Их сургууль их сурахын эх; сургуулийн их нь юм. Их сургууль, иймд, эрдмийн л эрэмбэтэй байдаг. Их сургууль, иймд, шилдэгийн шилдэг нь тэсэж чадах талбар болдог.
 
Их сургууль, иймд, мэдлэг, эрдэм ухаан, арга замыг нэмдэг, залуусыг бүтээгч болгодог оюуны үйлдэрлэлийн онцгой салбар юм. Их сургууль, иймд, улс орон мандан бадрахын оч, гэрэл, хүч, тулгуур нь байдаг.
 
Гэвч ардчиллын гэх алийгаа алдсан он жилүүдэд манай улсын их сургуулиуд их сургуулийнх гэх энэ мөн чанараа аль хэдийн алджээ. Тэр, одоо, намчирхалын талбар, мөнгө хүүлдэг газар болсон байна. Тэр, одоо, дурын дундажийн дураар дургидаг авилгалын салбар болсон байна. Тэр, одоо, хамгийн гайтай нь, цэл залуусыг ажилгүйчүүд болгон хувиргаж гэр бүл, нийгэмд ядуурлыг нэмдэг хулхи үйлдвэр болсон байна.
 
Их сургуулийг ингэж алийг нь алдуулахад энэ улсад эргүүтэл, мунхаглал л өдрөөс өдөрт өргөжин хөрсжиж байх. Их сургууль нь ингэж их эргүүтэл болж хувирсан улсыг их дэвшил биш, харин, гагцхүү их доройтлын зам тосож байдаг.
Их дэвших үү, бүр улам доройтох уу?
 
 
Ц.Лувсандорж