Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад өчигдөр ажлын айлчлал хийсэн билээ.  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд болсон бөгөөд Чингисийн талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, төрийн хүндэт харуул жагсч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг угтан мэндчилэв. Монгол Улс, ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэсний дараа хоёр орны Төрийн тэргүүн хүндэт харуул, угтсан  хүмүүстэй мэндчиллээ. Угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс оролцов.

Үүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны өмнө ирж Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа хоёр орны Төрийн тэргүүн ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийсэн. Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ онд манай хоёр ард түмэн Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Манай хоёр орны харилцаа он цагийн шалгуур, түүхэн үйл явдлуудаар  шалгарсан юм” гээд ОХУ-ын Ерөнхийлөгчид Монгол оронд тавтай морилохыг ерөөж талархал илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин эх орондоо найрсгаар хүлээн авч айлчлуулж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд  цаг үеийн шалгуураар шалгагдсан хоёр орны харилцааны нэгэн тод хуудас нь Халхын голын байлдааны ялалт гэдгийг онцоллоо. Мөн Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны харилцааны чухал асуудлуудаар харилцан ярилцах боломж олгосонд талархал илэрхийлсэн юм.

Ганцаарчилсан уулзалтын дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс, ОХУ-ын харилцаа өнө эртний түүхтэй, цаг хугацааны шалгуур дааж гарсан онцгой нөхөрсөг, найрамдалт харилцаа юм. Таны айлчлал Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойтой давхцаж байгаа нь үүний нэг нотолгоо юм. Ерөнхийлөгч танд болон танаар дамжуулж Оросын анд нөхдөдөө ялалтын баярын мэнд хүргэе. Халхын голын байлдаанаар гагнагдсан манай хоёр орны найрамдал Эх орны дайны жилүүдэд болон чөлөөлөх дайны үеэр улам батжин бэхжсэн. Монголын ард түмний эрх чөлөө, эрх чөлөөт аз жаргалтай амьдралын төлөө алтан амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг монголчууд бид үргэлж бахархан дурсч байдаг.  Хоёр орны ард түмэн зөвхөн дайны цагт ч биш, энхийн бүтээн байгуулалтад ч хамтран бүтээж байснаар бид бахархдаг. Владимир Владимирович таны хэлснээр бид дайны талбарт ч, энхийн цагт ч, сансарт ч хамт байсан баялаг түүхтэй. Таны айлчлал манай хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээнэ гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улс ОХУ-тай бүх салбарт харилцаагаа өргөжүүлэхийн төлөө байна. Владимир Владимирович танд болон таныг дагалдан яваа хүмүүст Монгол оронд тавтай саатан морилохыг хүсье” гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн үгэндээ “Маш их баярлалаа. Эрхэм Ерөнхийлөгч, Монгол анд нөхөд өө, Юуны өмнө намайг Монгол Улсад айлчлахыг урьсанд талархал илэрхийлье. Манай хоёр орны харилцааны гол үйл явдлын нэг болох Халхын голын байлдаанд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойтой энэ айлчлал давхцаж байна. Энэхүү тулалдаанд мөр зэрэгцэн тулалдаж Монгол орны бүрэн эрхт байдал, эрх чөлөөг хамгаалсан Монгол-Зөвлөлтийн дайчдын гавьяа, баатарлаг үйлсийг бид мартахгүй. Эх орны дайны жилүүдэд Монгол Улсаас үзүүлсэн тусламжийг бид өндрөөр үнэлдэг. Эрхэмсэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг 2015 онд Москва хотноо болох Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд хүрэлцэн очиж оролцохыг урьж байна. Хоёр орны харилцаа цаашид хүмүүнлэг, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засаг зэрэг бүхийл салбарт өргөжин хөгжих боломжтой. Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд хоёр орны харилцааны асуудлуудаар Улаанбаатарт ярилцах бололцоо олгосонд баярлалаа” гэв.

Үүний дараа өргөтгөсөн хэлэлцээнээс гарсан шийдвэрүүдийн үр дүнд гаргасан баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар болон холбогдох байгууллага хооронд дараахь баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:

 

  1. Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  2. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  3. Ойг гал түймрээс хамгаалах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  4. Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг
  5. Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр
  6. Хамтран ажиллах тухай хоёр улсын Хууль зүйн яам хоорондын хэлэлцээр
  7. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын санамж бичиг
  8. Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай хоёр улсын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын санамж бичиг
  9. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, ”Газрын тосны Роснефть” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр
  10. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол
  11. Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Сангийн яам, ОХУ-ын Холбооны төрийн сан хоорондын санамж бичиг
  12. Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын санамж бичиг
  13. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлаг хоорондын санамж бичиг
  14. Хамтран ажиллах тухай “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын санамж бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.

Үүний дараа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр хоёр улсын  төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,

Өнөөдөр манай оронд айлчлан ирж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийж хоёр талын сонирхсон асуудлаар нөхөрсөг, нээлттэй санал солилцож чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа.  Монгол Улс, ОХУ-ын харилцаа бол уламжлалт, нөхөрсөг, найрамдалт харилцаа юм. Энэ харилцаа бол цаг хугацаа, түүхэн сорилтоор шалгагдсан харилцаа юм. Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ цаг мөчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлан ирсэн явдалд бид туйлын талархалтай байна. Манай орны халдашгүй дархан байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа үл хайрлан тэмцсэн Орос, Монголын дайчдын түүхэн гавъяаг бид үүрд дурсаж байх болно.  Дайчин нөхөрлөлийн хүчийг бид дэлхийд харуулж чадсан. Монгол Улс, ОХУ-ын дайчин нөхөрлөлөөр гагнагдсан найрамдал хамтын ажиллагаа энх цагт ч их бүтээн байгуулалтад өрнөн үргэлжилсэн юм. Бид Оросын анд нөхөдтэйгээ тогтоосон бүтээлч нөхөрсөг харилцаагаа манай хоёр орны ард түмний нандин ололт, чухал өв гэж үздэг. Өнөөдрийн Таны айлчлал ч хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг бид харж байна.  Би Владимир Владимировичтай хоёр орны харилцааны суурь, мөн тулгамдаж байгаа  асуудлууд болох дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн, худалдаа эдийн засгийн, санхүү хөрөнгө оруулалтын, хүмүүнлэгийн салбарт болон, олон улс, бүс нутаг, гурван талт харилцааны зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож тодорхой үр дүнд хүрч чадлаа.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж байгаа айлчлал нь цаг шахуу ч маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болж байна. Энэ айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар, яам, албаны байгууллага, хамтарсан аж ахуйн нэгжүүдийн хооронд 15 хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол энэ айлчлалын өндөр ач холбогдол, агуулгыг илтгэн харуулж байгаа юм. Эдгээрээс манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдсэнийг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна. Одоо иргэддээ хил гаалийн үйлчилгээг түргэн  шуурхай, чирэгдэлгүй үзүүлж, хоёр талын боомт гарцыг шинэчилж, заримынх статусыг олон улсын зэрэглэлд хүргэх талаар ажиллах хэрэгтэй байна. Мөн УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдлүүлэх зэрэг хамтын ажиллагааны гол зарчмуудаа тохирч чадлаа. Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлж энэ ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцлоо. Мөн төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулах талаар ярилцлаа. Хоёр орны худалдааны тэнцвэрт харьцаа хэт зөрүүтэй байгаад бид анхаарал хандууллаа. Хоёр улсын худалдааны нөхцлийг нэн тааламжтай болгож 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцлаа. Мөн Монголд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын зах зээлд 20 жилийн хугацаатай татвар, гаалийн хураамжгүйгээр, хэмжээ харгалзахгүй нийлүүлж байх гэрээ хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэх саналтай байгаагаа би илэрхийллээ. Мөн хоёр талын худалдаанд өөрийн мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглах, харилцан солилцоо хийх, худалдааны хэмжээтэй дүйх рублийн зээл авах талаар ярилцлаа. Мөн хоёр тал хамтарч тодорхой чиглэлээр сургууль, сургалтын төв байгуулах, урлаг соёл, спорт, хэвлэл мэдээллийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Цаашид цаг алдалгүй байгуулах гэрээ хэлэлцээр, баримт бичгийн болон харилцааны асуудлаар тодорхой санал хоёр талдаа гаргаж ойрын үед болох айлчлал, арга хэмжээний үеэр шийдвэрлэхээр тохиролцлоо. Мөн манай хоёр орны цэрэг, цэрэг техникийн уламжлалт харилцаа хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаад бид сэтгэл хангалуун байна. Ирэх жил болох Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн баярын парадад Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оруулах талаар ярилцлаа. Мөн яриа хэлэлцээний үеэр олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтарч ажиллах, бүс нутгийн аюулгүй байдлын болон гурван талын дээд хэмжээний Улаанбаатарын уулзалтын талаархи манай санаачлагыг ОХУ-ын тал ойлгон хүлээн авч байгаад баяртай байна. Би ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён В.В.Путиныг манай оронд бүрэн хэмжээний төрийн айлчлалаар дахин саатан морилохыг урилаа. Эрхэмсэг Ерөнхийлөгч Владимир Владимировичийн энэ удаагийн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлэн бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг би онцлон тэмдэглэхийг хүсэж байна” гэв.

Монгол улсын Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлсэн юм.  Тэрбээр: “Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Энэ айлчлал болон ноён Ц.Элбэгдоржтой бидний хийсэн хэлэлцээ бүхэлдээ хоёр орны харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлын нэг болох Халхын голд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулагдсан юм. Бидний хамтын түүхэн өв уламжлалыг ийнхүү нандигнан хүндэтгэж байгаа Монгол Улсын төр, засаг, ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье. Ийм хандлагын яруу тод жишээ бол энэхүү түүхт ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээнүүд юм. Өнөөдөр бид эдгээр арга хэмжээний нэгд оролцох болно.  Хамтын түүхэн ой дурсамж, өнгөрсөн үеийн баатарлаг хуудсууд бол Орос-Монголын өнөөгийн харилцаагөөр хоорондын хүндэтгэл, итгэлцэл, найрамдлын үзэл санааны үүднээс хөгжүүлэх сайхан үндэс мөн. Бидний нийтийн зорилт бол ОХУ, Монгол Улсын ард түмний тусын тулд хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийн төлөө тодорхой алхмууд хийх явдал юм гэж Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр хэлэлцээний явцад санал нэгтэй тэмдэглэлээ. Бид Орос, Монголын стратегийн түншлэлийн гол гол чиглэлийг нарийн тодорхой хэлэлцлээ. Үүнийг юуны өмнө худалдаа, эдийн засгийн салбарт бэхжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөг тодорхойллоо. Хэлэлцээний үр дүнг харгалзан ноён Ц.Элбэгдорж бид хоёр цаашид хамтран ажиллах талаар тодорхой Замын зураг бэлтгэхийг яамдад даалгах болно. Энэ баримт бичиг шинэ шинэ үйлдвэрлэлийг бий болгох, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг урамшуулах, хүмүүнлэгийн хэлхээ холбоог өргөтгөхөд чиглэх болно. Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр  бид тохиролцлоо. Төмөр замын сүлжээг өргөтгөснөөр баялаг ихтэй ч хүрэхэд бэрхшээлтэй уул уурхайн орд газруудыг ашиглах тээврийн хүчин чадлыг нэмэх болно. Уул уурхайн салбарт хуримтлуулсан баялаг туршлагаа бид цаашид ашиглах бүрэн боломжтой. Үүнд Азийн хамгийн том зэс, молибдений үйлдэрлэлийн нэг болох хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг нэрлэж болно. Мөн түүнчлэн алт үйлдвэрлэгч Монголросцветмет компанийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хоёр компани Монгол Улсын ДНБ-ний 20 хүртэлх хувийг хангаж байгаа бөгөөд тэдгээрийн технологийн иж бүрэн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. Агаарын тээврийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Үүнд тус дөхөм болох ёстой хоёр баримт бичиг бол Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай протокол, нислэгийн маршрутын сүлжээг өргөтгөх тухай яам хоорондын санамж бичиг юм. ОХУ уламжлал ёсоор Монгол Улсад цахилгаан эрчим хүч найдвартай нийлүүлж ирсэн бөгөөд Монгол орны хэрэглээний долоон хувийг хангадгаараа эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн тавцанд гол компанийн нэг болох Роснефть компани нь Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний ихэнх хувийг хангаж, Улаанбаатарын Олон улсын нисэх онгоцны буудлыг шатахуунаар хангаж байгаа юм. Үүнээс гадна Роснефть компани Монголын зах зээлд оролцоогоо өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Монгол Улсад ГАЗ, Урал зэрэг Орост үйлвэрлэсэн автобус, автомашиныг сайн мэддэг. Манай машин үйлвэрлэгчид бүтээгдэхүүн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодолтой байна. Бидний хэлэлцээний явцад эрхэмсэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны худалдааны харилцаа тэнцвэргүй, Оросын талд давуу байгааг тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын бүтээгдэхүүнд тавигдаж байгаа хязгаарыг цуцлах хүсэлт тавьсны дагуу бид ажиллаж судалж үзэх болно. Монгол Улс нь ОХУ-ын талын мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангасан нөхцөлд Оросын зах зээлд ихээхэн хэмжээний мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Хоёр орны мэргэжилтнүүд энэ тал дээр ажиллаж байгаа. Нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Хэлэлцээний явцад хүмүүнлэгийн харилцаанд бид мөн ихээхэн анхаарал тавилаа. Боловсрол, соёл, иргэд харилцан зорчих зэрэгтэй энэхүү харилцаа холбоотой юм. Улаанбаатарт ОХУ-ын гол тэргүүлэх их сургуулийн нэг болох Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар амжилттай ажиллаж байна. Өнөөдөр Роснефть компанитай байгуулсан хэлэлцээр энэ талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно. Мөн иргэд харилцан визгүй зорчих талаар хэлэлцээрийг өнөөдөр байгуулсан нь ач холбогдолтой юм. Бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа ч чухал ач холбогдолтой. Олон улсын харилцааны хүрээнд ч бид үйл ажиллагаагаа харилцан зохицуулах болно. НҮБ, ШХАБ зэрэг олон улсын гол тавцан дээр ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Өнөөдөр бидний хийсэн хэлэлцээ хоёр талын хооронд олон чиглэлд үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чиглэж байгааг харууллаа. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биднийг зочломтгой хүлээн авсны зэрэгцээ хоёр талын мэргэжилтнүүд энэ айлчлалыг маш сайн бэлтгэн хэрэгжүүлсэнд талархаж байна. Баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, түүний гэр музейг үзэж сонирхлоо. Маршал Г.К.Жуков нь Халхын голын байлдааны үеэр цэргийн ур чадвар нь тодорсон жанжин хэмээн тооцогддог.  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг хөшөөнд цэцэг өргөх үеэр Цэргийн дуу, бүжгийн чуулгынхан ая дуугаа өргөж, хоёр орны дайчин найрамдлыг дурслаа.

Үүгээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол улсад хийж байгаа ажлын айлчлал өндөрлөсөн бөгөөд түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, албаны бусад хүмүүс гаргаж өгсөн юм.