“Эх баригч яаран татаж, ээжийн минь хэвлийгээс намайг “зулгаагаагүй” бол би эрүүл байж болох л байсан.....Энэ биеийг минь өвчтөнгүүдтэй хорьж “Тусгай, тусгай” гэж насыг минь үрээгүй бол би өнөөдөр докторын зэрэг хамгаалчихсан байж магадгүй л байв.Тархины саатай хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж нийгэм намайг хардаг” хэмээн нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд бичсэн байхыг уншаад сэтгэл ихэд хөндүүрлэв.

Учир нь яг түүн шиг оноштой охинтой таарч байсан юм. Харсан хүн болгон эцэг эхийнх нь дэргэд “Ёстой том болжээ. Үг ойлгож байна. Толгойгоо даагаад сурчихжээ. Улам сайжирч, мундаг болж байна” хэмээн инээмсэглэн хэлж байв.Бусдын хэлдэгээр пялдагадана. Гэвч тэдний харцнаас өрөвдөж, зарим нь “жигшиж” буй нь илт. Дээрх үгс эцэг эхийнх нь сэтгэлийг засах гэсэн хий хоосон “жүжиг” мэт. Учир нь зочид буцсаны дараахан “Өрөвдөлтэй юмаа. Ямар үйлийн үр нь вэ. Ийм хүүхдээр ч яахав дээ. Зовохын нэмэр. Эмчлүүлнэ гэж газар сайгүй явсаар дэмий мөнгөө үрэх юм” гэх яриа хамаатнуудынх нь дунд өрнөж байхыг сонсчихоод гайхаж билээ. Өмнө нь ч, тэр цагаас хойш ч өнөөх охиныг болон мянга мянган ийм иргэнийг бусдад зөвөөр ойлгуулахын төлөө хэн ч юу ч хийсэнгүй. Чухамдаа юу хийх учраа, хэрхэн туслахаа мэдэхгүй явсан нь тэр биз.

Тархины саатай хүүхдийг нийгмээрээ биднээс өөр “тусгай” гэж “жийрхэнэ”. Суралцах, хөгжих, амьдрах орчин нь огт өөр байх ёстой  гэж хөндийрнө. Өөрсөдтэйгөө ижил хүүхдүүдтэй тусгай сургуульд сурах нь зөв гэж эрх баригчид шийдэн, тусгай сургууль, цэцэрлэг барьж, тэднийг нийгмээс, амьдралаас тусгаарлана. Энэ нь тэдэнд тус болох биш эсрэгээрээ хувь заяаг нь насаар нь өөрчилж, нийгмээс ангид хүн болгож байгаагаа бид ухаарч амжсангүй өдийг хүрчээ. Тиймээс хаа хол биш хажууханд минь байдаг, олонхийн тусгай гэж хардаг ч хүсэл мөрөөдөл, баярлах, гуниглах, аз жаргал руу тэмүүлэх мэдрэмж нь бидэнтэй ижил тэднийг хүн ёсоор амьдрахад нь туслах итгэл тээж энэ бичвэрийг сийрүүлж байна. Тэдэнд олон асуудал тулгардаг ч амьдралынх нь үндэс суурь болсон боловсролын асуудлыг энэ  удаа хөндөе. Саажилттай нийгмийг таягдах үйлсэд нэмэр болог. Ингэхдээ тусгай сургуульд сургаж “Та нар жирийн хүүхдээс өөр” хэмээн цоллох бус “Бүгд ижил хүүхдүүд. Тиймээс тэгш эрхтэй. Адилхан орчинд, ижил зүйл суралцах чадвартай” гэж багш хүн бүр боддог байгаасай гэж найдая.

 

“МАНАЙ УЛСАД 1600 ГАРУЙ ТАРХИНЫ СААТАЙ ХҮҮХЭД БАЙДАГ”

 

Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлснээр ерөнхий боловсролын сургуульд 6053 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурдгаас  1751 нь тусгай сургуульд суралцдаг. Гэхдээ энэ бол Үндэсний статистикийн хороо, боловсролын удирдлага мэдээллийн системээс захиргааны маягтаар гаргасан тоо. Захиргааны маягт гэдэг нь сургууль, цэцэрлэгийн багш нар эсвэл асран хамгаалагчаас асуумжаар авсан тоо юм.  Тиймээс энэ статистик мэдээ зөрүүтэй байх магадлалтай.  Учир нь Захиргааны маягтын тоон дээр 6053 хүүхдийн хэд нь дауны хам шинжтэй, хэд нь тархины саатай гэдэг нь тодорхой гардаггүй. Чухамдаа хэдэн тархины саатай хүүхэд Монголд байгааг өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд тооцоолоогүй гэхээр тэдний хөгжил, боловсрол ямар түвшинд яваа нь уншигч та бүхэнд илт байгаа болов уу. Харин төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар манай улсад 1600 гаруй тархины саатай хүүхэд байдаг гэх тооцоолол бий.

Ихэнх хүн тархины саатай хүүхдийг оюуны хоцрогдол хавсардаг гэж ойлгодог. Гэвч ихэнх тохиолдолд тэдний оюун санаа саруул байдаг. Тэр ч байтугай “Атеотод хэлбэрийн тархины саатай хүний ихэнх нь дунджаас дээгүүр оюун ухааны чадамжтай байдаг” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сан судалгаандаа дурджээ. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нийгмийн ажилтан Н.Буянчимэг “Тархины саа, саажилтын онцлогийг энгийн үгээр тайлбарлавал өөрт үл захирагдах хяналтгүй татганах хөдөлгөөн юм. Хэдийгээр тархины саажилтаас үүссэн гэмтлээс болж зарим тохиолдолд  ярьж   чадахгүй байгаа ч энэ нь сурч чадахгүй гэсэн үг биш.  Харин тухайн хүүхдийн онцлогт тохирсон арга зүйгээр ажиллавал бусдаас илүү сурах боломжтой. Тиймээс бид хүүхдийг ямар ч тохиолдолд боловсролын үйлчилгээний гадна байлгах ёсгүй гэсэн чиг хандлагийг барьж ажилладаг. Эцэг эхчүүдэд хүүхдээ сургуульд өгөх хүсэл байдаг ч сургуулийн захирал, багш нар нь ойлголт, хандлага муу, заах арга зүй хангалтгүй байдаг. Хөгжингүй оронд боловсролын тэгш хамруулан сургах арга зүй маш сайн дэлгэрсэн. Учир нь бусдын адил энгийн сургуульд сурах нь тухайн хүүхдийн эрх юм” гэж ярилаа.

 

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөр үйлчлүүлэгчдийн  60 хувь нь тархины саатай хүүхэд байдаг. Тухайлбал, тархины саа гэсэн оношоор 587 эмэгтэй, 888 эрэгтэй хүүхэд тус төвд хандаж сэргээн засах үйлчилгээнд хамрагджээ. Угтаа тархины саа гэдэг нэршил нь зохимжгүй мэт. Тархины саа гэж ярихаар л хүмүүс оюуны ямар ч чадамжгүй гэсэн ойлголттой байдаг нь ташаа юм.

 

 

 

Ийн тархины саатай ч бүх шатны боловсролыг эзэмшин, энэ эмгэг нь хүний оюун ухаан, бодож сэтгэх, суралцахад ямар ч саадгүйг гэрчилж яваа “Тархины саатай хүүхэд залуусыг дэмжих сан”-гийн зохицуулагч Ц.Мөнхтулгатай холбогдсон юм. СУИС-ийг номын сан-соёл мэдээллийн ажилтнаар төгсч, хүмүүсийн нийтлэг хандлагыг өөрчлөхийн тулд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэдгээр нь бид түүнийг сайн мэднэ. Тэрээр “Боловсролын сайд “Бүх хүүхдийг боловсролд тэгш хамруул” гэж 2018 онд тушаасан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх хүүхдүүд бусад хүүхдүүдтэйгээ зэрэгцэн сурах боломжтой болсон. Гэвч сургуулиудад цахилгаан шат байхгүй. Тархины саатай хүүхэд тэргэнцэр хэрэглэдэг байж болно. Тухайн тохиолдолд сургууль дотроо зорчих боломж хомс. Үүнээс гадна багш нарт тархины саатай хүүхдийн талаар мэдлэг, сургах арга барил байхгүй. Тиймээс тархины саатай хүүхдээс бусад хүүхдийн адил гүйцэтгэл хүлээдэг. Тэгээд сургах боломжгүй гэсэн үг цухалзуулна. Багш тухайн хүүхдийн гүйцэтгэлийн чадамж бусдаас доогуур гэдгийг ойлгомогцоо мэдлэг олгохоо бас орхигдуулчихдаг. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийг анхаарахаа болино гэсэн үг. Гэтэл тэр хүүхэд нь бичих ба ярих чадвар нь сул болохоос бусад хүүхдийн адил, магадгүй зарим хүүхдээс илүү оюуны чадамжтай байдаг. Эндээс дүгнэхэд тэгш хамруулах тухай суурь ойлголтоо өгөлгүй, нөөц суурь, боловсон хүчнээ бэлдээгүй байж гэнэт “Тэгш хамруултугай” гээд тушаачихсан юм шиг санагддаг” гэж ярьсан юм.

Манай улс “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусад иргэний хамт сурч боловсрох, мэргэжил эзэмших эрхтэй” хэмээн хуулиндаа заасан атлаа “Тархины саа” гэх эмгэгтэй хүүхдийг “Хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн тодотгол дор багтааж, тусгай сургуулиудад хамруулах нь  тэдний эрхийг зөрчиж буй хэрэг юм.  Мөн 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд “Бүх шатны боловсрол олгох сургалтын байгууллагын багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн заах арга зүй, арга барилыг эзэмшсэн байна” хэмээн тусгасан.

Гэвч жирийн сургуульд сургахаар сургууль дотроо зорчих боломжоос эхлээд багш нарт тархины саатай хүүхдийн талаар мэдлэг, сургах арга барил байхгүйгээс үүдэн ялгаварлан гадуурхах, таагүй хандах гэсэн олон асуудал тулгардагаас хүүхдээ сургуульд сургаж чаддаггүй талаар тархины саатай хүүхэдтэй эцэг эхийн төлөөлөл бидэнд ярьсан юм.

 

НИЙГМИЙН СААЖИЛТЫГ ИЛААРШУУЛАЯ

 

Эрүүл, саруул оюун ухаантай хүүхдүүдэд дутуу мэдлэг олгож, тусгай сургууль төгсгөөд, бүрэн бус дунд боловсролын үнэмлэх өгөөд л “хаядаг” нийгэмд бид цаашид хэдэн жил амьдрах вэ. Энэ мэт байдлаар нийгэм маань өөрөө саатай болчихож. Харин үүнийг илааршуулахад бид ихээхэн үүрэгтэй аж. Энэ тухай “Тархины саатай хүүхэд залуусыг дэмжих сан”-гийн зохицуулагч Ц.Мөнхтулга “Хамгийн эхлээд жирийн хүүхэд ба тархины саатай хүүхэд гэсэн ангилсан ойлголтоосоо салах хэрэгтэй. Учир нь хүүхэд бүрийн чадамж харилцан адилгүй. Ёс суртахууны түвшинд “Хүн бол хүн” гэх хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй. Үүнийг цэцэрлэг, бага сургуулийн сургалтын хөтөлбөрт багтааж, хичээл заахдаа дэргэд нь нэгнийг нь онцлохгүй байх нь чухал. Тархины саа гэх ганцхан эмгэгтэй хүн “Хүн утга”-аараа амьдрах гэхээр бараг л “Чи хүн биш. Хүн биш учраас хүн шиг амьдруулна” гэх дордод тооцсон хандлага нь тэдгээрийн сурч хөгжих боломжийг хааж байгаа хэрэг юм. Зүгээр хүн гэдэг утгаар нь оршихуйг нь хүндэтгээд, нийгэм, орчин нөхцлийн саад бэрхшээлүүдийг нь багасгачихвал тархины саатай залуус юуг ч чадахад бэлэн байдаг. Тархины саа нь хавсарга ямар нэг эмгэггүй  бол хүний оюун ухаанд нөлөөлдөггүй. Тиймээс гологдохооргүй боловсон хүчин тархины саатай залуусын дунд олон байгаа” гэв.

 

Нийгмийн салбарын зарим нэг онолоор аливаа асуудлыг даван туулж гарч чадсан хүн бусдаас илүү сурч хүнд хэцүү асуудлыг даван туулах чадвартай байдаг гэж үздэг. Тухайн хүүхэд онц сурах бус харин нийгэмд, амьдралд хэрэгтэй зүйлсийг сурч өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн чухал. Боловсрол эзэмших гэдэг бол бүх хичээлдээ онц сураад, хийхийг хүсэхгүй зүйлийг нь хүчээр хийлгэх бус харин хүүхэд өөрт хэрэгтэй, өөрийн сонирхсон зүйлсийг сурах боломжийг олгох  юм.Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн онцлогт тохирсон арга барилыг эзэмшсэн, зөв хандлагатай багш нарыг бэлтгэх нь тэдний сурч боловсрох эрхийг хангах үндэс суурь юм. Энэ тухай БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Гэрэлтуяа “Мэргэшсэн тусгай хэрэгцээт боловсролын багшаас гадна цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа бүх багшийг энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлагатай. Учир нь багш хүн хүүхэд  бүрийн хөгжлийн түвшинг тодорхойлж, тэдэнд тохирох дэмжлэг, боловсролын үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Зарим хүн тусгай сургууль байх ёстой, зарим нь хэрэггүй гэж үзэж байгаа ч  дэлхий нийт тусгаарлаж болохгүй ээ, хамт хөгжих ёстой гэж зөвлөж байна. Тиймээс боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд үе тэнгийн найз нартайгаа хамт суралцах орчинг сайжруулж, тэдэнтэй ажиллах багш нарыг чадавхжуулах шаардлагатай” гэлээ.

Бид бүгд тэгш эрхтэй. Сурч боловсрох, хөгжих боломжийг хүн бүрт олгодог нийгмийн түлхүүрийг атган суугаа мянга мянган хүүхдэд ижил тэгш хандаж, хуулинд заасан хөгжих боломжийг нь хангадаг багш нарыг бэлтгэж, тэднийг бусад хүүхдүүдтэй ижил орчинд, тохирсон арга зүйгээр сургах нь хамгийн үр дүнтэй шийдэл. Ямар ч бэрхшээлтэй хүний сэтгэлийг шархлуулахгүй, хавчин гадуурхахгүй, нийгмийн харилцаанд эелдгээр хүлээн зөвшөөрч хамтдаа хөгжих нь иргэн бүрийн наад захын хүнлэг чанар юм. Нийгэм нь өөрөө саажилттай байгаагийн илрэл бол өнөөгийн ялгаварлан гадуурхалтуудын тод жишээнүүдээс харагдана. Тиймд бид харилцаагаараа дамжуулж энэ нийгмийн  саажилтыг таягдая.

Дэлхийн чиг хандлага  ч ямар ч бэрхшээлтэй хүүхэд байсан бусадтай ижил орчинд сурч, хөгжих ёстой гэж үзэж байна. Дахин сануулахад тархины саатай байна гэдэг нь оюуны хомсдолтой гэсэн үг огтхон ч биш. Тиймээс нийгэм нь өөрөө саажилттай болчихоод байгааг хэн бүхэн анхаарч, цаашид энэ асуудалд эерэг хандлагаар хандах нь зүйн хэрэг юм.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин