Сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарч нэг удаагийн хэрэглээний зүйл их ашиглах болсон. Нэг удаагийн халбага сэрээ, нэг удаагийн аяга, нэг удаагийн зүү тариур гэх мэт.

Тэгвэл Монголд нэг удаагийн зам ч бас баригдаж эхлээд байна. Гэхдээ нэг удаагийн зам бусад бүтээгдэхүүнийг бодвол хэтэрхий өндөр үнэ өртөгөөр босч байгаа гэнэ. Өнгөрсөн намар Дорноговь аймгийнхны хувьд том баяр болсон. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Хамрын хийд, Дэлхийн энергийн төв рүү явах засмал зам баригдаж, энэ замын нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр очин тууз хайчилж байлаа. Жилдээ 40 гаруй мянган аялагч хүлээж авдаг, энэ хэрээр нутгийн  иргэдийн ашиг орлого өсч байдаг учраас Дорноговьчууд шинэ замаа тун баяртай хүлээж авсан хэрэг. Сайншандаас  Хамарын хийд хүртлэх хатуу хучилттай энэ зам нийт 42км урттай. Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны захиалгаар явагдсан тендерт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хинчан барилга угсралтын компани “Замын битум” ХХК  хамтран орж, ялагч болж,  уг замын ажлыг гүйцэтгэжээ.  “Хинчан” гэх энэ компани өмнө нь Өмнөговь аймагт 56 км авто замын ажлыг анх гүйцэтгэж байсан туршлагатай. Харин “Замын битум” гэх компани Сайншандын төвийн  4,5км замын ажлыг хийж байсан. Тэдний хийсэн замд  гарсан доголдол гэмтэлгүй гэх мэтээр баахан реклам цацаж, төрөөс 17.6 тэрбум төгрөг авч, зам барьжээ. Гэвч асар өндөр үнэ өртгөөр бүтсэн энэ зам өнөөдөр эвдэрч, хэмхэрч үндсэндээ дуусаад байна. Уг замыг өнгөрсөн намар буюу 2013 оны 11 сард хүлээлгэж өгсөн гэнэ.

Удалгүй хүйтэрсэн учраас Хамрын хийд рүү явах хүнгүй болж, зам ч ашиглагдсангүй. Цагаан сараар хэдхэн машин л энэ зам дээр зорчжээ. Гэтэл шүлхий гарч, бас л зам эзэнгүй байсаар өнгөрсөн дөрвөн сараас эхлэн ашиглагдаж эхэлжээ. Гэтэл хэдхэн машин яваад өнөөх магтаад байсан сайхан зам нь эвдэрч, хэмхэрч, нурж, бутарч унажээ. Иргэдийн гомдлын дагуу манай сурвалжлагчид газар дээр нь очиж замын байдалтай танилцсан юм. Ашиглалтанд ороод хагас ч жил ч болоогүй байгаа 17,6 тэрбумын өртөгтэй зам энд тэндээ цоорч, зарим газраа бүр тасарч алга болсон байх юм. Нойлын цаас шиг нимгэн дэвссэн битумны цаанаас говийн элс шуурч байгаа харагдсан. Бид Хамрын хийд рүү байнга аялагчдыг зөөдөг жолооч нартай ч уулзаж ярилцлаа. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу