Ардчилсан, хүмүүнлэг гэх зуунд “Төрийн нэрийн өмнөөс...” хэн нэгэнд цаазын ял оноож өгөхийг хүссэн нь дэндүү “тэрслүү” санагдаж болох. Гэхдээ энэ нь хүн болж төрчихөөд араатан шиг авирладаг, амьд хүнээр зугаагаа гаргаж садарладаг, бусдын амьдралыг үгүй хийж, хүнийг “хүүр” болгодог гэмт хэрэгтнүүдэд дүйсэн гарчиг байх учиртай.

Тиймээс тэд төрийн нэрийн өмнөөс цаазын ял сонсож, бүдүүлэг ч гэсэн “амийг амиар” гэх хатуу үгийг биечлэн хүртэх ёстой.

Хэдийгээр Монгол Улсын үндсэн хуульд тунхагласнаар хүний эрхэм дээд эрх нь амьд явах гэдэг ч хэн нэгний эрхэм дээд эрхийг “булшилчихаад” өөрийн амийг хоохойлох нь дэндүү дэгс.

Тиймээс өнөө цагт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн “чанар”-ыг цаазын ялтай жинлэж үзвээс аль нэг тал руугаа үл хэвийх болно.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 97 орон цаазын ялыг албан ёсоор хориглоод байгаа. Харин 57 орон цаазын ял гүйцэтгэдэг хэмээжээ. Эдгээр орны жагсаалтад ардчиллын эх орон гэгддэг АН У ч багтаж байгаа юм. Тиймээс цаазын ял “хэвийн” ардчилалд хавтгайран нөлөөлдөггүй гэхийг муйхараар ойлгож болно.

Өөрөөр хэлбэл, цаазын ял авах хэмжээний гэмт үйлдэл хэн нэгний ардчиллыг үгүй хийнэ гэхээс гэмт этгээд цаазын ял авснаар тухайн орон ардчиллаас алхам алхамаар ухарч байгаа гэсэн шууд утга биш гэдгийг “тольдож” болно.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол улс цаазын ялыг халснаар, эрүүгийн хуулийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт орж, ялын дээд хэмжээ эрэгтэй хүнийг 26 жилээр, эмэгтэй хүнийг 20 жилээр хорих болж өөрчлөгдсөн байдаг. Тэгвэл ардчилсан гэх тодотголтой улс орон хүнийг үйлдсэн хэрэгтэй нь дүйцэх ялаар хорьж шийтгэдэг хэмээсэн байгаа. Тэгэхээр хүн алж, хүрээ талсан, зэрлэг балмадаар хүчирхийлсэн, зэрэг иргэний цаашлаад улс орны ардчилалд асар их хөнөөл авчирсан хэргүүд ердөө л 20 гаруй жилийн хорих ялтай дүйж байна.

Гэтэл сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүд хэтэрхий хэрцгийн шинжтэй болж. Хүнээс гарамгүй авир гаргаж, араатан гэдгээ баталсан хэргүүдээс цухас дурьдвал, Өмнөговь аймагт ээжийг нь хүчиндэхийн тулд дөрөвхөн настай охиыныг уньнаас нь дүүжилж алсан.

Мөн энэ сард хадмынхаа гэрт халамцуу орж, бензин цацаад нэг гэр бүлийн зургаан хүнийг галдан шатааж, гал голомтыг нь тасалсан аймшигт хэрэг гарсан. Түүнчлэн Чингэлтэй дүүрэгт 15 настай охины хоолойг хэрчин гудамжинд хаясан аймшигт хэрэг бүртгэгдсэн байдаг.

Хэрэгтэн мөрдөн байцаалтын явцад оргон зайлж улмаар, амиа хоролсон. Хан-Уул дүүрэгт насанд хүрсэн дөрвөн залуу 15 настай охиныг нэгнийдээ аваачин хоёр өдрийн турш зэрлэг балмадаар хүчиндсэн. Зочид буудлын ресепшин ажилтай 24 настай эмэгтэйг ажлын байран дээр нь боомилж алсан.

70 хувийн согтолттой жолооч 10-хан настай хүүхдийг дайрч алчихаад үл тоосон шинжтэйгээр басамжилсан. Мөн согтуу жолооч айлын гэрийг дайрч улмаар унтаж байсан гурван эмэгтэй болоод 10 настай хүүхдийн амь насыг хөнөөсөн зэрэг зэрлэг балмад хэргүүд тасрахгүй байна. Ийм хэрэг үйлдсэн этгээдүүдээс хүн чанар ханхална гэж үү.

Ялангуяа, хүчингийн хэргийг аллагатай хавсарч үйлдэж байгаа араатнууд энэ хорвоод амьд явах эрхтэй юу. Хүний эрхийг “хүчиндчихээд” байхад хүмүүнлэг гэх үгээр хаацайлж байгаа нь сэтгэлд сэвтэй.

Нөгөөтэйгүүр, цаазын ял хэрэгжиж байх үед насаар нь хорих шийтгэл мөн оногдуулдаг байсан. Гадна дотны баримтаас харвал, бүх насаараа хоригдох ял шийтгүүлсэн хүмүүжигч амиа хорлох оролдлого гаргадаг аж. Тэгэхээр амьд ч гэлээ бүх насаар нь хорино гэдэг цаазын ялаас хавьгүй дор аж. Гэтэл ойр дотны нэгнээ бусдын гарт алдсан хүн бас л насаараа сэтгэлийн “гянданд” шаналаж буй. Тэгэхээр зарим нэгний хувьд шууд хороохыг “шагнал” хэмээн үзэж, “хүмүүнлэг нийгэмд амьд байлгах гээд байгаа юм бол бүх насаар нь хорь” гэсэн үзэлтэй хүмүүс ч олон байна.

Ямартай ч цааз авах учиртай хүн 20 гаруй жилийн ял аваад нийгэмд гарч ирээд гэмт үйлдлийг давтахгүй гэх баталгааг хэн ч гаргаж өгөхгүй. Бид угаас гэмт хэрэг үйлдсэн хүнтэй болон, гэмт хэргийн үнэн шинжийг олон талаас нь судалж дүн шинжилгээ хийх тал дээр цаазын ялгүй бусад улсаас хоцрогдмол гэдэг нь үнэн.

Өөрөөр хэлбэл, алсан нь нотлогдсон гар хурууны хээ зэрэг зүйлсээр баримт хийж ял шийтгэлийг оногдуулдаг. Түүнээс бус тухайн хүнд хүн алах хэмжээний хяналтгүй байдал яагаад үүсэх болсон гэх “гүний” шалтгааныг огтоос тоодоггүй. Шуналын сэдэлтэй, архи уусан үедээ зэрэг “өнгөн” шалтгааныг суурь болгон ярьдаг. Тиймээс тухайн хүний сэтгэлзүйн байдлыг маш сайн судлах хэрэгтэй юм. Ял гүйцэтгэнэ гэдэг нийгэм дэх амар амгаланг хамгаалах учиртай болохоос хэзээ дахин гэх харийг төрүүлэх учиргүй юм.

Тиймээс зэрлэг балмадаар хүний амь нас хөнөөж, нийгмийг цочроосон этгээдийг цаазлах ялаар шийтгэх хэрэгтэй. Хүмүүнлэг гэх үгээр хүний амь хороосон этгээдийг хаацайлах нь тийм ч хүмүүнлэг бас ардчилсан хэрэг биш биз ээ.

Б.Ширнэн