УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Улмаар УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар, Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар томилов.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох эсэхийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Найр наадам, хурал цуглаан дууслаа. Монгол улсыг эдийн засгийн хямралаас гарах их ажил байна. Амжилт хүсье. Л.Оюунхорол гишүүнийг дэмжиж байна. Бидэнд нэг алдаа байна. Байгаль орчноо хөгжүүлээд аялал жуулчллаа мартаад байдаг. Аялал жуулчлал төсвийн бага хувийг эзэлдэг. Хэнтий, Архангай, Хөсвгөл зэрэг аймгийн аялалын бүс болгох хуулийн төсөл боловсруулаарай. Гадаадаас зочид буудал захиалж болох зэрэгт анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Ажлын амжилт хүсье. Монгол улсын нийт газар нутгийн 77.2 хувь нь цөлжиж байгаа. Цөлжилттэй тэмцэж, том машинуудыг тусгай замаар явуулдаг болгохгүй бол Дорнодын тал битүү шороо боллоо. Нөхөн сэргээлтэд анхаарахгүй бол энд тэнд ухсан нүх их байна. Улаанбаатар хотод агаарын бохирдолд онцгой анхаармаар байна. Өдөрт 2500- 3000 тонн хог гарч байгаа. Хөрсний бохирдол их байна. Усны асуудал их хүнд байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: МАН анхны ялагдлаа гэсэн гарчигтай мэдээлэл гарсан. Би тэгж яриагүй. Хүний яриаг мушгимааргүй байна. Хоёр асуулт байна. Төв аймгийн Заамар гэж сайхан хангай бий. Тэнд өнөөдөр аймшгийн болсон. Нутгийн уугуул иргэдийнхээ эрх ашгийг хамгаалаарай. Газрын хэвлийг ухах биш, дээр нь таван малаа хариулж ирсэн ард түмэн. Туул голын бохирдлын асуудал. Өнөөдөр Туул голын усыг гүйцэд цэвэршүүлж чадахгүй байна. Бид нар голынхоо эх дээр нь бохирдуулж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барихад та дэмжих үү?

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Байгаль орчноо хамгаалах чин сэтгэл зүтгэлтэйг тань байнгын хороон дээр хэлж байгаа үгнээс тань харсан. Бид байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах вэ? Гэдэгт би таньтай санал нэг байгаа. Байгаль хамгаалах нь салбарын төдийгүй Монгол улсн иргэн бүрийн чин сэтгэл хэрэгтэй. Нутгийн иргэдийн оролцоотой, тэднийг дэмжсэн бодлого явуулах замаар байгаль хамгаалах чиглэлээр ажиллах хэрэгтэй гэж боддог. Хамтран ажиллахад бэлэн.

Төв цэвэрлэх байгууламжийг дахин шинээр барих асуудалд ЗГ анхаарч ажиллаж байгаа.

Үүгээр гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураасан. Улмаар УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томиллоо.

 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол намтар:

 

Төгссөн сургууль, мэргэжил

1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль

1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр

2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол

Боловсрол судлалын ухааны доктор, дэд профессор

Ажилласан байдал

1986 - 1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш

1987 - 1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч

1989 - 1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга

1990 - 1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч

1991 - 2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор

2000 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004 - 2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч

2008 - 2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2014 - 2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд

Шагнал

1994 онд Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан

2000 онд Алтангадас одон

2006 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан

2006 онд Хууль зүйн тэргүүний ажилтан

2004 Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан

Монгол Улсын гавьяат багш