Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж өэхэллээ. Энэхүү шинжилгээний шинэ оношлуурын нээлт АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төвд өнөөдөр болов.

Нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, “Манай хамт олон “COVID-19”-ийн чиглэлээр 6 судалгаа хийж байна.

Эмнэлзүйн молекул оношилгооны чиглэлд анхаарч 288 сая төгрөгийн санхүүжилтээр лаборатори байгуулсан. Энэ нь био аюулгүй байдлын хоёрдугаар зэргийн лаборатори бөгөөд вирусний гаралтай бүхий л өвчнийг молекулын түвшинд оношлох юм. Стандарт шаардлагын хувьд Монголд анхны лаборатори” хэмээн онцлов.

Мөн тэрбээр, БШУЯ-наас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргаж эрдэмтдийн судалгаагаар мэдрэг болон өвөрмөц чанар нь 100 хувьтай оношлуурыг бэлэн болгосноор шүлснээс коронавирус тодорхойлдог аргачлалыг Монгол Улсад ийнхүү нэвтрүүлж байна. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд УОК-оос 109 сая төгрөгийн санхүүжилт өгсөн. ЭМЯ-наас өчигдөр албан ёсоор зөвшөөрөл олгож, таван удаагийн шалгуурыг дамжсаны эцэст өнөөдөр үйл ажиллагаа эхэлж байна” гэв.