Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгосон.

Энэ өдөр "Улаанбаатар-Марафон" олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах  юм. Олон улсын хэмжээнд зохион байгуулагдах уг гүйлтийн тэмцээн нь зургадугаар сарын 07-нд болно.  Тус тэмцээнд оролцогчдыг Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоон дээр бүртгэж байна. Мөн Нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn , нийслэлийн Биеийн тамир спортын газрын www.sport.ub.gov.mn сайтаар бүртгэж байна.

Гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байгаа аж.

Тухайлбал: 1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн наадмын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны дасгалжуулагч Хванг Ёнг Жо,  2010 оны Хятадын Гуан Жоу хотод болсон Азийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медальтай, марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 10 мин 51 сек, хагас марафон нь 1 цаг 2 мин 17 сек, 2011 оны дэлхийн аваргад оролцож байсан Яамамото Ёшихиро, Хагас марафоны тамирчин, Марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 13 мин 22 сек, хагас марафон 1 цаг 02 мин 03 сек, 2005 оны хагас марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцож байсан Ито Коичи Япон улсын марафоны шигшээ багийн дасгалжуулагч тамирчдын хамт оролцоно гэдгийг Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.