл учруулдаг. Бохир соруулдаг хэдэн машин байдаг нь төлбөр өндөртэй соруулдаг. 

Нийслэлийн хөрсөн дэх судалгааг 1990 оноос хойш хийсэн байдаг ч авсан арга хэмжээ байхгүй.  Хөрс нь хүн амьтны ялгадас, үйлдвэр, ахуйн хаягдлаар бохирдсон ч цэвэршүүлэх чанарын ачаар хортой бичил биетэн байнга хорогдож байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд нийслэлийн нутаг дэвсгэр дэх хөрсний цэвэрших чадвар огцом багасаж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоожээ.  Мөн тус газраас есөн дүүргийн 54 цэгээс хөрсний 100 дээж авч нян судлал, хими, хүнд металлын шинжилгээ хийжээ.  Нян судлалын үзүүлэлтээр 16 хувь нь дөрөвдүгээр зэргийн буюу их бохирдолтой ангилалд шилжсэн байж.   Жил бүр хөрсний бохирдол нэмэгдсэн тоо гардаг ч түүнийг бууруулахад авах арга хэмжээ, бодлого шийдвэр үгүйлэгдсээр л байна. Харин хотын мээрээс авахуулаад ажилтан, удирдлагууд нь "Азийн цагаан дагина" гэх ногоон уутны талаар л мэдээлэл хийж түүнийгээ ярьсаар л сууна.

Хөрсөнд хүнд металлын шинжилгээ хийхэд хар тугалга болон кадмийн агууламж өмнөх жилийнхээс 3.5 дахин нэмэгджээ. Энэ нь Гачуурт, Хайлааст, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Төв номын сан орчмын хөрсөнд хар тугалганы агууламж өндөр байжээ. Дунджаар 43.7 мг/г байгаа нь дэлхийн хөрсний дундаж агууламжаас хоёр дахин их байна. Зарим газарт 433 мг/г хүрч байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.5 дахин их байна гэсэн үг. 

"Хар тугалга" нь маш хортой хүнд металлд тооцогддог бөгөөд хүний оюун ухаан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг анагаах ухаан нотолсоноос хойш олон жилийг ардаа үдэж байна.  Судалгаанаас харахад хэзээ арга хэмжээ авч эхлэх нь тодорхой суусаар байтал аюулын хэнгэрэг дэлдээд эхэллээ. Бид аливаа зүйлийг хор уршиг гарсан хойно хашгирах биш мэдэж эхэлсэн даруйдаа ажил хэрэг болгож арга хэмжээ авмаар байна гэдгийг ард иргэдийнхээ өмнөөс холбогдох албан тушаалтнуудад дамжуулья.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын судалгаагаар хөрсний нян судлалын бохирдлын төвшин Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хамгийн их Налайх, Багахангай, Багануур дүүрэгт бохирдол харьцангуй бага байгааг тогтоожээ. Энэ асуудал дээр  Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар “санаа” тавьж ажиллах учиртай. Гэтэл тэдний ажил хлормин, био бэлдмэл цацахаас хэтрэхгүй байна. Авч буй энэ арга хэмжээ нь түр зуурын л асуудал. Одоо дорвитой л зөв асуудал хөндөж хөрсний бохирдлоо хурдан цэвэрлэхгүй бол хүйтэн, дулааны улирал гэлтгүй гамшгийн хэмжээнд хүрсэн утаатай, хөрсний бохирдолтой хотод амьдрах юм байна. Эсвэл энэ хотоо агааргүй, хөрсгүй болгоод дүрвэн дайжих уу!

 

Х.Даваа