Xэдхэн жилийн өмнө аавынх маань Биокомбинатад амьдардаг байв. Амралтын өдрүүдэд аавындаа зочлохдоо энхэл, донхол замаар эгээ л элэг бөөрөө гаргачихалгүй шиг очдог байлаа.

 

 

Тэр үед Биокомбинатын зам гэж ёстой там байсныг олон хүн мэднэ. Тэр хавийн карьерын том оврын, хүнд даацын машинууд өдөржин холхидгоос тэрүү, олон жилийн нар бороонд элэгдэж, хүний гар хүрэлгүй удсанаас болсон уу ёстой л “бөмбөгдүүлсэн” юм шиг замаар Биокомбинатынхан зорчиж, гэртээ хүрдэг байсан юм. Аргагүй ч биз, Ардын намын дарга нар нийслэлийн гэр хорооллыг бүү хэл хотын төвийнхөө замыг шинэчилж, ачааллыг нь буруулах тал дээр ажиллаж байгаагүй хойно. Машин тэргээ эвдэх, эд хөрөнгөөрөө хохирох наад захын асуудал. Цаашлаад уг зам дээр аваар осол ч багагүй гардаг байсан юм. Энэ замаар нийслэлийнхэн дангаараа явдаггүй. Биокомбинат, Шувуун фабрикт оршин суугчид болон Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн, Дундговь аймгийн Адаацаг, Сайхан-Овоо, цаашлаад Өвөрхангайн Уянга зэрэг олон аймгийн сумд руу зорчигчид тус замаар явахдаа үгээ хэлж, үстэй толгойгоо мааждаг байсан нь саяхан даа.

 

Анх 1972 онд Нисэхийн товчооноос Биокомбинат хүртлэх авто зам тавьж, харин Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд түүнээс хойш ганц удаа ч их засвар хийгээгүй Ардчилсан намтай “золгож”. Харин Ардчилсан нам Засгийн эрхэнд гарч, Хан-Уулд ардчилалын залуу удирдах болсноор иргэдийн болон нийслэлийн дарга нарын толгойны өвчин байсан Биокомбинатын замыг шинэчилж гоёсон нь энэ юм.

 

 

Нийслэлийн болон дүүргийн хөрөнгө оруулалтаар Нисэхийн товчоо-Бикомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 километр 99.2 урт метр гүүрийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр өнөөдөр хотын хамгийн баруун урд зах болох биогийнхон толь шиг замаа Тожоо жолооч шиг давхилдах болжээ.

 

Шинэ замыг дагаад гэрэлтүүлэгч олноор байршуулжээ. Өдгөө нийслэлийн гэр хорооллын гудамжинд шөнө болохоо байж. Замаа дагаад орчин нөхцөл нь сайжрахын хэрээр гэмт хэрэг, хэрэг зөрчил буурч, иргэд айдас хүйдэсгүй амьдрах болсныг Биокомбинат, Шувуун фабрикт оршин суугчид хэлж байна. Замыг нь шинэчилснээр нийтийн тээврийн үйлчилгээ болон нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, өмнө нь хоёр цагийн зайтай явдаг байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобуснууд өдгөө 30 минутын зайтай үйлчилж байна. Түүнчэн замыг нь зассанаар тэнд амьдарч байгаа иргэдийн хашаа байшин газрын үнэд эерэгээр нөлөөлөх болсон гэнэ. Өмнө нь үнэд хүрдэггүй байсан Биокомбинат, Шувуун фабрикт хашаа байшин худалдан авч, ногоо цагаа тарих, гахай тахиа үржүүлж, жижиг аж ахуй эрхлэх сонирхолтой хүмүүс ч нэмэгджээ. Энэ бол зам дагаж хөгжил гэдгийн тод жишээ.

 

Хотын төвийн алслагдсан гэр хороолол хэмээн ад үзэгдсэн Биокомбинат, Шувуун фабрикт амьдрах сайхан боломжийг олгохын төлөө Хан-уул дүүргийн залуухан засаг дарга Ж.Ганхуяг өнгөрсөн найман жил хичээж ажилласны хүчийг иргэд ийнхүү мэдэрч байна. Хийсэн зүйлтэй хүний хэлэх үг ч бардам байдаг гэж.

 

 

Д.Батсайхан

www.24tsag.mn