Эрх баригч АН-д жигүүр ургасан. Намын удирдлагуудынхаа дохио зангаагаар ажиллахгүй гэдгээ шинэхэн бүлэглэлийнхэн эхнээсээ шуудхан мэдэгдэж, зарим нэг нь бүр олигархи буюу улс төр, бизнесийн бүлэглэлүүд нам гэдэг институцийн далбаанд зохион байгуулагдаж өөрсдийн эрх ашгаа гүйцэлдүүлдэгийг “илчлэв”. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ныгишүүн Ж. Батзандан  “Намын гишүүнчлэл гэдэг балай тогтолцоог байхгүй болгохын төлөө шинэ жигүүр “дэвэх” хэрэгтэй” гэв.

  УИХ-ын гишүүн асан, Баян-Өлгий аймгийн АН-д нөлөө бүхий эрхэм А.Мурат “АН-д хийгдэх ёстой шинэчлэл их байна. Одоогоор өөрчлөх үйл явц өнгөцхөн, косметик төдий байгаа” хэмээн шүүмжиллээ. Эрх баригч хүчинд шинэ жигүүр мэндэлсэн нь нийгэмд Төрийн ордны гадна буу тавьсан дайны сүрдуулиантай сонсогдохгүй ньмэдээж. Гэхдээулс төрийн хүрээнд бол асуудал өөр талаасаа илүү тод харагдаж эхэлж байх шиг байна.Өөрөөр хэлбэл, одоогийн АН бол 2000 оны сонгуулийн дараа үүссэн улстөрийн зайлшгүй нөхцөл байдал буюу  таван намын нэгдлийн үр дүн бөгөөд тэрхүү бие даасан намын шинж нь өнөө хэр фракц хэлбэрээр бодитой оршиж ирсэний нэгээхэн илрэл нь энэхүү жигүүр гэж үзэх хүн байгаа юм.

  Эрх баригч намд жигүүр ургахтай зэрэгцэн үнэртэж эхэлсэн өөрчлөлт нэртэй хагарлын салхи Нийслэлийг чиглэж айсуй. НИТХ-д АН 26 суудалтай. Олонхиороо асуудлыг шийдэх үнэмлэхүй эрхтэй ажиллаж байгаа. Тэгээд ч Хотын шинэ удирдагууд зуун хувь АН-аас сонгогдож томилогдсон. Тэр ч эрхээ эдлэн хуульд нийцэх эсэхийг үл хамааран намын эрх ашигт нийцүүлэн тогтоол, шийдвэрүүдийг “машин”-дах болсон энэ үед хотын удирдлагууд өөрсдийн гараар намын бүлгээ хагаралдуулж, өөрийн хүнийг бүлгийн дарга болгох гэсэн шахаагаар намрын улс төрийн шоу үргэлжлэх нь. Энэ сарын 24-ны өдөр хуралдсан НИТХ дахь АН-ын бүлгийн хурал ширүүхэн уур амьсгалтай болж өндөрлөсөн. Нийслэлийн Чуулганы өмнө хуралдсан АН-ын бүлгийн хурлын үеэр нэр бүхий хурлын төлөөлөгчид бүлгийн даргаа өөрчилж, оронд нь Ерөнхийлөгчийн зөвлөхийн алба хашдаг Ц.Баатархүүг болгох шахааг намын нөхдөдөө үзүүлжээ. Бүлгийн шинэ даргад нэр нь сонсогдож эхэлсэн Ц.Баатархүүг дэмжиж байгаа төлөөлөгчид байгаа ч эсэргүүцэж байгаа нь олонхи байгаа тул АН-ынхны дунд томоохон талцал үүсээд байна. Бүлгийн хуралд Хотын захирагч Э.Бат-Үүл, хурлын дарга Д.Баттулга нар оролцож маргааныг ил дэмжсэн өнцгөөс асуудалд хандсан нь хурлын төлөөлөгчдийн тунд “том” хагарлыг эхлэлийг тавьжээ.

  2012 оны УИХ-ын сонгуулиар АН хэдийгээр олонх болж дангаараа засаглах хэмжээнд хүрээгүй ч гэлээ Үндсэн хуульд заасны дагуу бусад нам эвсэлтэй нэгдэж эрх барих болсон. Үүнээс хойш АН дахь фракциуд том эрх ашиг дээрээ нэгдэж, дотоод эв түнжингээ хичээж ирсэн ч дотоод дахь хагарлаа үүнээс цааш дарж чадахаа больсон нь намд жигүүр ургаснаас ил гарлаа. Жигүүрт “Алтангадас” МоАХ-ны төлөөллөөс гадна Кроун, МҮДН-ынхан багтжээ. Тус нам дахь энэ үзэгдлийг улс төрийн хүрээнийхэн эрх мэдлийн төлөөх ашиг сонирхолтой холбож тайлбарласан бөгөөд, “Засгийн газрыг огцруулах сонирхол АН-д байна. Дараагийн Ерөнхий сайд бол Д. Бат-Эрдэнэ” (бас Х.Баттулгын нэр ч дуулдаж буй)  гэдэг мессэж нийгэмд үе үе тархах болсон нь шинэ, хуучин бүлэглэлүүдийн үйл ажиллагаатай холбоотой байж мэдэх л юм. АН-д сүүлд ургасан жигүүр Н.Алтанхуягийн засгийг ганхуулдаггүй юм гэхэд танхимаас нь суудал нь өнцөгдөөд байгаа ганц нэг сайд нарыг сугална гэж улс төр судлаачид үзэж байна. Нийслэлийн дайрсан хагарлын салхи Хотын даргын гоёмсог суудлыг ихээхэн ганхуулж ч мэднэ гэлцэнэ.