УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлаар бүтэн өдөржин хэлэлцлээ. Энэ асуудлыг хэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлсэн саналыг онцлон хүргэж байна. 

Монголын улс төрд үүссэн үл ойлголцол, эдийн засгийн хүндрэлийг бид эрүүлээр харж чадахгүй байна. Ерөнхий сайд, АН-ын дарга ноён Н.Алтанхуяг таныг илүү их анхаарал хандуулаасай гэж хүсч байна. Монголын парламентын ардчиллыг устгаж үгүй болгох, асуудлыг хүчээр түрж шийдвэрлэдэг загварыг Р.Гончигдорж дарга та маш сайн харууллаа. УИХ-ын тухай хуулийн 27.1.4-т зааснаар бидэнд завсарлага өгчихсөн бол ингэж бүтэн өдөржин маргалдахгүй байсан байх. Асуудлыг эрүүлээр ярих гэхээр та хурцатгаад мэдрэмжгүй улс төр хийж байгаад харамсаж байна. “МАН-ыг ерөөсөө юм хийхгүй, эсвэл АН-ын хийж байгаа болгоныг харлуулах гэлээ” гэдгээ болих хэрэгтэй. МАН-аас сонгогдсон 26 гишүүн бид итгэл хүлээлгэсэн мянга, мянган сонгогчдын төлөө цохилох зүрхтэй. Улсын орны маань эдийн засаг нь дээшилсэн, ард түмний амьдрал сайхан болж, баялаг бүтээгчид маань улс төр, эдийн засгийн дарамтгүй ажиллах боломжтой байгаасай гэж хүсч, мөрөөдөж байна. Энэ мөрөөдөл бүтэхгүй байгаа учраас та бүхэнд үгээ тээж, бодитой шүүмжилж байна гэдэг зөв өнцгөөс нь илүү ойлгож хараасай.

Өнөөгийн нөхцөл байдлыг хариуцлагатай, бодитой, зөв үнэлж дүгнээсэй. Харилцан буулт хийж чадахгүй, сөрөг хүчнийхээ хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх хүсэлгүй, шууд тулгах, хүчээр шийдвэрлэх нь улс төрд эвгүй уур амьсгалыг л бий болгоно. Магадгүй цаашдаа улс төрийн тогтворгүй байдал бий болох нөхцөлийг бүрдүүлнэ. Бид ойлголцож, итгэлцлээ бэхжүүлж, хамтран  ажиллаж байж эдийн засгийн хямралыг даван туулна.

“Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай”, “Малдчын тэтгэврийн насыг наашлуулах тухай”, “Бүс нутгийн хөнгөлөлтийн тухай” хууль гээд нийгэмд хүлээлттэй байгаа олон хуулийг хамтран шийдвэрлэе гэдэг дээр санал нэгтэй байна.

Монголын улс төрийг эрүүл болгоё л гэж бодвол бид итгэлцийг бий болгож хамтран ажиллах, зөвшилцөх алхмыг хийгээсэй  гэж Та бүхнээсээ хүсч байна.