Энэ үгийг миний нэг дотны танил маань хэлээд санаа алдсан юм. Эндээс харвал төрийн албаны ядуурал, төрийн албан хаагчийн чадварыг хараад өөрийн эрхгүй ийн дуу алдахад хүргэсэн хэрэг.
Ерөөсөө чадамж нь илт буурсан төрийг байгуулсан гэдгийг ч давхар мэдрэв. Байгууллагын болон, тухайн албан хаагчдын нэрийг дурдаад яахав. 
      Миний нэг танил саяхан нийслэлийн хамгийн эрэлт хэрэгцээтэй албанд морилж, газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр очжээ. Зааж өгсөн дагуу нэгэн ахлах мэргэжилтэн дээр орж учир явдлаа хэллээ гэнэ. Мань эр манайх ийм маргаантай асуудлыг шийдвэрлэдэггүй юм. Та шүүхээр явсан дээр байх хэмээн компьютерийн араар толгойгоо шаав гэнэ. Мань эр ч дургүй нь хүрч, энд ямар ч шүүхийн асуудал байхгүй. Би зүгээр л газрын асуудлаа шийдүүлэх гэж ирсэн юм. Энд мэргэжлийн байгууллагаар хяналууд баталгаажуулах л ажил байгаа гэжээ. 
      Хууль дүрмээрээ бол танай байгууллага л энэ маргааныг шийдвэрлэх учиртай гэж дээ. Ахлах мэргэжилтэн маань уурсч, та чинь яасан юм ойлгодоггүй хүн бэ. Манайх маргаан шүүдэг газар биш. Энд төрийн ажил явж байна хэмээн ширүүхэн зандарсан юм байх. Мань эр ч дуугаа өндөрсгөж, та энд төрийн албаны нэрээр зай бөглөж суухаар зайгаа тавьж өг. Хууль дүрмээ мэдэхгүй байж хэмээн холбогдох хүмүүст нь мэдэгдсэнээр хэрэг мандана биз дээ. Хэлтэс хариуцсан дарга нь мань эрийг хүлээн авч уулзаад хэрэг зоригийг сонирхсоны дараа компьютерээ ухаж ухаж манай мэргэжилтний буруу юм байна. 
       Нээрээ наадхи асуудлыг чинь манайх шийдэх юм байна. Энэ гүүгэлд ингээд биччихсэн байна шүү дээ хэмээн ахлах мэргэжилтнээ дуудан зад загнаад гаргажээ. Хэлстийн дарга маань юутай ч байгууллагын дүрэм хууль тогтоомжоо огт мэддэггүй нэгэн аж. Харин даргадаа загнуулж, уурссан ахлах мэргэжилтэн маань мань эрийн бичиг баримтыг ууртайхан шүүрч аваад яах учраа олохгүй өнөөх л цахимаа ухаад суучихаж гэнэ. 
       Мань эр ч ахлах мэргэжилтний өмнөөс яарч, чухам ямар замаар энэ асуудлыг шийдэж болохыг хэлээд өгчээ. Гэтэл ахлах маань энд гүүгэлд тэгэж бичээгүй л байна даа. Та түр сууж бай хэмээн гүүглээ ухаж гарч дээ. Арга ядсан иргэн өнөөх ахлах мэргэжилтэнд хууль журмыг нь сайтар ойлгуулаад газрынхаа асуудлыг шийдээд явсан тухай ярьсан юм.
       Тэгэхдээ мань эр одоогийн энэ төрийн албан хаагчид бол ёстой сүг болжээ. Хууль дүрэм бүү хэл бичиг үсэг тайлагдсан ч юм уу бүү мэд. Эхлээд уур хүрч байснаа сүүлдээ өрөвдөв. Яахав дээ, тэр хүүгийн буруу юу байхав дээ. Өнөөдрийн манай төрийн байж байгаа царай нь энэ шүү дээ. Тэр муу залуу хоолоо олж идэх гэж л зүдэрч яваа амьтан. Тэгээд нам дагасан ийм олон чадамжгүй төрийн албан хаагчид нэг л өдөр энэ улс орны ажлыг бүр мөсөн нураана даа хэмээн санаа алдсан юм. Дашрамд дурдахад өнгөрөгч 2012 оны сонгуулийн дараа нийт төрийн албаны олон мянган хүнийг ажлаас нь халсан. Тодруулбал, жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчдыг гудамжинд гаргаж, тэдгээрийн оронд ийм л цахим толгойтнууд, ямар ч чадваргүй, боловсролгүй, нам дагасан этгээдүүд ирсэн нь зөвхөн ганц энэ жишээн дээрээс харагдана. 
А.Гал