Шувуу хүртэл буруу дэвээд байгаа юм шиг санагдах үе олон байх авч энэ удаагийнх шиг буруу дэвэлт Монгол төрийн түүхэнд байсангүй. АН одоогийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Х.Баттулгын оронд сайд болгох юм гэнэ.

Яаж бодож санахаараа Ш.Түвдэндоржийг ҮХХАА сайдаар тохоон томилох эр зориг гаргаж чадсаныг гайхах юун. Мэдээж МоАХ фракцын сандал суудал мөн үү? гэвэл мөн.
Гэхдээ Хууль зүйн байнгын хороогоо олигтойхон аваад явж чадах нь битгий хэл хувь гишүүнийхээ ажлыг ч хүн шиг хийгээд явж байсныг сонгогч олон ч мэдэхгүй юм. Ш.Түвдэндоржийн ямар үг, ямар хууль, ямар арга хэмжээ нь нийгмийн таалалд нийцэж байсныг улс төрийн шаргал хуудсыг хэд дахин шүүрдээд ч олох юм нэгээхэн ч үгүй.
Хэрхэн яаж яваад Хууль зүйн байнгын хорооны дарга болоод авсныг ч ёстой мэдэх юм алга. Насаараа Ардчилал гэж явсныг насны бөгсөнд ёстой бонусаа авч буй мэт санагдах авч хүндээ томдсон тушаал мэт хэсэг хугацааг үдсэн юм. Хэд хэдэн хоногоор хурал нь хуралдалгүй сунжирч, цаг нараа барьдаггүй цадиггүй гишүүдийг ч бухимдуулж явсан Хууль зүйн байнгын хороо одоо нэг юм болохгүй даргаасаа саллаа гэхэд Үйлдвэр худалдааны бүхэл бүтэн яамны дайтай салбарыг яаж Ш.Түвдэндорж мэдэж авч явхыг ёстой л бурхан гуай л мэдэх буйзаа.
Хүнс хөдөө аж ахуйн талаар сайдын суудал горилогч энэ нөхөртэй яриад байх зүйл огт байхгүй бөгөөд харин ч бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улс хэдэн толгой малтайг, мал сүргийн бүтэцийн талаар ярьж сурах гэсээр байтал хөөрхий сайдын хугацаа дуусах буйзаа.
Эдийн засаг хямраад байгаа энэ үед Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлвөлгаа хэмээх нүсэр хөтөлбөр боловсруулан түүнийгээ хийж хэрэгжүүлэх юм болоод байтал “Давхар дээл” хэмээх цол гуншинтай байж чадашгүй нь хэмээн Х.Баттулга яваад одсон бол Н.Алтанхуягийн дараагийн сонголт  нахисан“ давхар дээл ”байгаад ёстой гайхаш төрүүлмээр зүйл болоод байна.
Гишүүнийхээ дээлэнд унаж тусан бүдчиж яваа “согтуу”хэмээх тодотголтой эрхэм хэрхэн яаж “давхар дээл”-нийхээ учрыг олох нь ёстой сонин.
Нөгөө талаараа Шинэчлэлийн засгийн газарт чадваргүй, олон нийтэд нэр хүндгүй, салбарын бус хүнийг өгөх нь гайхамшигтай “хорлон сүйтгэх ажиллагаа”ч байхыг үгүйсгэхгүй юм.
Салбарынхаа хэдэн трактор комбайны учрыг олох гэсээр байтал хэдэн тариалангийн компани дампуурч хэдэн айлын хот харлахыг хэлэх аргагүй ч улс төр гэдэг ийм л хатуу харгис хоосон толгойтнуудын хийрхэл болохыг ард түмэн харж өөрсдийн ажил орлого, цалин, амьдралаараа удахгүй мэдрэх хэмжээнд хүрэх буйзаа.
Ш.Түвдэндоржид өөрт нь нэрээ татах хүсэл байхгүй бөгөөд, сайд гэсэн нэртэй хэд хоногч хамаагүй явж үзье гэсэн сэтгэгдэл нь давамгай байх бөгөөд УИХ-ын гишүүд хэрвээ эх орноо боддог, хөдөө аж ахуйн салбар дээр Монгол Улсын тулгуур хөгжил тогтдогийг мартаагүй л бол өөр сонголт хийх нь мэдээж билээ.