Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн билээ.

Уг хуулийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Өнгөрсөн оны 12 дугаар сараас ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлдөг байсныг больсон. Үйлдвэржилтэд зориулж бид нэг их наяд төгрөг гаргахаар болсон. Мөн ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг УИХ-ын бүрэн эрх дуусгавар болох хүртэл чөлөөлөхөөр боллоо. Өмнө нь ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн НӨАТ-аас чөлөөлөх босго нь таван сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгохоор УИХ-аар хэлэлцүүлнэ. Борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгтэй тэнцэх аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцааж олгоно. 2 сая 240 мянган тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтанд орох гэж байна. Том хэмжээний бүтээн байгуулалт хийхэд тоног төхөөрөмжөөөс татвар авдаг. Гэтэл бизнесмэнүүд үйлдвэрээ босгомоор байдаг. Үүнийг Засгийн газар хоёр жил хүртэлх хугацаанд зохицуулалт хийхээр болж байна" хэмээн Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд шийдвэрлэсэн эхний ажлуудаа тайлагнахдаа онцлон хэлж байсан юм.

Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, төсвөөс буцаан олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршдог гэдгийг татвар төлөгч та бүхэн мэдэх биз ээ.

Сүүлийн жилүүдэд иргэд, улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээг өргөн ашиглах болсон. Энэхүү шуудангийн илгээмжээр хувь хүний нэр дээр илгээсэн хувийн хэрэглээний эд зүйлс, бараа таваараас авч буй гаалийн болон НӨАТ-ын асуудал шүүжлэл дагуулаад байна.

Иймээс нэг талаас иргэдийн хувийн хэрэглээг дэмжих, нөгөө талаас энэ боломжийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн албан татвараас чөлөөлөгдөх арилжааны шинж чанаргүй, хоёроос доошгүй төрлийн барааны үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Гэвч энэ нь зарим нэг хүний эсэргүүцэлтэй тулгарлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "ebuy.com оор бараагаа захиалаад авахад брэндийн барааг 10-20 дахин хямд үнээр авдаг болсон байна. Нөгөө талаасаа манайд 1800 төгрөг болчихсон долларын ханшийг тэд 1200 төгрөгөөр тооцдог болж. Харамсалтай нь тамын тогооны үлгэр шиг хямдханаар гаалийн татвар төлөөд байна, ашиг олоод байна гэсэн лобби явсаар байгаад опшиоруудын нүдэнд өртчихлөө.

Дуртай үедээ гадаад яваад брэндийн хувцас аваад өмсчихдөг хүмүүсийн хувьд инээдтэй байх л даа. Гэтэл өнөөдөр мянга мянган хүн орчин үетэй танилцаж, бараа үйлчилгээг оригналиар нь хэрэглэж байгаа юмаа. Тодорхой хэмжээний мэдлэгээ ашиглаад орлого олох гэсэн хүмүүсийг хааж боох гэсэн төсөл оруулж ирж байж гавъяа гэж харах хэрэггүй" гэж эсэргүүцэв.

Ямартай ч тэрбээр  интернэтээр бараа захиалгыг хямд авч байгаа худалдаачдын эрх ашгийг боож, НӨАТ-ыг нэмж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан юм.

Х.Даваа