“Мэдээллийн цаг”-ийн үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн айлчлалыг дүгнэв.

Тэрбээр "Хамгийн сүүлд 2012 онд АНУ-ын Төрийн нарийн бичиг Монголд айлчилсан. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа Жон Керри Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хувьд Монгол болон Америкийн харилцааны төвшнийг илтгэсэн чухал айлчлал болж өнгөрсөн. Айлчлалын хүрээнд улс төрийн болоод соёлын маш олон асуудлуудыг хэлэлцсэн. Тэдгээрээс одоо анхаарал тавьж байгаа асуудал бол АНУ-тай харилцах эдийн засгийн харилцаа болоод байна. Тиймээс Америк Монголын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахаар эрмэлзэн ажиллаж байгаа. АНУ-ын зүгээс Монголд уул уурхай, банк санхүүгийн салбараар дамжин 300 сая ам.доллартой тэнцэх хөрөнгө орж ирж байгаа нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсын хувьд чамлалттай бага хэмжээтэй юм. Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан. Айлчлал маш амжилттай боллоо" хэмээн онцолсон юм.

Харин АНУ-ын визний асуудлын талаар "АНУ-ын иргэд манай оронд 1994 оноос хойш визгүй зорчиж байна. Иймээс харилцан тэнцүү байхын тулд манай иргэдийн авах визний асуудлыг хөнгөвчлөх ямар боломж байгаа тал дээр Америкийн талтай ярилцаж байгаа. Иргэдийн зүгээс дансны хуулбар, боловсролын диплом гэх мэт визний бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх явдал тасрахгүй байгаа" гэлээ.

Түүнчлэн визний зөвлөгөө өгөх нэрийдлээр хуурамч бичиг баримт гаргадаг хүмүүсийн үйлдэл нь эргээд олон хүний эрхийг зөрчиж байгаа учраас ард иргэдийг энэ төрлийн үйлчилгээнд итгэж зөвлөгөө авч болох нь зүйн хэрэг боловч хуурамч бичиг баримттай холбоотой хэрэгт орж, хар тамга даруулахаас зайлсхийхийг анхааруулав.