Ус цаг уур, орчин шинжилгээний газраас ойрын өдрүүдэд цочир хүйтрэх цаг агаарын төлөвтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх мэдээлэл өглөө. 

Энэ үеэр ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Сибирээс шилжин ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр шөнөдөө ихэнх нутгаар өдөртөө нутгийн зүүн хагаст цас орно. Өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Салхи секундэд 18-20 м/сек, зарим үед 24 м/сек хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур энэ сарын 30-ны өдрийг хүртэл 10 гаруй  хэмээр чангарч, шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн зэрэг томоохон голуудын хөндийгөөр 35-40 градус, бусад нутгаар 19-34 градус хүрч хүйтэрнэ. Харин нийслэлд өнөө шөнө цас орж шуурна. Маргааш өдөртөө агаарын температур 10 гаруй градусаар сэрүүсэж, 22-24 градус хүйтэн байна  гэж дурдагдлаа.

Цас орж, хүчтэй салхи шуурах тул зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах тул урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авахыг Ус цаг уур, орчин шинжилгээний газраас анхаарууллаа. Харин ОБЕГ-аас хүчтэй салхи шуургатай гэсэн анхааруулга мэдээг олон нийтийн хэрэгслээр тараасаар байхад иргэд орон нутгийн замд ямар ч бэлтгэлгүй зорчиж, амь нас эд хөрөнгөө эрсдэл оруулдаг.

Тиймээс маргаашнаас буюу нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд аль болох холын замд гарахгүй байхыг санууллаа.

Гэвч иргэд холын замд гарсан үед ямар нэгэн осол, саатал гарвал Онцгой байдлын Ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд хандаж мэдээлэл авах, өгөхийг зөвлөж байна.